БНХАУ-ын Засгийн газар цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа Хятадад суралцдаг гадаадын оюутнуудыг эргэн ирж, танхимаар хичээллэх асуудлыг зохион байгуулах болно хэмээн тус улсын ГХЯ-наас 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр албан ёсоор мэдэгдэв.
Гадаад харилцааны яамны Консулын газар БНХАУ-д суралцдаг монгол оюутнууд Хятад руу буцаж, танхимаар хичээллэх хүсэлтэй байгаа талаараа гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан Хятадын Боловсролын яам, БНХАУ-ын Гадаад оюутны тэтгэлгийн асуудал эрхлэх хороонд тус тус хандаж, мөн дээрх хариуг авсан.
БНХАУ-ын Боловсролын яамнаас цар тахлын онцгой цаг үед Хятадад суралцдаг гадаадын бүх улсын оюутнууд тус улсын ГХЯ, Улсын цагаачлалын удирдлагын газраас гаргасан шийдвэрийг даган мөрдөж байгааг онцлон тэмдэглэсэн болно.
Энэ ташрамд мэдэгдэхэд БНХАУ-ын Засгийн газар 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг түр зогсоох шийдвэр анх гаргасан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Хөдөлмөр эрхлэх, гэр бүлийн зорилгоор оршин суух, хувийн зорилгоор орших суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Гэвч сүүлийн үед БНХАУ-ын зарим хот, мужид коронавируст цар тахлын дотоодын халдвар олноор бүртгэгдэж байгаагаас гадна, зөөвөрлөгдсөн тохиолдлууд нэмэгдэж, удахгүй Хятадын Хаврын баяр болох гэж байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр журмаа чангатгаж эхэлжээ.