Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН арваад жилийнхээ ойг тэмдэглэх хэрэгтэй байсан юм

Бидний мэдэхээр МАН 2010 онд байгуулагдсан. Тиймээс ч МАН-д зуун жилийн ой ямар ч хамаа байхгүй. Гэтэл сүр дуулиантай тэмдэглэж, хэдэн өдөр телевизийн дэлгэцээр өөрсдийгөө дөвийлгөн магтаж, хүндэтгэлийн тансаг хүлээн авалт хийхдээ олон тэрбумыг баярын арга хэмжээнд зарцуулжээ. “Зуун жилийн ойг Тусгаар тогтнол-Хөгжлийн зуун” гэж уриатай энэ арга хэмжээ коронагийн үеийн анхааруулгатай үед болсон гэхэд ихэд нижгэр боллоо. Харин МАХН 1921 онд байгуулагдсан учраас 100 жилийн ойгоо энэ жил тэмдэглэх нь зүй юм. МАХН Монгол Улсын тусгаар тогтнолыгавчирсан гавьяатай гэж ярьдаг. Гавьяа юу байхав, Ардын хувьсгалыг хийснийгээ л хэлээд байгаа хэрэг. Харин Монгол Улсыг хөгжүүлсний хувьд магтаад байх юм МАХН-д байхгүй. Манай улс 1921 онд Ардын хувьсгал болсноос хэзээ хойно 1950 онд хоёр Солонгосын дайн эхэлж, гурван жил үргэлжилсэн. Дайны дараа БНСУ дэлхийн хамгийн ядуу орон байв. Өнөөх ядуу Солонгосыг өнөөдөр хар даа. Зөв бодлогоор хөгжиж, ашигтай хөрөнгө оруулалтыг татаж чадсан Солонгос улс бүс нутагтаа үсрэнгүй хөгжлөөрөө тэргүүлж байна. Сингапурыг хар. Дэлхийн хоёрдугаар дайны үед Английн колони байсан. Байгалийн баялаг гэх юмгүй энэ улс Азидаа төдийгүй дэлхийн хэмжээний хүчирхэг улс болж чадсан. 1965 онд гэхэд ертөнцийн буурай орны нэг л байсан шүү дээ. Өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүн нь эдийн засагчдын таамгаас давдаг болсон. Биднээс хэзээ хойно гараанаас гарсан, дайн дажин зовлон үзсэн гэхэд тэд хөгжлөөрөө холоо тасраад явчихлаа.Бид харин үзэл сурталжсан нэг намтай бүтэн зууныг угтаж, бараг ихэнхдээ удирдуулж ирснийхээ гороор Солонгос, Сингапураас илүү байгалийн баялагтай, өргөн уудам газар нутагтай хэрнээ өнөөдөр эдийн засаг нь уруудчихсан. Нэг зээлээр нөгөө зээлээ төлсөн шигээ дотоодын хэрүүл тэмцэлтэйгээ шинэ зууныг угтаж байна. Зуун жилийн ой тэмдэглэгсэд “Хөгжлийн зуун” гэж лоозогнож байгаа нь улайхгүй улаан нам юм даа л гэж бодоход хүргэлээ. Модон жорлонтойгоо л зуун жил болчихсон байна шүү дээ. Эсгий таавчигаа үндэсний үйлдвэрлэл гээд талх тариахан үйлдвэрлэхээс хэтэрсэнгүй дээ. Алаг дэлхийн улс орон дижитал ертөнц, сансар гариг, робот энэ тэр л ярих юм. Хүний улсын дарга нарт атаархмаар. Тэгээд харахаар энэ намын гай ихээ.

МАХН-ын гавьяа гэхээр оросуудыг авчирч тэмбүүнээс салгасан гэсэн тархи угаасан мэдээллээ одоо ч гайхуулан ярьсаар байна. Энийг сонсвол хүн төрөлхтөн биднээс ичихээр болсон доо. Бүхэл бүтэн зуун жилээр удирдсан нам нь орчин үед хамгийн амархан эдгээдэг болсон өвчнөөс өөр олигтой гайхуулах юмгүй байна гэдэг ичмээр хэрэг. Зуун мянган хүнийг хоморголон устгах, хэдэн хүнийг тэмбүүнээс салгах хоёрыг арай харьцуулаад байгаа юм биш биз.

МАХН бол зуун мянган хүнээ хэлмэгдүүлсэн нам. Зуун удаа зуун жилийн ой тэмдэглээд, зуун мянган удаа л гуйгаад энэ нүгэл арилахгүй. Энэ нүгэл хүн төрөлхтөн хөгжих тусам, цаг хугацаа өнгөрөх тусам улам ихээр ярих болно. Хүн төрөлхтөн хүний эрх, эрх чөлөө, энэрэнгүй нийгмийг хүсдэг зорьдог, бүтээдэг болсон.

Саяхан Солонгосын алдартай од бага байхдаа хүүхэд дээрэлхдэг байсан нь шуугиан тарьж, хамтран ажилладаг компаниуд гэрээгээ цуцалж, нийгмээрээ түүнийг эсэргүүцсэнээр түүний карьер бараг дуусч байх шиг байна. Хүн төрөлхтөн ийм замаар явж байгаа. Еврейчүүдийн 1945 онд хоморголон устгасан нь одооч хүн төрөлхтөн ярьдаг аймшигт сэдэв. Германчууд энэнээс ичиж нэрэлхдэг, энэ тухай ярихаас ч санаа нь зовдог.Үүнийхээ төлөө огт хүн алж байгаагүй орчин үеийн иргэн нь ч уулчлалт хүсдэг.

Гэвч түүх мартахгүй. Манайх 1930-аад онд их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд 100 мянган хүнээ геноцид хийж алж, устгасан. Зуун мянган хүний амины хажууд тусгаар тогтнол ч утгагүй шүү дээ. Мянга мянган жил үе дамжин амьдарч ирсэн тэр олон хүний үр удмыг үндсээр нь таслаад хаячихаж байгаа юм. Үүн шиг аймшигтай зүйл гэж байх уу. Ах дүү, аав ээж, тэр байтугай насанд хүрээгүй хүүхэд, хэвлийдээ хүүхдээ тээж явсан давхар биетэй эмэгтэйг ч МАХНын энэ аймшигт аллага хамарсан байдаг. Одоо ч хэлмэгдэгсдийн үр сад энэ хоморголон устгалтын хар сүүдрийг мартаагүй. Энэ том нүглийг МАН булаацалдаж байхаар МАХНд нь үлдээхгүй дээ.

Тэр хядлагыг монголчууд байтугай дэлхий ч мартахгүй. Зуун жилийн цуст ой гэмээр энэ өдрүүдийг санагалзан Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой тэд юунд төсвийн мөнгийг үрэн таран хийж алга нижигнүүлэн ташиж, баярын хурал, концерт хийж, өнөөх иргэдээ хөл хорьж цагдаад байсан хэрнээ өөрсдөө амны хаалтгүй таахалзаж, тэврэлдэн үнсэлцэж байгааг юу гэх вэ.

МАН энэ муухай нэрнээс ангижрах боломж байсан. Гэтэл сүр ихтэй зуун жилийн ой тэмдэглэж байгаа нь тэр гайг өөртөө наагаад цааш явах болсноо харуулчихлаа. Уг нь МАН Монголдоо л барууны нам шиг байгаа шүү дээ. Барууны үзэл баримтлалтай гэгдэх АН хөл толгойгүй болж, үзэл баримтлал нь ч тодорхойгүй байхад МАН хөрөнгө чинээг хамгаалдаг төдийгүй Монголын хамаг баячууд нь МАН-ын гишүүн байна. МАХН-тай энэ нүглийг л булаацалдаж барьцах хэрэггүй байсан юм. Өнөө маргаашийн гавьяанд эрдэж, МАХН-тай 100 жилийг булаацалдаж байхаар алсаа бодсон бол арваад жилийнхээ ойг тэмдэглэх хэрэгтэй байлаа.

Б.ДОНРОВ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *