Коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж дээд тал нь 500 гараад буй. УОК-ын хуралдаанаар ЭМЯ-наас гаргасан дөрөвдүгээр сарын 3-наас 18-ны хооронд хатуу хөл хорио тогтоох буюу “Улаан” түвшинд шилжих тухай саналын дэмжсэн. Үүнийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлэх юм.
Хөл хорио тогтоох нь хамгийн зөв алхам бөгөөд үүнээс өөр тархалтыг бууруулах арга байхгүй хэмээн үзэж байгаа юм. Тиймээс DNN-Тодруулга буланд энэ талаарх иргэдийн байр суурийг сонслоо.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Т.Баатар:
-Хөл хорио тогтоох нь эцсийн боломж ч байж болно. Энэ чигээрээ явбал бүгд “Covid-19”-ийн халдварт өртөнө. Улаанбаатарын иргэд үнэндээ ухамсаргүй байна. Ямар ч шийдвэр гаргасан улс төржинө. Ковидоос сэргийлэх нь нэгдүгээр алхам байхад юун улс төр.
Заавал олон хүн амь насаа алдахыг хүлээж болохгүй. Эрүүл саруул байвал эдийн засаг өсөж таарна. Эрүүл мэндээрээ дэнчин тавиад байгаа юм уу гэлтэй ажил ярьсан хүмүүсийг ойлгохгүй байна. Бусад улс орнуудын жишээнээс харахад л хамгийн зөв шийдэл хөл хорио гэдгийг дуу нэгтэйгээр хэлж байна.
Та өвдвөл би өвдөнө. Би өвдвөл бид өвдөнө гэсэн сэтгэлээр засгийн газрынхаа үйл ажиллагааг дэмжээд хөл хорионы дэглэмээ 14 хоног сайн сахиж, вакцинжуулалтаа эрчимжүүлж энэ халдвараас салцгаая. Ямар ч улс орны удирдлагууд иргэдээ үхээсэй гэж хүсэхгүй шүү дээ. Хөл хорио тогтоогоод үр дүнтэй байвал хорих нь зөв. Байнга л үр дүнгүй хөл хорио тогтоогоод дэмий шүү дээ.
Баянгол дүүргийн иргэн М.Дуламсүрэн:
-Миний хувьд 14 хоног хөл хорионд орно гэж бодоход ажил төрөл цалгардаж болох ч үүнээс өөр арга зам байхгүй гэж бодож байна. Анх корона гарахад одоог бодвол цөөхөн тохиолдол гарч халдварын голомтоо барьж чадаагүй байж өдөрт 500 тохиолдол гарахад л барьж авна гэх юм. Дахин хорио тогтоогоод ямар ч үр дүнгүй байх вий. Хэрвээ үнэхээр хорио тогтоогоод тархалтыг барьж авч чадвал сайн л байна.
Хан-Уул дүүргийн иргэн А.Баярхүү:
–Хөл хорио тогтоох нь зөв. Бүр 28 хоногоор тогтоогоод вакцинжуулалтаа эрчимжүүлэх хэрэгтэй. Одоо байгаа байдлаараа өөх ч биш булчирхай ч биш байснаас нэг дорвитой арга хэмжээ авсан нь дээр шүү дээ.
Манай улсын нөөц бололцоо хэр билээ. Нэг хүнд хэдэн эмч ноогддог билээ? эмнэлгийн хүрэлцээ, техник технологи хэр хөгжсөн билээ гэдгээ бодолцох нь зүйтэй. Харин сар амьдрах бололцоогүй иргэдээ төр засаг харж үзэж, нэмэр болохуйц дэмжлэг өгөх хэрэгтэй болов уу. Ингэж байж голомтоо хумьж коронаг барьж чадах байх.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Баярчимэг:
-Ер нь хөл хорио тогтоосон нь зөв. Ингэснээр өдөрт гарч байгаа 400-500 тохиолдлын тоо буурах байх. Харин хорио тогтоосон энэ үед удирдлагууд маань сайн ажиллах хэрэгтэй. Хэрэв чадахгүй бол эдийн засаг, ард иргэдийн амьдрал дахиад л доройтно.
Цаашид өдөрт 1000 тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Энэ чинь үхлийн тоо ихсэнэ л гэсэн үг. Мөн орон нутагт халдварын тоо нэмэгдээд байгаа. Тиймээс энэ хөл хорио сүүлийнх ч гэж байсан одоо л сайн арга хэмжээ авах нь зөв алхам байх.
Хан-Уул дүүргийн иргэн Б.Баярчимэг:
-Хатуу ч бай хэсэгчилсэн ч бай хөл хорио тогтоогоод яг юу хийх вэ? Гаргасан төлөвлөгөө, бодсон санасан зүйл ер нь байдаг юм болов уу? Нэг л их сүржигнэж хорио ярьсан хүмүүс байх юм.
Иргэд бол ичээнд ордог амьтад шиг л хөл хоригдоод сурчихсан ш дээ. Олон хүн өвчилж байгаа нь үнэн бол төр засгийн оновчгүй буруу шийдвэрээс болж таарж байна. Гуравдугаар сарын 1-нээс чухал шаардлагатай үйлчилгээгээ нээхийн оронд кино театр, үзвэр үйлчилгээ, амралтын газруудыг нээсэн нь маш буруу шийдвэр байсан.
Шинжилгээний хариуг хуурамчаар үйлдээд сууж байсан хүмүүстээ ямар арга хэмжээ авав? Хаана байгаа юм тэр өндөржүүлсэн бэлэн байдал. Хаа сайгүй архидсан, цугларсан хүмүүс харагдана. Хөл хорихыг дэмжихгүй байна. Хангалттай хөл хорьсон, ямар ч үр дүн гарсангүй.