Categories
мэдээ улс-төр

С.Энхболд: Ирэх сарын 31-н гэхэд нийслэлийн хүн амыг хоёр дахь тунгаар бүрэн дархлаажуулна гэж төлөвлөсөн

Коронавируст халдварын эсрэг вакцины нийлүүлэлт хойшилсон гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Тэрбээр “Өнөөдрөөс 15 хоногийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн. Энэ хугацаанд вакцинжуулалтыг түр хугацаанд хойшлуулсан.

Учир нь дөрөвдүгээр сарын 10, 12-нд тус бүр 300 мянган тун коронавирусийн эсрэг вакцин манай улсад ирэх байсан боловч хойшилсон. 21-56 хоногийн хооронд хийхэд дархлал тогтох чанарт өөрчлөлт орохгүй. Хөл хорионы энэ үед өндөр настан, хууч өвчтэй хүмүүсийг гэрээр нь явж дархлаажуулна. Нийслэлд 50 наснаас дээш 260 мянган иргэн байгаагийн 50 орчим мянгыг вакцинжуулалтад хамруулсан.

Тооцооллоор хүн амын 60 хувь буюу 2 сая 100 мянган хүн амд нийт 4.2 сая тун шаардлагатай. Үүнээс шаардлагатай үлдэгдэл нь 3.3 сая тун байна. Гэрээ хийн, төлбөрийг шилжсэн 1.7 сая тун байна.

Гуравдугаар сарын 25-наас хойш л гэхэд нийт 25 хүн коронавирусийн улмаас нас барлаа. Өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний тасагт 20 хүн эмчилгээ хийлгэж байна.

Хэрэв дөрөвдүгээр сарын 26-наас хойш вакцин хуваарийн дагуу нийлүүлэгдвэл 80 цэгийг вакцинжуулалтад зориулж гаргасан.

Бид төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн насанд хүрсэн хүмүүсийг коронавирусийн эсрэг эхний тунгаар бүрэн дархлаажуулсан байх болно.

Ингээд тавдугаар сарын 31-н гэхэд нийслэлийн хүн амыг хоёр дахь тунгаар бүрэн дархлаажуулна гэж төлөвлөсөн.

Бид 15 хоногийн хугацаанд 120-160 цэгийг нэмж байгуулж буй. Ингээд хөл хорионы хугацаа дуусмагц өдөрт 60,000-аас дээш хүний вакцинд хамруулахаар бэлтгэж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *