Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхдалай: Эцэг эх нь отгон хүүдээ Хүрэлсүх биш, Сүлд-Очир гэдэг нэр өгсөн

Өргөөамаржих газар нярайлсан нялх биетэй эмэгтэйг коронавирусийн халдвартай хэмээн хүйтэн машинд нимгэн хувцастай суулган явсан нь олны дургүйцлийг төрүүлж, жагсаал цуглаан хүртэл хийж байсан билээ. ХӨСҮТд тусгаарлагдаж байсан эмэгтэйн дүү Б.Энхдалайтай ярилцлаа.


Хүүхдээ төрүүлээд хэдхэн цаг болж байгаа нялх биетэй эгчийг тань ХӨСҮТрүү хүргэхдээ алдаа дутагдал гаргасанд олон нийт шүүмжлэлтэй хандсан. “Өргөөамаржих газар амаржсан эхээс ковидын халдвар илэрсэн хэмээн тухайн үед мэдээлж байсан шүү дээ. Тэгвэл нэгдүгээр сарын 19-ний өдөр чухам юу болсон талаар ярилцлагаа эхэлье?

-Хөл хорионы дэглэм мөрдөгдөж байсан учраас эгч, хүргэн ах хоёр маань УОК-ын шийдвэрийн дагуу PCR-ийн шинжилгээ өгч байсан юм билээ. Тэдний шинжилгээний хариу ч сөрөг гарсан байсан. Эгч төрөхөөсөө хэд хоногийн өмнө Нэгдүгээр төв эмнэлэгт өвдөж очоод, дахин PCR шинжилгээнд хамрагдахад мөн л сөрөг хариутай байсан. Тиймээс ч тус шинжилгээнд үндэслэн эгчийг маань эмнэлэг хүлээн авсан гэж ойлгож байгаа. Эмч нар “Та эхнэрийнхээ хувцсыг нь буцаагаад аваад яв, шинжилгээний хариу сөрөг гарсан” гэж хэлсэн учраас хүргэн ах гадуур хувцсыг нь гэртээ аваад харьсан байдаг. Эмнэлэгт байх гурав хоногийн хугацаанд эгч маань өрөөндөө дөрвөн эхтэй хамт байсан. Удалгүй нэгдүгээр сарын 19-ний өглөө эгч дөрөв дэх хүүхдээ төрүүлж гэр бүлдээ сайхан мэдээ дуулгасан. Манайхан одонгийн хүүхдээ өлгийдөн авсан учраас баяр хөөр дүүрэн байлаа. Гэтэл гэнэт тэдний амьдардаг Баянхошууны Жанцанд байрлах зургаан давхар орон сууцанд коронавирус илэрч, байрыг нь хамгаалалтад авах талаар мэдээлэл гарсан л даа.

Тэгэхээр орцонд халдвар тархсан учраас ковидтой байх магадлалтай хэмээн тусгаарлах арга хэмжээг авсан гэсэн үг үү?

-Хамгийн анх шинжилгээний хариу нь хоёулаа сөрөг гарч, дахин “Өргөө” амаржих газарт очиж шинжилгээ өгөхөд ковид илрээгүй байсан. Энэ шинжилгээнд үндэслэн эгчийг маань эмнэлэгт дөрвөн хүнтэй байлгасан байж таарна. Тэгсэн мөртлөө нөхрөөс нь ковид илэрсэн учраас эхнэр нь ковидтой байх өндөр магадлалтай гэж өрөөнийхөнтэй нь тусгаарлах үйл явц болсон юм билээ.

Тэр үед эгч бидэнтэй холбоо бариад “Намайг нэг өрөөнд тусгаарлаад бусад хүмүүсийг гаргаад явуулчихлаа” гэж ярьж байсан. Улмаар эмнэлгээс гаргаж, хүйтэн машинд суулгасан баримт хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсныг та бүхэн үзсэн байх. Манай эгч ХӨСҮТ-ийн машинд явж байх үедээ “Би дөнгөж сая машинд суулаа” гээд айж сандарсан шинжтэй над руу ярьсан. ХӨСҮТ-ийн эмнэлэг рүү ороод “Хонгил шиг юмаар орж ирлээ, хүйтэн байна” гэж дахин холбогдсон. Мөн ХӨСҮТ-ийн гаднах аваарын шатаар өгсүүлж оруулсан байна лээ. Тэгэхээр УОК, ЭМЯ-ны шийдвэрээс үүдэлтэй эх хүүхэд хоёрыг ямар ч бэлтгэлгүй шилжүүлсэн байгаа юм. Энэ арга хэмжээний хариуцлагыг хуулийн хүрээнд тооцно. Өөрөөр хэлбэл, зохион байгуулалт муу байсан учраас хүний эрүүл мэндийг хохироосныхоо төлөө хариуцлага хүлээх ёстой.

Эмч нараас нэг нь ч болтугай гадуур хувцсаа нөмрүүлээд гаргах сэтгэл дутлаа хэмээн олон нийт шүүмжилж байсан. Чухам яагаад нимгэн гарах болсон юм бол?

-Хэн ч байсан тийм үед гадуур хувцасгүй, нимгэн гарахгүй гэж хэлж хэрэлдэх л байх. Миний эгчийн хувьд бусдад халдвар тараах вий гэж санаа зовсон учраас хүндрэл учруулаагүй болов уу. Уг нь биеэ бодоод орны даавуу ч болтугай нэхэж болно шүү дээ, их айсан байх. Гэвч миний эгч арав гаруй жил бага ангийн багшаар ажилласан боловсролтой хүн болохоор бусдад санаа зовсондоо тэгж гарсан байх. Тухайн үед хувь хүмүүсийн амиа бодсон үйлдэл, өвчнийг нь тусчих вий, бушуухан ХӨСҮТ-рүү явуулъя гэсэн хүнлэг бус үйлдэл тод ажиглагдсан. Энэ бол бидэнд маш гэнэтийн үйл явдал болсон. Нуулгүй хэлэхэд, Нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар хоорондоо ярьж байгаад ганц хөнжлөөр л ороочихсон бол асуудал болохгүй байлаа. Манайхан бусдын адил энгийн дундаж амьдралтай, ядаж эгчдээ хувцас аваачаад өгөх боломжтой шүү дээ. Гэвч тухайн үед УОК-ын шийдвэрээр гэртээ байх ёстой байсан учраас яаж ч чадаагүй.

Хүний эрхийн ноцтой зөрчил болгон дээр ард түмэн хүлээцтэй байсан. Манай эгч, дүү тэр засгийг унагаасан юм биш, зүгээр л тэсэрсэн байхгүй юу. Эгчийн маань асуудал дээр монголчууд тэр чигээрээ эсэргүүцлээ. Тэгэхээр эх хүнийг гомдоовол бурхан уурладаг юм шиг байна. Эгч маань маш ажилсаг хүн л дээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуульд арван жил багшилсан. Ингээд урилгаар Олонлог сургуульд орж, багш мэргэжлээр ажилладаг.

Одоо эх, хүүхдийн биеийн байдал ямар байгаа вэ, эгчтэйгээ уулзсан уу?

-ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлагдаж, дараа нь Яармагийн 300 ортой эмнэлэгт дөрөв хоноод гарсан. Одоо гэртээ хүүхдүүдтэйгээ байгаа. Бид оны өмнөөс авахуулаад ковидоос шалтгаалан хоорондоо уулзалдаагүй л явна. Мэдээж хууль дүрмээ дагаж, дэглэмээ мөрдөх учиртай шүү дээ. Эгчийг төрөх үед манай гэр бүлийнхэн УОК-ын шийдвэрийг дагаад хөл хорионд байсан. Тиймээс ч дураараа эмнэлэг дээр гүйгээд очиж болохгүй. Эгчийн маань хажууд 22-ын товчоон дээр нас бардаг хүүхдэд тохиолдсон явдал бол орчлонгийн хагацал шүү дээ. Бид хажууд нь арай гайгүй байна. Гэхдээ ингэж гам алдсан хүн ирээдүйд өвдөх нь ойлгомжтой. Миний эгчид тохиолдсон шиг зүйл дахин хэнд ч бүү давтагдаасай. Түүнээс биш илүү зүйл хүсээд, өрөвдүүлэх зорилгогүй. Бид хөдөлмөрөөрөө хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдраад явчихна.

Тухайн үед ганц нимгэн маск олдоогүй юм болов уу, дэрээр амыг нь халхалсан байсан?

-Нэгдүгээрт, УОК зохион байгуулалтгүй байсан. Хоёрдугаарт, амиа бодсон үйлдэл ажиглагдсан. Тэр чинь эдгэрдэггүй өвчин биш шүү дээ. Ер нь ковидыг дэлхий даяар нэг төрлийн ханиад гээд ярьж байна. Тэгтэл мэргэжлийн хүмүүс нь сүр бадруулж дэр бариулаад л явуулахыг л бодсон. Тэр их мэдлэг нь хаачив. Ер нь хийж байгаа ажилдаа эзэн болж, зүрх сэтгэлээсээ хүнийг хайрлаж сурах хэрэгтэй. Ковид бол эдгэрэх өвчин, хамгийн гол нь хүний дотоод сэтгэлд байгаа хир арилахад амаргүй. Бие, хэл, сэтгэл ариун бусдыг хайрладаг байх тусмаа зөв үйлдэл гарна шүү дээ.

Мэдээж ХӨСҮТд очсоны дараа эмч нар хариуцлагаа ухамсарлаж арай өөр хандсан болов уу?

-Тухайн үед би хэлэхдээ, гэр бүлээрээ нэг өрөөнд орохыг ХӨСҮТ-өөс хүссэн. Энэхүү хүсэлтийг ХӨСҮТ хүлээн авч оруулсан гэсэн үг. Гэр бүлийн хүнтэйгээ хамт байснаар асар их сэтгэлийн шокийг мартуулна шүү дээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс эмч, сэтгэл зүйч ирж ХӨСҮТ өөрөө анхаарал тавьсан. Гэхдээ хүн чанаргүй, ёс зүйгүй үйлдлээ нэгэнт хийчихсэн хойно яахав дээ. Зарим мэдээллийн хэрэгслээр эгчийг маань “ковидтой, коронавирусээ нууж очсон” гэж хов жив хөөсөн, ташаа мэдээ гаргаж ард түмнийг сэнхрүүллээ. Сэтгэл зүйн хямралтай үед маш буруу ташаа мэдээлэл явсан. Энэ талаарх бүртгэл баримт Нэгдүгээр төв эмнэлэгт ч байгаа. Миний эгч ямар ч буруугүй. Одоо эгч, ах хоёр маань тайван байхыг л хүсч байгаа. Тухайн үед гэр бүлийнхэнд маань дарамт сэтгэл зүйн асуудлууд ихээхэн тулгарсан. Унгар улсаас дүү маань хүртэл холбогдож маш их стресстэй байсан. Ерөнхийдөө гэр бүл маань 14 хоногийг хэцүү байдалд өнгөрөөсөн. Эгч маань тэнд уйлаад, ээж маань энд уйлаад байсан. Ер нь бол сэтгэлийн юм чинь маргааш нар мандахаар арилчихгүй шүү дээ. Ингээд үзэл бодлоо илэрхийлсэн, бодит байдлыг хуваалцсан бичлэг лайв оруулсны дараа над руу гурван мянга гаруй чат ирсэн л дээ. Ховдоос хүртэл холбогдож “Ховд брэндийн хүүхдийн эсгий гутал хийдэг юм аа. Тэрийгээ явуулъя” гэх мэтчилэн ард түмэн биднийг зөвөөр ойлгосон. Ер нь бол гэр бүлээ хамгаалж өөрийгөө зөв илэрхийлсэн гэж бодож байгаа.

Сошиал сүлжээнд хүүхдэд Хүрэлсүх гэсэн нэр өгсөн хэмээх мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Тэр эгзэгтэй үед улс төртэй холбоотой, тэр дундаа Засгийн газрыг тэргүүлж буй хүний нэрийг өгөх нь зохимжгүй шүү дээ. Тэгэхээр өөр нэртэй гэсэн үг. Миний хувьд компьютерийн техникийн инженер мэргэжилтэй учраас сошиал сүлжээнд тавьсан мэдээллийг бүгдийг харсан л даа. Нэг сайт дээр “Эцэг эх нь хүүдээ Хүрэлсүх гэдэг нэр өгчээ” гэсэн буруу ташаа мэдээлэл гарсан. Манай эгчийн гэр бүл хоёр охин, хоёр хүүтэй боллоо. Хамгийн бага хүүдээ Д.Сүлд-Очир хэмээх нэрийг хайрласан. Дашмягмарын Сүлд-Очир маань одоо сар гаруй хоногтой, эрүүл саруул өсөж бойжиж байна. Эцэг эх нь ХӨСҮТ-өөс гараад гэртээ харьсныхаа дараа нэр өгсөн. Монгол хүмүүс чинь шашинд тодорхой хэмжээгээр итгэж, шинэхэн төрсөн хүүхдэдээ нэр хайрлахыг лам хуваргаас асуудаг шүү дээ. Энэ жишгээр ах эгч маань отгон хүүгээ Д.Сүлд-Очир хэмээн нэрлэсэн. Хүүхэд бол амьдралын аз жаргал, баяр баясгалан юм.

Та гэр бүлээ товчхон танилцуулбал?

-Манайхан 2003 онд гэр бүлээрээ Хөвсгөл аймгаас хотод нүүж ирж байсан. Хүүхдүүдээ төв суурин газар өсгөе гэсэн аав ээжийн бодлоор ирж байлаа. Аав ээж маань дөрвөн хүүхдэдээ зөв үлгэрлэж хүмүүжүүлсэн.Одоо бид бүгд амьдрал зохиож тусдаа гарсан байна.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *