Йерусалем хотын Палестин дүүргээс арабуудыг албадан нүүлгэж, жүүд иргэдийг суурьшуулах болсноос үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн энэ долоо хоногт эрчимжиж байна.
Палестины захиргаанд байдаг Газын зурваст явган цэрэг оруулах шийдвэрээ Израйлийн засгийн газар өнгөрсөн шөнө зарлажээ. 7000 цэрэг татаж, хил дээрх цэргийн командлагч нарт бүх боломжит хувилбар, хурцадмал байдалд бэлтгэх үүрэг өгсөн байна.
Ингэснээр Араб-Израйлийн зөрчил мөргөлдөөн сүүлийн 20 жилийн хугацаанд байгаагүй хэмжээнд хүрч өргөжиж байна.
Сүүлийн дөрвөн өдрийн турш Газын зурвасаас палестины Хамас зэвсэгт бүлэглэл пуужин харваж, Израйлийн арми хариуд нь агаарын цохилт өгч байв.
Ингэснээр Ираны талыг баримтлагч Ливаны Хезболлах зэвсэгт бүлэглэл Израйлийн эсрэг хоёр дахь фронт үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлол үүсээд байна.
Газын зурвасаас харвасан пуужингуудын зарим хэсэг Тел Авив хотын захад хүрч, араб, жүүд иргэд гудамж талбайд тулгарч, үймээн самуун дэгдээж байна. Дэлхийн олон улс орны удирдагчид Израйль, Палестины талуудад мөргөлдөөнөө зогсоохыг уриалжээ. Египет улс талуудын хооронд зуучлагчаар ажиллаж эхэлсэн ч үр дүн муутай байна.
НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд энэ долоо хоногт хоёр удаа хуралдсан ч нэгдсэн тогтоол гаргахад нь АНУ-ын засаг захиргаа саад хийжээ.
Израйль улстай холбоотны харилцаатай АНУ ийм тогтоол үр дүнд хүрэхгүй гэж үзэж байгаа тул эсэргүүцсэн гэнэ. Аюулгүй байдлын зөвлөлийн 15 гишүүн орон бүрэн санал нэгдэж байж тогтоол гаргадаг журамтай.
Хамас бүлэглэл пуужин харваж эхэлсэн даваа гарагаас хойш Израйлийн арми Газын зурвас дахь гурван өндөр барилгыг их бууны галаар нураасан байна. Эдгээр барилгуудад Хамасын албан байрууд байдаг гэж үзээд энгийн иргэдийг нүүлгэх урьдчилсан анхааруулга өгсний дараа гал нээжээ.
Палестины талаас мэдээлснээр 87 энгийн иргэн Израйлийн армийн довтолгоонд амиа алдаж, 530 хүн шархдсан гэнэ. Амиа алдагсдын дотор 18 хүүхэд, найман эмэгтэй байсныг мэдээлжээ. Хамас бүлэглэл өөрийнх нь 13 дайчин алагдсаны дотор нэг командлагч байсныг мэдээлсэн байна. Харин Израйлийн тал исламист бүлэглэлийн илүү олон гишүүнийг устгасан гэж үзэж байна. Израйлийн талд долоон хүн амь үрэгдсэний дотор нэг цэрэг, нэг хүүхэд байгаа ажээ.