Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр оролцож, мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тун хийлгэсэн иргэдийн 0.5 хувь нь буюу 9000 орчим хүн коронавирусийн халдвараар өвчилсөн.
Харин хоёрдугаар тунд хамрагдсаныхаа дараа 3000 гаруй иргэн халдвар авсан байна. Иймд вакцины бүрэн тун хийлгэснийхээ дараа ч өвдөх эрсдэл байгааг иргэд анхаарах ёстой.
Түүнчлэн вакцины бүрэн тунгаа хийлгээд 14 хоног өнгөрсний дараа 900 гаруй хүн халдвар аваад байна. Бид одоогоор тухайн халдвар авсан иргэдийн дунд хүндрэл гарч байгаа эсэхэд судалгаа хийж буй.
Коронавирусийн эсрэг вакцин нь нэгдүгээрт халдвараас хамгаална. Хоёрдугаарт халдвар авсан тохиолдолд хүндрэхээс сэргийлнэ гэдгийг иргэд ойлгох ёстой. Тиймээс вакцины хоёр дахь тунгаа хийлгээд огт халдвар авахгүй гэсэн байдлаар хандаж байгаа нь буруу гэдгийг хэлье. Гол нь бид вакцины бүрэн тунгаа авсны дараа халдвар авсан хүмүүст шинж тэмдэг болон нас баралт гарч байгаа эсэхийг судалж байна.
Гэхдээ вакцин хийлгэснийхээ дараа халдвар авсан хүмүүс ихэвчлэн шинж тэмдэг багатай буюу хөнгөн хэлбэрээр өвдсөн тул гэрээр эмчлэгдэж байгаа” хэмээв.