Categories
гадаад мэдээ

TikTok-ийг үүсгэн байгуулагч огцрох болсноо зарлажээ

Дэлхий даяар тэрбум орчим хэрэглэгчтэй TikTok сошиал платформыг эзэмшдэг Bytedance компанийн үүсгэн байгуулагч 38 настай тэрбумтан Зань Иминь албан тушаалаасаа огцрох болсныг өчигдөр зарлажээ.

Тэрбээр гүйцэтгэх захирлын албан тушаалаа өөр хүнд шилжүүлж, урт хугацааны бодлого боловсруулах чиглэлд ажиллах болсноо мэдэгдсэн байна.

Сүүлийн үед Хятад улсын эрх баригчид тус улсын технологийн салбарын аварга компаниудад тавих хяналтаа чангатгасан нь үүнд нөлөөлсөн гэж ажиглагчид дүгнэжээ.

Тухайлбал өнгөрсөн сард Бээжингийн эрх баригчид Алибаба компанийг 18.2 тэрбум юаниар ($2.78 тэрбум) торгосон. Тус компанийн үүсгэн байгуулагч Жэк Ма олны нүдэнд ил гаралгүй удаж байна.

Өнгөрсөн сард монополийн хуулийг зөрчсөн шалтгаанаар эрх баригчид ByteDance компанийг торгож, нийгмийн хариуцлагаа ухамсарлахыг удирдлагуудад нь хатуу анхааруулсан юм. ByteDance-ийг оролцуулаад нийт 34 технологийн компанид ийнхүү хариуцлага тооцсон байна.

Зань Иминь компанийнхаа ажилчдад тараасан мэдэгдэлдээ “Үнэндээ миний менежэрийн ур чадвар хангалттай сайн биш. Би хүмүүстэй ажиллахаас илүү уншиж судлах, бодож тунгаах ажилд илүү сонирхолтой” гэж бичжээ.

TikTok платформ нь дэлхий даяар тэрбум орчим хэрэглэгчтэйн 100 сая гаруй нь АНУ-ын зах зээлд оногддог. ByteDance компани дэлхийн 30 улсад 60.000 гаруй ажилтантай юм.

Зань Иминий хөрөнгийн хэмжээг $36 тэрбум гэж тооцоолсон байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *