Эдийн засгийг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах 10 их наяд төлөвлөгөөний хүрээнд арилжааны банкуудаар дамжуулж хоёр их наяд төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэйгээр гурван жилийн хугацаатай олгохоор болсон. Уг зээлийг өрхийн болон бичил бизнес эрхлэгчид, мөн аж ахуйн нэгжүүдэд гэсэн хоёр хэсэгт ангилж олгох аж. Банкууд зээлийн материалыг судалж, хөнгөлөлттэй зээлийг эздэд нь хүргэх ажил албан ёсоор эхэлсэн байна. Бичил бизнес эрхлэгчдэд 50 хүртэл, аж ахуй нэгжүүдэд 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг олгож, Зээлийн батлан даалтын сангаас 60 хүртэлх хувьд нь барьцаа гаргах боломжтой юм. Бичил гэдэгт өрхийн болон зах дээр худалдаа эрхлэгчид, хувь хүн бүгд хамаарч байгаа юм. Гэхдээ үүнд хэрэглээний зээл орохгүй. Өөрөөр хэлбэл, автомашин, бусад эд хогшил худалдан авах зорилгоор зээл хүсэх боломжгүй гэсэн үг. Өнөөгийн байдлаар төв банкин дээр арилжааны банкуудын найман их наяд гаруй төгрөгийн эх үүсвэр хүүтэй байршиж байгаа юм. Уг эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулж хоёр их наядын зээлийг гаргах бөгөөд иргэдэд долоо, аж ахуйн нэгж дээр зургаан хувийн хүүгийн дэмжлэгийг улсын төсвөөс гаргана. Өөрөөр хэлбэл, хөнгөлсөн зээлийн хүүгийн зөрүүг төр даана гэсэн үг. Хоёр их наяд төгрөгийн зээл бүрэн гарна гэж тооцвол төсвөөс жилд 70-80 тэрбум төгрөг гарахаар байгаа аж. Бичил бизнес эрхлэгчдэд ямар шаардлага тавьж байгаа талаар холбогдох албаны хүмүүс дараах тайлбарыг өгч байна.
Сангийн сайд Б.Жавхлан: Иргэдэд 500-600 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлнэ
-Зээлийн үйлчилгээнд ковидын нөлөөнд хамгийн их нэрвэгдэж, зах дээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах аргагүй болсон лангуу түрээслэгчид, өрхийн бизнес эрхлэгчид хамрагдана. Өөрөөр хэлбэл, иргэд хамрагдах юм. Арилжааны хэд хэдэн банкин дээр судалгаа хийсэн. Судалгаагаар иргэдийн 80-90 хувь нь 50 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг юм байна. Тиймээс иргэдийг дэмжсэн бизнесийн зориулалттай зээлийг гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай олгож байгаа. Үлдсэн хүүгийн долоон хувийн зөрүүг төрөөс дааж байна. Банкууд иргэдээс зээлийн хүсэлт авсан. Одоо ирсэн хүсэлт болон зах зээлийн даацаас харахад 500-600 тэрбум төгрөгийг 20-25 мянган иргэнд олгох судалгаа гарсан. Иргэн буюу бичил бизнес эрхлэгч зээл хүссэн тохиолдолд НӨАТ төлөгч байх шаардлагагүй. Өмнө нь банктайгаа харилцаж байсан, зээлийн түүх, бусад мэдээлэл нь байгаа. Үүн дээр үндэслээд арилжааны банк нь шийдвэрээ гаргаад явна. Үүнд төрөөс ямар нэг шаардлага, нөхцөл тавьж оролцохгүй. Гэхдээ иргэдэд чиглэсэн зээлд хэрэглээний зээл хамаарахгүй гэдгийг анхаараарай. Зөвхөн бизнес эрхлэх, ажлын байр бий болгох зорилгоор зээл олгоно. Мөн зээлийг аваад зориулалтын бусаар ашиглах, дамжуулж хүүлэх зэрэг үйлдэл гаргавал хөнгөлөлттэй зээлийг шууд арилжааны нөхцөл рүү нь шилжүүлнэ. Мөн барьцаа хөрөнгийн батлан даалтыг хүчингүй болгоно. Арилжааны банкууд энэ нөхцөл байдлыг хянахад тийм ч төвөгтэй биш. Тэгэхээр энэ тал дээр анхаарах шаардлагатай.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлнэ
-Монголбанк гурван хэсэг дээр Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа. Эхнийх нь репо санхүүжилт. Хоёр дахь нь ипотекийн зээл юм. Арван их наядын төлөвлөгөөний хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлж оролцоно. Энэ онд 700 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгоно. Гурав дахь нь ажлын байрыг дэмжих хоёр их наядын хөтөлбөр юм. Төв банкин дээр найман их наяд гаруй төгрөгийн эх үүсвэр цугларсан. Энэ эх үүсвэрийг эдийн засгийг дэмжихэд нь эргүүлж хэрэглэж байна. Гурван хувийн хүүтэй олгоно. Үлдсэн хүүгийн зөрүүг төсвөөс санхүүжүүлнэ.
Одоо гаргах зээлийг зах зээл шингээж авах эсэх асуудал яригдаж байна. Өнгөрсөн онд зээл олголт нийт дүнгээр зургаан хувь буурсан. 18 их наядаас 17 их наяд болж буурсан байгаа. Тийм учраас эдийн засагт санхүүжилт дутагдаж байгаа гэсэн үг. Төлөвлөгөө зарлагдсанаас хойш банкууд зээлийн хүсэлтийг харилцагч нараасаа авч эхэлсэн. Тэгэхээр зээлийн эрэлт хангалттай байгаа. Хоёр их наядыг эдийн засаг шингээгээд авчих боломжтой юм. Аж ахуйн нэгжийн зээл дээр 70 хувь нь дахин санхүүжүүлэх, 30 хувь нь шинэ зээл байгаа. Бичил зээл дээр 70 хувь нь шинэ зээл, 30 хувь нь дахин санхүүжүүлэхээр байна.
Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэхзахирал Ш.Алтанчимэг: Зээлийн батлан даалт гаргуулахын тулд заавал манайх руу ирэх шаардлагагүй
-Зээлийн батлан даалтын сан нь үндсэн хоёр бүтээгдэхүүнтэй байдаг. Энэ нь үндсэн болон төслийн батлан даалт юм. Өнөөдрийн хэрэгжиж байгаа төлөвлөгөө маань үндсэн батлан даалт буюу бүх банктай хамтран явуулдаг. Тухайн зээлдэгч барьцаа хөрөнгийн дутагдалтай бол төрөөс 60 хүртэл хувьд нь батлан даалт гаргаж явна. Барьцаа хөрөнгийг хэрхэн тодорхойлох вэ гэхээр тухайн аж ахуйн нэгжийн нэр дээр байгаа хөрөнгө, тухайн компанийн 50 болон түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа этгээдийн өмч хөрөнгүүдийг барьцаа хөрөнгөд оруулж тооцдог. Банкууд энэ шаардлагын дагуу үнэлж үзээд барьцаа хүрээгүй тохиолдолд манайх зөрүү дээр нь орно. Бид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн хүрээнд ажиллах ёстой. Энэ талаар 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум хүртэл төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж тодорхойлсон байдаг. Энэ нотлох баримтаа гаргаж ирэх, эсвэл манайх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас холбогдох тодорхойлолтыг авчихад зээлийн батлан даалт авч болно. Иргэд, аж ахуйн нэгж зээлийн батлан даалт гаргуулах бол заавал манайх руу хандах шаардлагагүй. Тухайн арилжааны банк уг ажлыг хамт зохион байгуулаад, таны зээлийг шийдэж өгнө.
“Хаан” банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа: Банкны сайт дээр бичил бизнес эрхлэгчдийн зээлийн шалгуурыг оруулсан
-Бид харилцагч нараа ковидын шууд болон дам нөлөөтэй гэж ангилсан. Шууд нөлөөтэй гэдэг нь бизнесийн үйл ажиллагаа нь 10-15 сар зогссон зээлдэгч дээр хоёр удаа гэрээний бүтцийн өөрчлөлт хийгээд өнөөдрийг хүртэл хэвийн зээл дээр явж байна. Эдгээр зээлдэгч боломжтой байвал хүүгээ төлж байсан. Болохгүй байвал хүү, үндсэн зээлээ ч хойшлуулсан байсан. Эдгээрийг хөтөлбөрт хамруулаад дахин зээлдэгч гэсэн хэсэгт оруулна.Хоёрдугаарт, шинээр олгож байгаа зээлүүдийн хувьд өмнө нь манай банктай харилцаж байсан хүмүүс гурваас зургадугаар сар хүртэл харилцагчийн аян зарлаад жил болгон 12-18 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл олгоод явж байгаа. Эдгээр зээлдэгчийн эргэлтийн хөрөнгө, барьцаа хөрөнгө гэх зэргээр бүх мэдээлэл бий. Шинээр зээл хүсэхэд харилцагчийн мэдээлэл манайд бий гэсэн үг. Үүн дээр нэмээд банк сүүлийн хоёр жилийн турш банктай тасралтгүй хамтарч ажилладаг харилцагч нартаа зан байдлын оноо тавьсан. Энэ нь тухайн бизнес эрхлэгчийн бизнесийн орлогоо дамжуулдаг харилцах дансан дээр дүн шинжилгээ хийгээд энэ хүний тогтвортой орлого ийм, сар, улиралд тэдэн төгрөгөөр эргэлддэг гэсэн гээд бүх мэдээлэл бий. Тэгэхээр харилцагчийн харилцах дансны мэдээллийг боловсруулаад хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар ашигласан эсэхийг хянаад явах боломжтой. Хэрэв шинээр манай харилцагч болох гэж байгаа бол тухайн зах дээрээ лангуу түрээслэгч гэсэн гэрээ бий. Тэр гэрээгээ бариад ирэхэд бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч гэж үзээд таны зээлийг судална.
Барьцаа хөрөнгийн тухайд 15 сая хүртэлх төгрөгийн зээлд үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүй, эргэлтийн хөрөнгө шаардана. Эргэлтийн хөрөнгө гэдэг нь өөр дээр нь байгаа бараа материалыг 40 хувиар үнэлж авах боломжтой байгаа. Шаардлагатай гэж үзээд үл хөдлөхөө барьцаална гэвэл Улаанбаатар хотод 60 хувь, орон нутагт 50 хувиар, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орон сууцны биш барьцаа хөрөнгийг 40-70 хувиар үнэлж авч байгаа. Үүн дотор агуулахаас эхлээд үйлдвэрийн байр, оффисын барилга бүгд орно. Зээл дээр тавих шалгуурыг www.khanbank.com гэсэн сайт руу ороод иргэдийн өрхийн зээл гэсэн хэсгээс дэлгэрэнгүй харах боломжтой.
Г.БАТ