Categories
мэдээ нийгэм

Стресс, бухимдлаа тайлах энгийн аргууд


Цар тахлын улмаас үүсэж байгаа стресс бухимдлыг даван туулах, сэтгэлзүйн эрүүл мэндээ хамгаалахад тань туслах хялбар аргуудыг зөвлөж байна.


ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЙГЭЭ ХОЛБООТОЙ БАЙХ

Бүгд гэр гэртээ байгаа энэ цагт бидний өдөр тутамдаа харилцах хүмүүсийн тоо эрс цөөрч байгаа. Тэр хэрээрээ бидний дотор нийгмээсээ тусгаарлагдчихсан юм шиг, бусдаас бүх талаар хоцроод байгаа мэт таагүй мэдрэмжүүд төрөх нь гарцаагүй. Хэрэв танд ч гэсэн ийм түгшүүр төрж байгаа бол гэр бүл, найз нөхөд, ажлын газрын хүмүүстэйгээ аль болох ойр ойрхон холбогдохыг зөвлөж байна. Өөрт төрж байгаа мэдрэмжээ хуваалцах, бусдаас тусламж асуухад ичиж эрээлэх цаг огт биш шүү. Зовнил бүхнээ дотроо хадгалах тусам харин ч стресс нэмэгдэнэ.

ХУУРАМЧ МЭДЭЭЛЛЭЭС ХОЛ БАЙХ

Хөл хорионы үеэр хэзээ хэзээнээс илүү цаг хугацааг бид зурагт, гар утасныхаа дэлгэцийн ард өнгөрүүлж буй нь ойлгомжтой. Болж буй нөхцөл байдлын талаар шинэ соргог мэдээлэлтэй байхыг эрмэлзэх нь буруу биш ч хэт их мэдээллийн урсгал нь эргээд бидний сэтгэлзүйд дарамт болох нь бий. Ялангуяа зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сайтууд энэ үед хандалт авах зорилгоор санаатай болон санаандгүйгээр хуурамч, батлагдаагүй мэдээллийг түгээх магадлал өндөр. Тийм ч учраас дэлгэцийн ард өнгөрөөх цагаа хязгаарлаж, зөвхөн баталгаат эх сурвалжаас мэдээлэл авах нь бидний зүгээс хийж чадах ухаалаг алхам юм. Хуурамч мэдээллээс үүсэх их зовнил, түгшүүр нь дархлаанд сөргөөр нөлөөлж болзошгүй.

ТӨЛӨВЛӨГӨӨ ЗОХИОХ

Биднээс үл хамаарах зүйлс хэтэрхий олон байгаа нь гунигтай хэдий ч сэтгэл санаагаа тайван байлгахын төлөө өдөр бүхэн хийх зүйлсийнхээ төлөвлөгөөг зохиогоорой. Яг л жирийн өдөр хоногуудтай ижил гэртээ байх үедээ ч тухайн өдөрт хийх зүйлсээ нэгд нэгэнгүй төлөвлөж бичих нь стрессийн эсрэг шилдэг эм байх болно. Гэрээ ариутгах, эд зүйлсээ цэгцлэх, тэжээвэр амьтандаа цаг гаргах, ном унших, кино марафон эхлүүлэх гээд юуг ч бичиж болно шүү дээ. Ингэхдээ цахим хэрэгсэл дээр тэмдэглэх бус, тэмдэглэлийн дэвтэр хөтлөхийг хичээгээрэй. Өдрийн төгсгөлд төлөвлөсөн зүйлсээ нэг нэгээр дарж дуусгах үед аз жаргалын даавар болох эндорфин таны биед ялгарч, сэтгэл гутралаас хамгаалах учиртай юм.

ДАСГАЛ ХИЙХ

Фитнесс, иог, цэцэрлэгт хүрээлэн гээд бүх газрууд хаагдаж, биеийн эрүүл мэнддээ анхаарах боломжгүй болсон мэт санагдаж байгаа юм биш биз? Харин ч эсрэгээрээ идэвхтэй байж, мөнгөө хэмнэж, дархлаагаа дэмжин гэрийн нөхцөлд өөрөө өөрийгөө дасгалжуулаарай. Хөл хориог далимдуулаад илүүдэл жингээ хасаж, зөв зуршлыг амьдралынхаа нэгэн хэсэг болгочихвол догь хэрэг биз дээ? Дасгал хийх үед бүх биеэр дамжин тархдаг, эд эсийг сэргээх шинж чанартай серотонин нь мөн л стрессээс биднийг хамгаалах чухал зэвсэг билээ. Хэрэв цахимаар ямар дасгал үзэхээ хараахан мэдэхгүй байвал “youtube” дэх үй олон сувгаас хамгийн сайн, шалгарсан сувгуудыг танилцуулсан энэ нийтлэлийг уншаарай.

