Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Бидэнд хүн дутаагүй, зориг, шударга ёс дутсан. Арай гэж таван хүнтэй ХЭҮК байгуулсан чинь дахин Хүний эрхийн хамгаалагч гээд долоон хүний орон тоотой хууль оруулж ирж байна. Хүний эрх улаан цайм зөрчигдөж байхад та нар юу хийсэн юм бэ. Цэрэгт хүүхдээ явуулсан аав, ээж уйлаад сууж байна. Гэтэл та нар энд орон тоо нэмэх талаар ярьж байна. Цаас эргүүлдэг хүн биш зүрх зоригтой хүн хүний эрхийн төлөө тэмцдэг. Хүний эрх зөрчигдөөд өчнөөн юм болж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг баталж болох ч ХЭҮК-ын орон тоог нэмэх шаардлагагүй. Одоо байгаа таван гишүүн хангалттай. Хуулийн төслийг өргөн барихад ийм зүйл байгаагүй. Гэтэл ажлын хэсэг орон тоог нэмж оруулж ирсэн нь зохимжгүй байна. Үүнийг дэмжихгүй.
Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэнд тооцож, байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд тус сангийн орлогод архи, тамхины онцгой албан татварыг төвлөрүүлэх санал гаргалаа. Мөн Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн эх үүсвэр нь хандив, тусламж, азын дугаар борлуулсан орлого байхаар хуулийн төсөлд заасан нь орлого нь тогтмол биш, бас тодорхойгүй байна гэж шүүмжлэв. Мөн зарлага нь хэтэрхий их байгааг анхаарууллаа.
Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэнд тооцож, холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Одоо Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.