Монгол Цэргийн түүх бол Монголын түүхийн салшгүй хэсэг төдийгүй нүүдэлчдийн соёл иргэншил, хүн төрөлхтний түүхийг судлахад зайлшгүй харгалзан авч үзвэл зохих үнэт зүйл.
Монголын ард түмний цэрэг эх оронч уламжлал, Монгол Цэргийн түүх яндашгүй арвин. Монгол Цэргийн Музей нь энэхүү арвин баялаг түүхийн дурсгалт эд өлөг, баримт материалыг цуглуулах, хадгалж хамгаалах, судлан шинжлэх, сурталчлах үүрэг, зорилт бүхий судалгаа, сурталчилгаа эрдэм шинжилгээний, соёлын байгууллага юм.
Тус музейг байгуулах талаар анх ЦЯЯ ны сайд, Бүх Цэргийн Жанжин маршал Г.Дэмид /1932–1937онд/ санаачилсан ч хараахан бодит ажил болж амжаагүй. Улмаар 1966 онд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 2 тоот тогтоолоор музей байгуулах шийдвэр гарснаар цэргийн музей байгуулагдах ажил эхэлсэн түүхтэй.
Монгол Ардын Армийн цогцолбор байгуулах тухай тогтоол 1987 онд гарснаар өнөөгийн Монгол Цэргийн Музей байгуулагдах эхлэл тавигджээ.Дээрх шийдвэрийн дагуу Батлан хамгаалахын сайдын 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 42 тоот тушаалаар МАА-н музейн түр орон тоог 18 хүний бүрэлдхүүнтэйгээр баталсан юм. МАА музей анх Офицеруудын ордны 2 давхарт байрлан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
БНМАУ-ын БХЯ, Засгийн Газрын дэргэдэх соёл урлагийн хөгжлийн хорооны 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хамтарсан тушаалаар Монголын Ардын Армийн Музейг “Монгол Цэргийн Музей“ хэмээж цэргийн музейнүүдийн тэргүүлэх музей болгохоор заасан. Монгол цэргийн музейн барилгын ажлыг ардын армийн 022, 158 дугаар ангиуд хийж гүйцэтгэсэн бөгөөд 1996 оны 3 дугаар сарын 15–нд монгол цэргийн музейн нээлтийн ёслолын ажиллагаа болжээ.
ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын дурсгалын музей 1979 онд байгуулагдаж, 1990 онд Монгол цэргийн музейн харьяанд орсноор өнөөг хүртэл үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна. Монгол Цэргийн музей нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 39 дүгээр зарлигаар “Цэргийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор шагнагдаж байв.
Эх сурвалж: Монгол цэргийн музей