ЗӨВ ДАДЛУУДАА ХАДГАЛАХ

“Гэртээ удаан байх тусам гэр оронгүй хүн шиг болж байна” гэх онигоо хөгжилтэй хэдий ч нэг талаасаа үнэний ортой. Дийлэнх газрууд зайнаас ажиллаж байгаа энэ үед бид өмнө нь өдөр бүхэн хийгээд дадчихсан энгийн зуршлуудаа гээх магадлал өндөр. Өглөө босоод шүдээ угааж усанд орохоос авахуулаад тогтсон цагт хооллох, амрах, ажиллах гээд бүх л зуршил алдагдаж, хөл толгойгоо алдах аюултай. Тийм ч учраас аль болох жирийн үетэй адил амьдрахыг хичээгээрэй. Хөл хориог ашиглан шинэ дадалтай болж, өөрийгөө хөгжүүлэх нь сайхан, гэвч түүнээс ч илүү чухал нь нэгэнт амьдралдаа хэвшүүлчихсэн зуршлуудаа алдахгүй байх явдал юм шүү.

ЧАНАРТАЙ НОЙР АВАХ

Бие махбод болоод оюун ухааныг эрүүл байлгах үндсэн нөхцөл бол чанартай нойр авах гэдгийг хүн бүхэн мэдэх биз. Өглөө заавал эрт босох шаардлагагүй, шөнө хэдэн цаг хүртэл ч цуврал кино үзэх боломжтой энэ үеэр бидний унтах цаг, нойрны дэглэм тодорхой хэмжээгээр алдагдах болно. Нэг бол хэт олон цаг унтах аль эсхүл олон асуудалд санаа зовсоор нойргүйдэх өвчинд нэрвэгдэх аюултай тул чанартай нойр авахдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрэв эдгээр өдрүүдэд оройн цагаар нойр чинь хүрэхгүй байвал унтахаасаа хоёр цагийн өмнөөс дэлгэцийн хэрэглээгээ зогсоох, хөнгөхөн иогийн дасгал хийх, халуун онгоцонд хэвтэх, кoфены хэрэглээгээ багасгахыг зөвлөе. Шөнийн турш кино, цуврал угсруулан үзэх, уншиж дуусгаагүй номуудаа гүйцээх, найзуудтайгаа сүлжээнд холбогдон тоглох нь хэдэн өдөртөө сонирхолтой байж мэдэх ч даамжирвал таны нойр солигдож улмаар эрүүл мэндэд чинь асуудал үүсгэж мэдэх юм шүү.

ОДОО ЦАГТ ТӨВЛӨРӨХ

Хөл хорио хэдийгээр дуусаж, эргээд хэзээ хэвийн амьдралдаа орохыг хэн ч таашгүй. Гэхдээ нөхцөл байдал бүрд давуу болон сул тал байдаг шүү дээ. Өнгөрсөн болоод ирээдүйд үргэлж харамсан аль эсвэл санаа зовнин амьдардаг бидний завгүй амьдралын урсгалаас эдгээр өдрүүд ч бага ч гэсэн чөлөөлж, яг одоодоо төвлөрч сурахад тусалж мэдэх юм. Тааварлаж мэдэхийн аргагүй ирээдүйд хий дэмий санаа зовнихын оронд одоо цагт таныг аз жаргалтай болгох зүйлсэд анхаарлаа хандуулаарай. Хүүхдүүддээ үлгэрийн ном уншиж өгөх, хамтдаа хичээлийг нь давтах, хайрттайгаа харилцааны асуудлаа шийдэх, илүү дотно болох гээд гэртээ байх үед ч бидэнд аз жаргал авчрах зүйлс олон бий.
Асуудал өөрөө амьдралын хамгийн сайн багш байдаг. Хөл хорионд сул талууд олон ч түүний давуу талыг олж харж, хайртай хүмүүстэйгээ хамт хүнд үеийг даван туулах хэрэгтэй шүү.

ХОББИНДОО ЦАГ ЗАРЦУУЛАХ

Сэтгэл санаа тавгүй үедээ бидний дийлэнх нь асуудлыг даван гарах гэж хичээхийн оронд зүгээр л зугтах арга замыг сонгодог. Гэхдээ зугтах тусам асуудал илүү томрон бидний араас мөшгих нь олонтоо. Сэтгэлзүйн асуудал үүссэн нөхцөлд өдөржин орондоо шигдэхээс илүүтэй таныг аз жаргалтай, баяр баясгалантай болгодог хоббигоо сэргэвэл аштай юу. Нарийн боов, талх барих, юм оёх, зохиол бичих, нүүрээ будах гээд ер нь юу ч байж болно шүү дээ. Бүх хүн гэрээсээ гарах боломжгүй цагт өөрийнхөө хоббиг сошиал медиад бусадтай хуваалцан, бүтээж туурвин цагийг үр дүнтэй өнгөрүүлж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *