Аймгийн хэмжээнд 15.0 мянган га талбайд үр тариа, үүнээс улаанбуудай 10.0 мянган га-д, малын тэжээл 3300 га-д, хошуу буудай үрийн зориулалтаар 200 га-д, тосны ургамал 1500 га талбайд тариална. Мөн төмс 264 га талбайд, хүнсний ногоо 139 га-д, жимс жимсгэнэ 69 га талбайд тариалахаар төлөвлөж байна.
Хаврын тариалалтын бэлтгэл ажилд зориулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих санд 2220 тн үр, 133 тн шатахуун, 45 тн бордоо, 37758 литр ургамал хамгааллын бодис, 50 литр үр ариутгагчийн захиалгыг хүргүүлжээ. Үүнээс гадна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Хөдөө аж ахуйг дэмжих” хөтөлбөр, “Нэг малчин – Нэг өвөлжөө – 10 ар /100×10 хэмжээтэй газар/” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд малчин өрхөд тэжээлийн ургамал тариалахад дэмжлэг болгож энэ онд 700 гаруй га талбайд тэжээлийн ургамал тариалах үр, техник, шатахууны дэмжлэг үзүүлнэ.
Мөн Өрх бүр тариаланч хөдөлгөөн өрнүүлж, 285 өрхөд хүнсний ногоо тариалахад нь үрийн дэмжлэг үзүүлнэ.
Хаврын тариалалтын бэлтгэл ажил 50 гаруй хувьтай байгаа бөгөөд тариаланчдыг Улаанбаатар хот, бусад аймгаас ирэхэд нь коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцин, PCR шинжилгээнд хамруулж /356 тариаланч/ улс, аймгийн Онцгой комисс, сумын удирдлагуудтай хамтран халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн тариалалтын ажлаа саадгүй явуулах нөхцөл боломжоор хангаж байна.