Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын сургуулийн гурван багш нийлж, сурагч охидоо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан. Энэ талаар хохирогч охины ээж хэрэг цагдаагийн байгууллагад анх мэдэгдэж, “Охиныг нь үл таних залуучууд зочид буудалд хүчирхийлсэн” гэжээ. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулахад 15 настай охидыг согтуурсан байх үед нь сургуулийн багш нар нь хүчирхийлсэн болохыг тогтоожээ. Согтуугаар хүчирхийлэл үйлдсэн гурван багшийг цагдан хорьсон ба тэд жигшүүрт ийм хэрэг үйлдсэнээ санахгүй байна. Согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн байсан хэмээн мэдүүлжээ.
БШУЯ өчигдөр яаралтай хурал зарлан, дээрх жигшүүрт хэргийг үйлдсэн багш нарыг ямар шалгуураар ажилд авсныг тогтоох, Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын үнэлгээг бууруулах, зохих албан тушаалтанд хариуцлага тооцох, мөн багшлах эрхийг нь бүрмөсөн хасах тухай ч хэлэлцсэн байна. Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ч.Ундрам өчигдөр мөн мэдэгдэл гаргаж, хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй, цаашид эрчимтэй тэмцэнэ гээд ийм явдал гарсанд харамсч буйгаа илэрхийлсэн юм.