Categories
мэдээ нийгэм

Төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

Хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах, тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгохоор болов.

Мөн:
– Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа арга зүйч, багш, туслах багш, нийгмийн ажилтан
– Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн газарт ажиллаж байгаа асрагчид ажлаа хийх хугацаанд нь сар бүр үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдэл олгохоор боллоо.
Ингэснээр 120 орчим эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, 30 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, 28 асрагч нэмэгдэл авах юм. Шаардагдах хөрөнгийг энэ оны батлагдсан төсвөөсөө гаргах, цаашид жил бүрийн төсвийн төсөлд тусган санхүүжүүлэхийг сайд А.Ариунзаяа, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулахын тулд “Ногоон бүс” түр журмыг нэг сар мөрдөнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 05 дугаар сарын 6-7-нд Өмнөговь аймагт ажилласан тухай танилцуулгыг сонсов. Энэ дагуу:
– Хилийн бүсэд цар тахлын халдвар гарсантай холбогдуулан “Ногоон бүс” түр журмыг нэг сар бүрэн хэрэгжүүлж Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулах
– Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын технологийн асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцэн тохирч төмөр замын өртөө, шилжүүлэн ачих байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, тэдгээрийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх
– Тавантолгой-Зүүнбаян төмөр замын үлдэгдэл санхүүжилтийг ойрын хугацаанд үе шаттай шийдвэрлэж бүтээн байгуулалт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүлэх
– Хилийн боомтод Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулах саналыг судалж шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгалаа.
Товч мэдээ
– 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын Гаалийн албан татварыг хөнгөлнө. 120 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж, бордоо, бодисын жагсаалтыг хавсралтаар батлав.
– 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг НӨАТ-аас чөлөөлнө. 120 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг хавсралтаар баталлаа.
– “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт”-д нэмэлт оруулах талаар судлаж танилцуулахыг сайд З.Мэндсайханд даалгав. Худалдан авах ажиллагааг “Ерөнхий гэрээ”-гээр эрчимтэй зохион байгуулах, “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэнд жил бүр идэвхтэй, үр дүнтэй оролцож байхыг төрийн болон орон нутгийн өмчит бүх байгууллагад даалгав. Өнгөрсөн онд төрийн болон орон нутгийн 51 байгууллага 326 орчим тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээс худалдаж авснаа тайлагнасан байна. Энэ нь жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний нийт үнийн дүнгийн 98 хувь юм.
– Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайн, Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Хилийн 0166 дугаар ангийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Магнайн Батхуягийн нэрэмжит болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *