ОХУ-ын сөрөг хүчний улстөрч, Ерөнхийлөгч В.Путиныг шүүмжлэгч Алексей Навальныйг шүүх хурал Москва хотын шүүхэд монголын цагаар 16:00 цагта эхэлжээ. Түүнийг хорих байрнаас нь гаргаж шүүхийн байранд авчирсан байна.
Өнгөрсөн Ням гаригт Алексей Навальныйг суллахыг шаардсан хоёр дахь эсэргүүцлийн жагсаал ОХУ-ын олон хотод болж өнгөрсөн бөгөөд бороохой, нулимс асгаруулагч хийгээр зэвсэглэсэн цагдаа нар жагсагчдыг хөөн тарааж, бөөнөөр баривчлах арга хэмжээ авсан юм. Өнөөдрийн шүүх хурлаар хэрвээ түүнд хорих ял оноовол жагсаал тэмцэл дахин өрнөж магадгүй байна.
ОХУ-ын Шүүх өмнө нь А.Навальныйг өөрийн төрсөн ахтайгаа хамтран “Ив Роше” фирмийн ОХУ дахь салбарт хувийн компаниараа дамжуулан үйлчилгээ үзүүлэхдээ үндэслэлгүй хэтэрхий өндөр үнэ хөлс авч 55 сая рублиэр хохироосон гэх хэргээр шүүж, 3.5 жил ял өгч байсан. Тухайн үед “Ив Роше” фирм өөрсдөд нь ямар ч хохирол учраагүй гэж гэж мэдэгдэж, захирал нь шүүх хуралдаанд ирээгүй байхад үл харгалзан тэнсэх ял өгч байв.