Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сая төгрөг олоод эзэнд нь өгсөн М.Чинхүслэн, Г.Цэнд-Аюуш: Бид ангийнхаа, сумынхаа хамгийн бахархалтай хүүхдүүд болсон

Увс аймгийн Хяргас сумын дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Мөнхжаргалын Чинхүслэн, Гансүхийн ЦэндАюуш нар нэг сая төгрөг олж эзэнд нь хүлээлгэн өгсөн сайн мэдээ цахим орчинд түгсэн нь олны талархлыг хүлээгээд байгаа юм. Ингээд тус сурагчдтай ярилцсанаа хүргэе.


Сайн байцгаана уу. Та хоёрыг сая төгрөг олоод эзэнд нь хүлээлгэж өгсөн хэмээн цахим орчинд шуугьж байна. “Одболсноо мэдсэн үү?

-Манай сумынхан болоод таньдаг найз нөхөд, аав ээж, ах дүү нар маань бид хоёрыг “од” болсон байна гэж хэлсэн. ( Инээв)

Ямартаа чодболсноо мэдсэн юм байна. Ямар сэтгэдэл төрж байв?

-Хүнд сайн зүйл хийвэл хариу нь үргэлж ирдэг хэмээн аав ээж, багш нарын минь хэлж сургасан нь үнэн юм байна гэж бодсон. Бид хоёр хүний санаандгүй гээчихсэн мөнгийг олоод шударгаар буцаан өгсний хариуд олон хүний талархлыг хүлээсэн. Тааралдсан хүн бүрээсээ магтаалын үг сонсох маш сайхан байсан.

Та хоёр яг хаашаа явж байгаад тэр мөнгийг олсон юм бэ?

-Бид хоёр хичээлээ тараад таньдаг ахынхаа дэлгүүрээс зайрмаг авч идсэн. Зайрмагаа аваад дэлгүүрээс гараад явж байтал боодолтой мөнгө газарт байхыг харсан. Маш их гайхсан. Эргэн тойрноо хартал мөнгө хайж байгаа хүн харагдаагүй. Тиймээс мөнгийг аваад таньдаг хүнийхээ дэлгүүрт оруулж өгөхөөр шийдсэн. Хэн мөнгөө гээснийг нь мэдэхгүй ч том хүмүүст хүлээлгэн өгвөл эзэн нь удахгүй олдох болов уу гэж бодсон.

Яг хэдэн төгрөг байгааг нь мэдсэн үү?

-Мөнгийг олох үедээ хэдэн төгрөг гэдгийг тоолж үзээгүй. Харин дэлгүүрийн ахад оруулж өгөөд хамтдаа тоолцгоосон. Тавин ширхэг 20 мянган төгрөг буюу нэг сая төгрөг олсон.

Хэр хугацааны дараа эзнийг нь мэдсэн бэ?

-Үдээс хойш нь манай нутгийн хүн мөнгөө гээснээ мэдсэн юм билээ. Тэгээд банк, гэр хоёрынхоо дунд хайж байгаад мөнгийг нь үлдээсэн ахаас очиж мөнгөө авсан байсан. Бид хоёрт “Маш их баярлалаа. Ямар азаар та хоёр олоо вэ. Өөр хүн олсон бол надад эргүүлж өгөхгүй л байсан болов уу” гэж хэлсэн. Тэгээд бид хоёрт тус бүр 30 мянган төгрөг өгч баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн. Мөнгөө олж авсан хүнийг чин сэтгэлээсээ баярлахыг нь хараад өөрсдөөрөө бахархсан.

Та хоёрыг сайн үйл хийсний дараа эргэн тойрныхон нь хэрхэн үнэлсэн бэ?

-Бид хоёр хоёулаа Оюунгэрэл багштай 4а ангид сурдаг. Бид одоогоор гэрийнхээ, ангийнхаа, сумынхаа хамгийн бахархалтай хүүхдүүд болчихоод байгаа. Ангийнхаа бүр баатрууд болсон. Сургуулийн багш нар, захирал бүгд баяр хүргэж, сайн үйлс хийснийг минь магтахад маш сайхан санагдсан. Цаашид улам их сайн үйлс хийх урам зориг авсан (Инээв). Бид ч гэсэн санаадгүй байдлаар бал, дэвтэр, мөнгөө хаана гээснээ мэдэхгүй хаячихаараа маш их харамсдаг. Заримдаа томчуудад загнуулна. Харин хэн нэг нь хаясан зүйлийг минь олчихоод эргүүлэн өгөхөөр маш их баярладаг. Тиймээс тэр их мөнгөө хаячихсан хүн яасан их сандарч, харамсаж байгаа бол оо гэж бодсон.

Коронавирусийн халдвараас шалтгаалаад танхимаар нэлээд удаан хичээллээгүй шүү дээ. Одоо танхимаар хичээл ороод эхэлчихсэн. Сэтгэгдэл ямар байна?

-Танхимаар хичээл орохгүй байхад муухай байсан. Ангийнхаа найзуудыг, багш нараа, сургуулийнхаа анги танхимыг маш их санасан. Харин саяхнаас танхимаар хичээллээд эхэлсэн болохоор маш сайхан байгаа. Өдөр бүр ангийнхантайгаа уулзаад хичээлээ ч сайн ойлгож байгаа. Манай сургуулийн орчин маш гоё, тохилог. Тиймээс өдөр бүр сургуульдаа явах сайхан байдаг.

Цахимаар хичээл орж байхад хичээлээ хэр сайн хийсэн бэ?

-Сайн хийсэн. Заримдаа хийхгүй байх тохиолдол бас байсан. Гэхдээ цахимаар хичээллэснээс танхимаар хичээллэх нь илүү гоё байгаа. Тиймээс коронавирус хурдан арилж, дахин гэрээсээ хичээлээ хийхгүй байгаасай л гэж бодож байна.

П.БАТЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *