Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-СУРВАЛЖЛАГА: Иргэд хөл хорионы дэглэмээ баримталж байгаа ч амьдрал хүнд байна гэв

Өгсүүр гудамжаар мацах тусам гэр хорооллын төрх илт харагдана. Энэ дүр зураг гэр хорооллын хаана ч адил аж.

Хоногийн хоолоо олохын тулд дэлгүүрт өр тавих нь энүүхэнд. Хашааны буланд хоёр гурвуулаа ганц нэг юм “мултлан” суух залуус ч цөөнгүй. Гэсэн хэдий ч иргэдийн хөл хөдөлгөөн бага байв.

Энэ удаагийн “DNN-СУРВАЛЖЛАГА”-аа Нисэхийн эцэсээс хойш захын гэр хорооллоос хүргэж байна.

Тэнд иргэд хэрхэн амьдарч буйг харуулахыг зорилоо.



Ингээд эцсийн буудлаас хойш алхах замд архи ууж тэрүүхэн тэндээ ярилцах бүлэг хүмүүстэй таарлаа. Хээвнэг гэртээ хэвтэж буй мэт л газарт налайна

Цааш явахад хөл хөдөлгөөн бага байсан нь иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж буйг илтгэнэ.

Гэр хороолол дунд байрлах “Цасхан” дэлгүүрт орлоо. Тэнд үйлчлүүлэгч цөөн байв. Худалдагчаас иргэд хэдэн төгрөгийн зээл тавьж, юу авч буйг тодрууллаа. Худалдагч А.Батдэлгэр ” Одоо манай дэлгүүр 50 мянгаас дээш төгрөгийн зээр олгохгүй байгаа. Цар тахал гайгүй үед боломжоороо өгдөг байсан юм. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр буухаар өгье гээд л талх, боорцогоо голчлох авна. Иргэдийн амьдрал тааруу л харагддаг. Энэ сарын 18-ныг хүртэл дэлгүүр, хоршоо 20:00 цагт хаахаар болсон. Ер нь хаах дөхүүлээд л иргэд талх тариагаа авах гээд л ороод ирнэ. Өгөхгүй байж болохгүй юм. Хүнсний ногооны эрэлт багасаад талх, нарийн боовны л эрэлт ихэссэн байна. Нэг шуудай төмс авахад нэлээд хэд хонож байна даа.

Иргэдийн өрийн дэвтэрт маш олон өрхийн зээл бичигдсэн байгаа шүү” хэмээн зээл авсан иргэдийн өрийн дэвтрийг харуулав. Тэнд 50 мянган төгрөгөөс дээш өр бичсэн байв.

Энэ хавийн иргэдийн байнга үйлчлүүлдэг дэлгүүр нь “Цасхан” гэнэ. Тус дэлгүүрийн лангуун дээрх бусад бараа бүтээгдэхүүн нэгэн хэвийн байх бөгөөд хуралдагчийн хэлж буйгаар боорцог, талх нь дуусах дөхжээ.

Нисэхийн эцсээсээ хойш засмал зам тавьсан байна. Гэвч явган хүний зам нь стандартад нийцээгүй харагдана. Хоёр хүн зөрөх нь байтугай ганцаараа гарахад бэрх аж.

No description available.

No description available.Дээш өгссөөр нэгэн оршуулгын газарт дөхөв. Энэхүү газрыг хоёр жилийн өмнө хашаалсан гэнэ. Түүний хажуухан талд байрлах жижигхэн “Түц” рүү ороход хоёр эмэгтэй Засгийн газрын шийдвэр, вакцинжуулалт, иргэдийн амьдрал гээд л нийгмийн олон талын асуудлыг хөндөж ярина.

“Түц” эрхлэгч н.Цоггэрэл “Энд 17 жил амьдарч байна. Энэ түцээ нээгээд хоёр жил болж байна даа. Ер нь өдөрт дунджаар 10-аад хүнд үйлчилдэг. Дээд тал нь 15 хүн үйлчлүүлдэг. Манайх чинь 30 айлын дунд байдаг. Иргэд гурил, будаагаа шуудайгаар нь авчихдаг болохоор ойр зуурын хэрэгцээний зүйлүүдээ л авна. Тэтгэвэрт гарах болоогүй учир энэ жижиг түцээ ажиллуулаад явж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй зарим үйл ажиллагаа их таалагдаж буй. Одоо ер нь бүх аж ахуйн нэгжүүдийг 20:00 цагт хааж хэвшүүлэх хэрэгтэй. Мөн архи, согтууруулах ундаа борлуулж байгаа дэлгүүрийг хяналтад авах ёстой. Тэгэхгүй бол архи ууж эрүүлжүүлэгдсэн хүмүүс нэмэгдлээ” гэв.


Энэ хавьд амьдрал ахуй нь тааруу иргэдийг сураглахад тэрээр нэлээд хэдэн айл зааж өгсөн юм. Таван хүүхэдтэй н.Дулмаа гэх айлыг онцолж ярих бөгөөд энэ хавийнхан бүгд мэддэг гэнэ.

н.Дулмаа гэх айлыг зорихоор явав. Гудамжаар өгсөх тусам нохой хуцаж айдас төрүүлнэ. Зарим ноход нь бөөн бөөнөөрөө давхина. Бүр хойшлох тусах өндөрлөг газар угтаж, хог, үнсээ гудамжинд хаясан бодит төрх элбэг тааралдана. Зуны цагт ус үерлэвэл урсчихмаар төрх энд байх ажээ.

Гэр нь хашаагүй, гэрийнх нь хаалга дэлгээтэй, хүүхдүүд нь орж гарсан дүр төрх цөөнгүй. Хаашаа л харна үүдгүй хашаа. Үнс бужигнасан хогийн сав.

Дээш өгссөөр нэгэн хашааны буланд уяатай хоёр нохойд жаахан охин хоол хийж өгч буйг харагдлаа. Нэг настай болов уу гэмээр охин хаалга алдлан өөдөөс харна. Дөхөж очоод том эгчээс нь аав ээж нь байгаа эсэхийг асуухад тэрээр аав ээж ажилдаа явчихсан. Би хоёр агаа, нэг дүүтэйгээ байна гэсэн юм.

Дор харагдаж буй гэр бол н.Дулмаагийнх. Гэрт нь хүн байхгүй байсан учир хамар хашааны иргэн С.Баяраас аж амьдрал ямар байгааг асуулаа. Тэрээр “Манайх энд суурьшаад 4 жил болж байна. Бүр аргаа бараад “Биогийн хогийн цэг дээр ажиллаж байна даа. Хуучин 20-30 хүн ажилладаг байсан бол одоо 300-гаад болсон шүү. Ажил олдохгүй. Ер нь био ч гэлтгүй Улаанчулуутын хогийн цэгийг очиж харах хэрэгтэй. Тэнд амьдрах гэж ядсан хүмүүс их бий” хэмээн арга ядаж буйгаа ярилаа.

Ш.Батболд “Ах нь одоо 50 гарч яваа. Гараа бэртээчихээд арай гайгүй болохоор ажил хийх гэсэн ажилд авдаг газар алга. Барилга дээр ч ажиллалаа. Барилгын туслах хийвэл багадаа 40 мянган төгрөг авна. Харуул хамгаалалтын ажилд орохоор компаниуд нь цаанаасаа цалингаа өгөхгүй байна гээд л хойшлуулна. Эсвэл өгөхгүй. Одоо вакцинжуулалтаа эрчимжүүлэх хэрэгтэй. Би вакциныхаа хоёр дах тунг энэ сарын 19-нд хийлгэнэ. Ер нь хүмүүс ганц тунг хийлгээд зүгээр болчихно гэж ойлгож болохгүй. Энэ хавиар гэхэд маскгүй хүмүүс их байна. Шаардлага тавихаар өөдөөс муухай хардаг нь харамсалтай” гэлээ.Ингээд жижиг дунд бизнес эрхэлж буй гутал засварчин Г.Батзоригтой цөөн хором ярилцлаа. Тэрээр ” Энд гутал засвар хийгээд 4 жил гаруй болж байна. Гайгүй хөлөө олоод явж байхад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлаад орлого огцом буурсан. Өдөрт сайн байвал гурван гутал засварлана.

Хүмүүсийн орлого буурсан энэ үед хүмүүс хуучин гутлаа л авчирч байна. Манай хань тэтгэмж авдаг болохоор гэртээ хүүхдүүдээ хараад байж байдаг. Харин би эндээ хэдэн төгрөг олох гээд л хичээж байна. Бага насны таван хүүхэдтэй. Өдөрт 30 мянган төгрөг олоход л талх, махандаа яваад дуусчихна. Ингээд бодохоор амьдрал тааруухан л байна” хэмээлээ.

Иргэд хөл хорионы дэглэмээ сайн баримталж буй хэдий ч амьдрал хүндхэн байгааг онцолж байлаа.

www.admin.dnn.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *