Улсын онцгой комиссоос өчигдөр хөл хорионы үеэр сар шинийн барилдаан зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн юм.
Монголын үндэсний бөхийн холбооноос Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд мөрдөж, сар шинийн уламжлалт барилдааныг ирэх хоёрдугаар сарын 11-ний битүүний өдөр Монгол бөхийн өргөөнд үзэгчгүй зохион байгуулна гэж мэдэгдэж байв. Үүнтэй холбогдуулан барилдаанд ажиллах ажиллагсад, жаяг дэгийн баг, барилдах бөхчүүд, заагдсан буудлуудад хоёрдугаар сарын 10-ны 17.00 цагаас эхлэн тусгаарлагдаж, нийтдээ хоёр удаа түргэвчилсэн шинжилгээнд хамрагдана гэсэн журам батлаад байсан юм.
Харин өчигдөр Шадар сайд С.Амарсайхан “Үндэсний бөхийн холбоо болон бөхчүүдээс сар шинийн барилдаан зохион байгуулъя гэсэн санал ирсэн. Хөл хорионы үеэр бид сар шинийн барилдаан зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Бөхчүүд болон бөхийн холбооныхон ч ойлгох байх. Бид зохион байгуулах талаар бодож үзсэн ч эрсдэл өндөр байгаа учир боломжгүй гэж шийдсэн. Энэ удаад өнжиж байна” хэмээсэн юм. Ийнхүү сар шинийн хүчит бөхийн барилдаан хоёр жил дараалан цар тахлын улмаас цуцлагдлаа.