Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Пүрэвжаргал: Өнгөрсөн жил худаг дээр, энэ жил чингэлэг дээр гарч дууллаа


Хашаандаа бяцхан хэмжээний амьд тоглолт хийж буй залуугийн бичлэг сүүлийн хоёр хоног цахим орчинд тархаад буй. Тэрээр цар тахалтай энэ үед гэртээ байгаа хүмүүсийн сэтгэл санааг өргөх, бага ч гэсэн урам өгөх үүднээс хашаандаа байрлах чингэлэг дээрээ гарч дуулжээ.

Эерэг хандлага түгээж, дуугаараа бусдад урам өгсөн дуучин, номлогч Ө.Пүрэвжаргалтай ярилцлаа.


No description available.-Хөл хорионы тогтоосон энэ үед гэрээсээ гаралгүйгээр хөршүүддээ зориулж хоёр дахь удаагаа чингэлэг дээрээ гараад дууллаа. Энэ санааг анх хэрхэн гаргаж байв?

-“Street art” /гудамжны урлаг/-ийг хөгжүүлэхээр зүтгэж яваа болохоор өөрийн амьдарч буй 32-ын тойрогтоо дуулна гэсэн бодолтой явдаг байлаа. Тэгээд өнгөрсөн жил худаг дээр дуулсан. Хүмүүс их эерэгээр хүлээн авч байсан. Хөл хорионы энэ үед чингэлэг дээр гараад дуулахад тохиромжтой санагдсан. Анх лайв бичлэг хийхгүй гэж бодсон ч манай эхнэр 8 минутын бичлэг хийгээд олон нийтийн сүлжээнд тавьчихсан юм билээ. Тэр бичлэгийг хараад мэддэг болсон.

-Таныг номлогч гэж дуулсан. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Өлзийтийн Пүрэвжаргал гэдэг. 1987 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. 6 настайдаа Улаанбаатар хотод ирээд одоо эхнэр хоёр охинтойгоо амьдарч байна. Мөн “Адвентист чуулган”- д номлогч хийдэг. Шашин судлаачаар 5 жил сурсан. Одоохондоо дипломоо аваагүй байгаа. Миний үндсэн мэргэжил социалогич.

– Дуулахаас өөр олон төрлийн авъяастай юм билээ. Гар дээр 27 минутад 1000 суниасан гэж дуулсан шүү?

-Тийм ээ. Тэр үед шууд лайв хийж байгаад 27 минутад 1000 суниасан.

-Та худаг дээр дуулсан гэсэн шүү дээ. Анх олон хүнтэй газар дуулахад хүмүүс хэр хүлээж авсан бэ?

-Манай тэр хавийнхан намайг анддаггүй. Тэгээд л Жагаа маань дуулж байна гээд уйлах нь уйлаад, дуулах нь дуулаад маш сайхнаар хүлээж авсан. Мөн Багшийн дээдийн урд талын тунель болон Сансрын тунельд дуулж байсан. Гэхдээ Сансрын тунельд олон удаа очиж дуулсан.

-Ер нь хуучны дуунуудыг сонгож коверлодог юм байна. Нэг жанраараа дагнаж дуулдаг уу?

-Хуучны дуунууд гэдэг яахын аргагүй жинхэнэ бүтээл байдаг. Маш гоё аялгуутай. Үг нь хүртэл хүний сэтгэлийг учрааж чаддаг. Хүний амьдралтай холбогдсон гэгээлэг дуунууд байдаг болохоор их дуртай.

-Гудамжны урлагийг хөгжүүлэх хүсэлтэй гэсэн. Анх хэдэн оноос энэ чиглэлээр дуулах болов?

-Миний хувьд 2012 оноос энэ чиглэлээр дуулсан. Гэхдээ Монголд бол эртнээс хөгжсөн урлаг л даа.

No description available.-Анх чингэлэг дээрээ гараад дуулахад хүмүүсээс ирэх тэр мэдрэмжийг төсөөлж байв уу?

-Ер нь хүмүүст таалагдах байх гэж бодож байсан. Нөгөөтэйгүүр яах бол ч гэж бодсон доо. Нэг халаглаж, нэг эмээж байлаа.

-Таны дуулахыг харсан хүмүүс сайхан сэтгэлээр хандив цуглуулсан байна лээ?

-Лайв хийж байгаа хүнээс хүмүүс миний дансыг асуугаад байсан гэсэн. Тэгээд л биччихсан юм билээ. Дуулчихаад бууж ирэхэд надад дансыг чинь байршуулчихлаа гэж хэлсэн. Их мөнгө орсон байхыг хараад сэтгэл хөдөлж уйлсан. Бас их айсан.

-Дуулаач гэсэн хэр урилга хэр ирж байна вэ?

-Хэд хэдэн урилга ирсэн.

-Дууныхаа үгийг өөрөө бичдэг гэсэн. Одоогоор хичнээн дуутай болоод байгаа вэ?

-20 орчим дуу байгаа. Поп дива Ж.Алтанцэцэг эгч маань “Найзууд” гэсэн дууг маань CD-ндээ оруулаад дуулж байгаа. Бусад дуунуудаа ар араас нь гаргах туйлын хүсэлтэй.

-Лайвын дор сэтгэгдэлүүдийг харж байхад “Дуулж байхаар хашаагаа цэвэрлээч” гэсэн сэтгэгдэл байсан. Та харсан уу?

-Тэр сэтгэгдэлийг харж амжаагүй. Ер нь манай хашаа цэвэрхэн байдаг. Над шиг хашаагаа цэвэрлэдэг иргэн ховор байх./инээв/ Хөдөө орон нутагт ажлаар явахдаа ч ойр орчмын хашааны хогийг цэвэрлэчихдэг. Тэр өдөр хүүхдүүд маань юм унагаачихсан юм шиг байна лээ. Тийм болохоор хүмүүсийн тэгж хэлэх нь зөв байх.

-Цаашид хөл хорио үргэлжилбэл жижиг тайзан / чингэлэг/ дээрээсээ дуулах уу?

-Би чинь олон жил дуулж байгаа. “Open voice busking” гэсэн клубтэй. Тэнд олон төрлийн мэргэжилтэй, дуулах хүсэлтэй хүмүүс нэгдсэн. Хаана ч хамаагүй очиж дуулдаг. Өмнөх хөл хорионы үед бид ковер дууны уралдаан зарлаж, ялагчаа тодруулж байсан. Миний хувьд цаашид дуулсаар байх болно. Дуулах гэдэг чинь миний том хобби шүү дээ. Өнөөдөр таван хүн ковидоор нас барсан гэж дууллаа. Дотроо их эмзэглэж л байна. Тэгэхээр хөл хорионы энэ үед чингэлэг дээр гарч дуулсан маань цаг үеэ олсон. Ард түмэнд маань ч таалагдсан. Тэдний сэтгэлийг бага ч болов сэргээсэн байх.

-Ярилцсанд баярлалаа

-Баярлалаа

Д.ОТГОНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *