Коронавирусийн халдварт цар тахлын эсрэг вакцин импортлох ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллаж байгаа юм. Тус ажлын хэсгийн ээлжит хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцож ДЭМБ болон цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэж буй бусад улс орнууд, томоохон үйлдвэрүүдтэй явуулж буй яриа хэлэлцээрийн талаар “ДЭМБ-ын “ковакс” хөтөлбөрийн хүрээнд авах вакцинаа яаралтай оруулж ирэхээс гадна бусад улс орнуудаас вакцин авах талаарх яриа хэлэлцээрүүдийг ч эрчимжүүлж, үр дүнд хүрэх нь зүйтэй” гэсэн юм. Тэгвэл бид ЭМЯ-наас хоёрдугаар сард Энэтхэгээс орж ирэх вакцины үйл явц ямар шатандаа явж байгаа талаар тодруулахад “одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй. Вакцин худалдан авах үйл ажиллагааг Сангийн яам хариуцаж ажиллаж байгаа. Эрүүл Мэндийн Яам вакцин орж ирсэн тохиолдолд хүн амаа дархлаажуулах ажлыг зохион байгуулна” гэсэн юм.
Мөн вакцины талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн “Дэлхий даяар 170 ба түүнээс дээш тооны коронавирусийн эсрэг вакцин туршилтын өмнөх шатандаа бүтээгдэж буй. Тэгвэл эмнэл зүйн нэгдүгээр шатанд 18, хоёрдугаар шатанд 23, гуравдугаар буюу сүүлийн шатандаа 22 вакцин туршигдаж байгаа. Харин одоогоор ДЭМБ-аас гурван төрлийн вакцинд хүнд хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа юм. Үүнд BioNTech-Pfizer, Moderna, Oxford/AstraZeneca зэрэг компанийн бүтээсэн вакцинууд багтаж байна.
Вакцинтай холбоотой асуудлаар иргэдийн анхаарч, мэдэх ёстой зүйл бий. Тухайлбал, дээрх бүх вакцин хоёр удаагийн тун буюу хоёр удаа хийж байж дархлаа тогтооно гэдгийг санах хэрэгтэй. Хоёр тунгийн хоорондын хугацаа нь вакцины онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг. Тухайлбал, BioNTech/Pfizer-ийн вакцин нь эхний тун хийлгэснээс хойш гурван долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийх ёстой байдаг.
Харин Moderna, Oxford/AstraZeneca зэрэг компанийн вакцины хоёр дахь тунг дөрвөн долоо хоногийн зайтай хийдэг. Ингээд хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш дор хаяж дөрвөн долоо хоногийн хугацаанд таны биед коронавирусийн эсрэг бүрэн дархлаа тогтох юм” гэсэн юм.
Энэтхэгээс манай улсад орж ирэх “AstraZeneca” компанийн коронавирусийн эсрэг вакцины талаар Оном сангийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Д.Наранжаргалтай ярилцлаа.
-Хүн амын 70-аас дээш хувь вакцин хийлгэсний дараа сүргийн дархлаа тогтож бид хэвийн амьдралдаа шилжих боломжтой гэж ойлгосон. Тэгэхээр манай улсын хувьд зээл тусламжид хамрагдсан энэ байдлаараа явбал эргээд хэвийн амьдралдаа шилжих явц удаашрах төлөвтэй харагдаад байна. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?
-Одоогоор батлагдсан вакцинууд бүгд хоёр тунг хийлгэж байгаа. Мөн вакцин хийлгэчихээд сарын дараа очоод хийлгэе гэхэд вакцины хангалт нь байж байх хэрэгтэй. Мөн хийлгэсэн гэдгийг цахим байдлаар сайн бүртгэх хэрэгтэй. Эдгээр бэлтгэл ажлуудад нэлээд бэлтгэл шаардана л даа. Ихэнх улсуудын туршлагыг харахад олдоцтой вакцин сонгоод түүнд таарсан хүйтэн хэлхээг бэлдэх, хоорондын зай, хангалт яаж ирэх зэрэгт анхаарч байна. Нөгөөтэйгүүр одоо хамгийн чухал нь олдоц л байх шиг байна. Ихэнх нь клиникийн судалгааны үр дүн нь гарчихсан. Тэр үр дүнг нь харж байгаад тоо баримт, стандартын дагуу нийцэж байгаа тохиолдолд аль нь хамгийн түрүүнд олдох нь вэ гэдэг нь л чухал зүйл болоод байна. Вакцины олдоц долдугаар сараас гайгүй болчихно л доо. Маш олон компани үйлдвэрлэлийнхээ тоог өсгөх гэж хичээж, улс орнууд хоорондоо өрсөлдөөд амаргүй л байна.
-Энэтхэг улсаас “AstraZeneca” компанийн вакцин Монгол Улсад энэ долоо хоногт ирнэ гэсэн мэдээлэл байна. Энэ вакцин хэзээ ДЭМБ-д бүртгэгдсэн үү. Хэр найдвартай талаар яриагаа үргэлжлүүлье?
-Энэтхэгийн мэдээллийн сайтууд дээр Монголд тусламжаар 150 мянган тун вакцин явуулна гэж бичсэн байна лээ. Манай улс дахиад нэг сая тун захиалсан, харин 150 сая тун вакцин нь тун удахгүй ирэх юм байна гэж ойлгож байгаа. Энэтхэгийн мэдээллийн сайтад нэг сая тун вакцины хүргэлт хэзээ хийх нь тодорхойгүй байна гэж бичсэн байна лээ. Түрүүлж ирэх 150 мянган тун вакциныг өндөр эрсдэлтэй бүлэг болох эмч, эрүүл мэндийн ажилчиддаа түрүүлээд хийх болов уу гэж таамаглаж байна.
-Тухайн вакцины үр дүнгийн талаар та бүхэн мэдээж судалж байгаа байх. Үр дүнгийн талаар ярихгүй юу?
-“AstraZeneca”-гийн вакцин одоохондоо ДЭМБ-аар батлагдаагүй байгаа. Гэхдээ батлагдах нь тодорхой гэж ойлгож болно. Яагаад гэхээр “AstraZeneca”-ийн вакцин Англи, Европын эмийн агентлагуудад батлагдчихсан. Европын эмийн агентлаг таван хоногын өмнө баталчихаж байна гэхээр ДЭМБ-аар батлагдах нь ойлгомжтой л доо. 60 хувийн үр дүнтэй гэж тооцож байгаа. Яг гарч ирж байгаа үр дүнгээрээ бол нөгөө хоёр вакцинаа бодвол арай бага үр дүнтэй гарч байгаа. Гэхдээ одоо Англи улсад хамгийн өргөн тоотойгоор хийж байгаа. Түүнээс ажиглахад 18-55 насны хүмүүст нэлээд сайн үр дүнтэй байна гэдэг нь харагдаж байгаа. Тийм учраас манайд хийхэд боломжийн юм байна гэж харж байна. Үнийн хувьд хямд. Мөн хүйтэн хэлхээ бол тийм амархан биш. Тэгэхээр “AstraZeneca”-гийн хувьд хүүхдийн вакциныг хадгалдаг хөргөгчинд хадгалаад хэрэглэж болно гэдэг нь манайд байдаг хүйтэн хэлхээг ашиглах боломжтой гэсэн үг. Үүгээрээ давуу талтай байгаа юм.
-Вакцинд хамрагдсан иргэдэд гаж нөлөө, хариу урвал үзүүлсэн зүйл бий юү?
-Гуравдугаар шатны судалгааг хийж дуусгаж байж вакцин хийнэ гээд хүлээгээд байгаа шүү дээ. 150 гаруй вакцин хөгжүүлэлтэд явж байгаа. Гэхдээ яг одоо бүртгэгдсэн гурван вакцин байна. Нэмээд вакцинууд ч батлагдах гэж байна. ДЭМБ-д бүртгэгдсэн вакцинууд нь гурав дахь шатны судалгаа буюу 30 мянга гаруй хүн судалгаандаа хамруулаад түүнийхээ гаж нөлөө, хариу урвалыг тодорхойлчихсон байгаа юм. Израиль гэхэд хүн амынхаа 50 гаруй хувийг вакцинжуулчихлаа. Ингэхэд гарч байгаа гаж нөлөө айхавтар өндөр биш байна. “AstraZeneca” компаний вакцины хувьд гаж нөлөө харьцангуй бага байгаа. Гарч байгаа гаж нөлөө нь жирийн вакцин хийхэд гардаг бага зэргийн ханиад хүрсэн мэт шинж тэмдэг, тариа хийсэн газар нь хөндүүрлэх зэрэг нөлөөлүүд байгаа. Түүнээс илүү том гаж нөлөө гараад байсан юм алга. Хэвлэлээр вакцин хийлгэснээс болж хүмүүс нас барж байна гэсэн мэдээ яваад байсан. Гэхдээ вакцин хийснээс шалтгаалаад нас барсан байна гэсэн судалгаа гараагүй.