Categories
мэдээ нийгэм

М.Нямсүрэн: Орчны төлөвлөлт, тохижилтыг томчуудын хүрээнд төсөөлөн нормчлохоо больж, хүүхдэд тааламжтай, эрх нь хамгаалагдсан байхаар шийдэх нь зөв


БОАЖЯ, БШУЯ, Швейцарийн Хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний цахим чуулган амжилттай үргэлжилж байна. Чуулганы үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэнгийн илтгэл олны анхаарлыг татсан юм. Түүнтэй уг илтгэлийнх нь талаар ярилцлаа.



-“Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл” цахим нэгдсэн арга хэмжээнд танай байгууллагын оролцоо болон таны илтгэл олны анхаарал татлаа шүү?

-Энэ удаагийн цахим хэлэлцүүлэг нэлээд шинэлэг шийдэл, өргөн оролцоо, хамтын түншлэлд тулгуурласан үйл ажиллагаа болж байна. Манай байгууллага “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн Техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүн байгууллагаар ажиллаж байгаагийн хувьд “Хүүхдийн эрх, эрүүл аюулгүй, ногоон орчин” салбар хуралдааныг “Байгаль Орчин Мэдээлэл, Сургалтын Төв” ТББ-тай хамтран зохион байгууллаа.

Аливаа үйл орчноос төрдөг, ямар л орчин байна, түүнд харгалзсан үйлүүд төрж, тийм орчинд өссөн, сурсан хүүхдүүдийн хандлага төлөвшилд эерэг болон сөргөөр нөлөөлдөг жамтай. Тиймээс бидний зохион байгуулсан салбар хуралдаанаар Суралцагчийг тогтвортой хөгжлийн төлөө өөрчлөлт шинэчлэл хийх мэдлэг, туршлага, хүсэл зорилготой иргэн болон төлөвшүүлэхийн тулд сургуулийн сургалтын орчныг тэдний онцлог хэрэгцээнд нийцсэн эрүүл, аюулгүй ногоон орчныг бүрдүүлсэн байхаар хувирган өөрчлөх явдал нь нэн тэргүүнд анхаарал хандуулах асуудлын нэг бөгөөд түүнд талуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

-Аюулгүй, ногоон орчныг бүрдүүлсэн байхаар хувирган өөрчлөх гэдгээ дэлгэрэнгүй яривал?


-Хуралдаанаар бид өнөөгийн сургалтын орчны нөхцөл байдал, түүнийг ирээдүйн иргэдийн хэрэгцээнд тулгуурлан материаллаг нөхцөлөөс илүүтэйгээр тэдний сэтгэл зүй, виртуал хэрэгцээ, эко хэрэгцээтэй нь уялдуулах тухай болон сургалтын бус орчин хүүхдийн хөгжил хамгааллыг хэрхэн бүрдүүлэх талаар ярилцлаа. Өмнө нь бид бүхий л төлөвлөлт тохижилтын асуудлыг зөвхөн томчуудын хүрээнд төсөөлөн нормчилж, тийм л нөхцөлд хүүхэд сурах ёстой хэмээн тулгаж ирсэн бол ТХБ-ын зарчмаар хүүхэд залуучуудын оролцооны эрхийг чөлөөт байдлыг бий болгож тэдэнд тааламжтай байх, хүүхдийн эрх хамгаалагдсан байхаар шинэчлэл хийхийг зорих ёстой юм. Уг хуралдаанд Сургалтын орчин-Эрүүл ахуй, Сургалтын орчин-Өв соёл, Сургалтын болон сургалтын бус орчин-Хүүхдийн хөгжил, Сургалтын орчин-Стандарт, норм дүрэм гэсэн сэдвүүдийг хамруулж, МХЕГ, Соёлын яам, МУИС, Хүүхдийн зуслангуудын холбоо, Боловсролын төлөөх төрийн бус байгууллагууд, Сургууль, цэцэрлэгийн төлөөллүүдийг оролцуулсан юм.

-Та энэхүү цахим чуулганд “МХБ-ын боловсролын хяналтын шалгуур болон Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлагын өөрийн үнэлгээний тохиргоог сайжруулах арга зам, үр” гэсэн илтгэл тавьсан. Илтгэлээсээ сонирхуулахгүй юу?

-Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх үйл хэрэг дэлхий нийтээрээ, улс орноороо, байгууллага нэг бүр бүхэл бүтнээрээ ажиллаж байж амжилтад хүрнэ. Бид суралцагчдыг тогтвортой хөгжлийн төлөөх хувирган өөрчлөлтөд татагдан оролцож, түүнийг хэрэгжүүлэх мэдлэг, арга хэрэгсэл, хүсэл, эрмэлзлэл, эр зоригтой өөрчлөлтийн зуучлагч болгохын тулд сургалтын байгууллагууд өөрсдийгөө хувирган өөрчлөх шаардлагатай болж байна. Тиймээс бид сургууль өөрийгөө үнэлдэг Тогтвортой хөгжлийн боловсролын үнэлгээний шалгуурыг Мэргэжлийн хяналтын байгууллагын сургуулийн үйл ажиллагааг шалгадаг хяналтын хуудасны шалгуур үзүүлэлтэй харьцуулан судалж, тохирцыг сайжруулах ажил хийсэн тухайгаа хэлэлцүүлсэн юм. Ингэсний гол ач холбогдол нь үйл явцыг хэрэгжүүлэгч сургалтын байгууллага өөрийгөө үнэлэх замаар ахиц, үр дүнгээ тооцож байгаа тэрхүү шалгуур нь хөндлөнгийн хяналтын байгууллагын эрсдэлийг үнэлдэг шалгууртай ижил зорилго, агуулгатай байснаар ойлголцол нэг түвшинд байж нэг зорилго дээр нэгдэх ач холбогдолтой болохоос гадна үйлчилгээ авч байгаа сурагчид үр дүнг нь хүртэх юм. Үнэлгээний шалгуур нь хүүхдийн аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлж тэдний бие бялдрын хөгжил, хүйсийн ялгамжаатай байдал, тэгш оролцоог хангасан байхаас гадна сэтгэл зүйн хэрэгцээг хангасан байхаар агуулгын өөрчлөлт хийж байгаагаараа давуу талтай.

-Энэ чиглэлд танай байгууллагын сүүлд хийсэн шалгалтын дүнг сонирхож болох уу?

-Өнгөрсөн онд Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд боловсролын хяналтын чиглэлээр 186 ерөнхий боловсролын сургуульд хяналт шалгалт хийсэн №6.2. Ерөнхий боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудасны үнэлгээг нэгтгэхэд 2020 онд төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдсан ерөнхий боловсролын сургуулиудад 5177 зөрчил илэрсэн буюу эрсдэл үүсэх магадлал 27.19 хувьтай үнэлэгдсэн бөгөөд гүйцэтгэлийн хяналт шалгалтын мэдээллээр 1544 зөрчил бүртгэгдэж эрсдэл үүсэх магадлал 8.11 хувьтай байна. Түүнчлэн гүйцэтгэлийн хяналтаар 8.94 хувь буюу 463 зөрчлийг арилгуулсан. Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын тухайд ерөнхий шаардлага MNS6782:2019 стандартын хэрэгжилт шалгагдсан 99 объектын 46 хувь нь шаардлага бүрэн хангаагүй, зөрчилтэй үнэлэгдсэн. Дээрх хоёр хяналтын хуудасны бүлэглэл, шалгуур үзүүлэлтийг харьцуулан судлахад Тогтвортой хөгжлийн боловсролын цөм агуулга, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний үзүүлэлтүүд Мэргэжлийн хяналтын байгууллагын 6.2 хяналтын хуудаст тусгагдаагүй түүнчлэн сургуулиуд өөрсдийн идэвх санаачилгаар эко орчин бүрдүүлэх, экологийн ул мөрөө бууруулах чиглэлээр хийгдсэн ажлууд нь үнэлэгдэхгүй, дэмжигдэхгүй өнгөрөх байдал үүссэн нь ажиглагдлаа. Мөн түүнчлэн орчны аюулгүйн үзүүлэлтийг хүүхдийн эрх болон жендерт мэдрэмжтэй байдлаар зохицуулсан эсэхэд огт анхаарал хандуулаагүй дутагдал байна гэж үзэж сайжруулалт хийх ажлыг хийлээ.

-Энэ бүхнийг ерөнхийд нь дүгнэвэл?

-Нэгдүгээрт, ЕБС-ийн үйл ажиллагааг шалгах 6.2 кодтой хяналтын хуудасны дэд бүлгүүдийн нэршил агуулга болон нийтдээ 17 шалгуур үзүүлэлтийг БОМСТ-ын боловсруулсан СБААХ-ын шалгуураас авч өөрчиллөө. Мөн 12 шалгуурын утга найруулга, агуулгыг удирдлага, багш, ажилчид, суралцагчид тэдний эцэг эх, асран хамгаалагчдын эрх ашигт нийцүүлэн, хүний хөгжилд чиглүүлэн Тогтвортой хөгжлийн боловсролын зорилттой уялдуулан сайжрууллаа.

Хоёрдугаарт, “Сургалтын орчин бүлгийг өөрчлөх хувилбар”-ыг боловсруулан аймаг, нийслэлд ажиллаж байгаа 45 боловсролын улсын байцаагчдаар хэлэлцүүлэн санал авч нэгтгэн, хууль эрх зүйн үндсийг судлан тогтоож, МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газраар дамжуулан Шадар сайдын тушаалаар батлуулж, шилэн хяналтын цахим системд байршуулснаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургууль өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, сайжруулан боловсруулсан шалгуурын дагуу ажлаа үнэлүүлэх боломжтой болж байгаагаараа ач холбогдолтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *