Отрын малыг өөр аймаг, сумын нутгаас гаргаж бэлчээрийг чөлөөлөхтэй холбогдуулан энэ өвөл, хавар хорогдсон малын сэг зэмийг устгаж ариутгах ажлыг хийж эхлээд байна. Энэхүү ажлыг сумдын мал эмнэлгийн тасгууд, сумын Засаг даргын Тамгын газартай хамтран энэ сарын 24-31-нийг хүртэл зохион байгуулж буйг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Нийт, аймаг дундын отрын 9 бүс нутагт Аймаг дундын Отрын бэлчээр ашиглалтын захиргаа Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран хийж байна. Өнөөдрийн байдлаар Чойбалсан, Бага арганы бүсээс бусад аймаг дундын отрын бүс нутагт эхэлж, Говь-Сүмбэр аймгийн Малхын тал нутагт 1500 гаруй малын сэг зэмийг устгаж ариутгал халдваргүйтгэл хийгээд байна. Аймаг дундын отрын бүс нутгаас 431 мянга гаруй малыг чөлөөлөөд байна.
Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Төв аймагт нийт 1.2 сая мал хорогдсон нь малын зүй бус хорогдлын 86.6 хувийг эзэлжээ. Өнгөрсөн сарын мэдээллээр улсын хэмжээнд 1.4 сая мал хорогдсон нь оны эхний нийт малын 2.2 хувийг эзэлж байв.