Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баянхайрхан ууланд эхээсээ төөрөөд хаягдаж хоцорсон янзагыг малчин гэр бүл авчирч тэжээсэн аж. Түүнийг өөрийн хүү мэт өхөөрдөж Борхүү гэж нэр өгчээ.
Янзагыг тэжээн тэнхрүүлсэн малчин айлын гэргий Д.Буянтогтохтой ярилцлаа.
-Сайн байна уу. Танай гэр бүлийг эхээсээ төөрсөн янзагыг авчирч тэжээсэн гэж дуулсан юм. Анх хэзээ авчирсан бэ?
-Сайн байна уу. Анх хань маань хадан дунд эх нь хаяад явчихсан зээрийн янзагыг тавдугаар сард авчирч байсан юм.
-Гэртээ авчраад юу өгч тэнхрүүлж байв?
-Хүүхэд угжиж байгаа юм шиг л сүүгээр хооллосон. Эхлээд хамаагүй өгдөг байсан юм. Тэгээд хамаагүй өгөөд байхаар шингэн алдаад дараа нь цагаар өгдөг болсон. 500 граммаар өдөрт 4-5 удаа угжина. Тэгээд наймдугаар сараас эхлээд хоёр литрийн ундааны саваар сүүг нь өгдөг болсон. Том болоод ирэхээрээ өдөрт 5-6 литр сүү уудаг болчихдог. Хоёр сар гараад тэжээлдээ идээшээд тэнхэрч эхэлсэн.
-Одоо гэрийн гадуур байх уу. Эсвэл мал сүрэгтэй хамт бэлчээрт явдаг уу?
-Анх авчрахад мал төллөж байсан учир төл малтайгаа цуг хонуулдаг байлаа. Одоо бол гэрийн гадаа л байна даа. Шөнө хонин дотроо хоночихдог. Хивэг, өвс гээд идэхгүй зүйл байхгүй.
–Танай хавиар өвөлжилт хэр байгаа вэ?
-Өвс, тэжээл тааруу ч одоохондоо өвөлжилт гайгүй л байна.
-Янзагаа Борхүү гэж нэрлэсэн байсан?
-Ямар нэр өгөх талаар гэрийнхэнтэйгээ зөвшилцөөд Борхүү гэж нэрлэсэн. Өнгө нь бор болохоор бор. Мөн эр учир хүү хэмээсэн юм. Одоо хаанаас ч дуудсан нэрээ андахгүй шүү дээ.
-Таныг хол явахаар санадаг байх даа?
-Намайг сум, аймаг гээд хол явахаар сүүгээ уухгүй хадан дунд очоод хэвтчихдэг. Тэгээд ирээд дуудаад сүүг нь өгөхөөр уучихна. Өхөөрдөм амьтан байгаа юм. Сүүлдээ намайг дагана. Би чинь нуугдаад л хол газар явдаг. Яг л хүүхэд шиг. Удахгүй ой хүрэх гэж байгаа. Миний дуу гарч байвал гэрийн гаднаас холддоггүй. Манай хүүхдүүдээс хамгийн эрх нь янзага минь юм даа.
-Удахгүй ой хүрнэ гэлээ. Та анх авчирснаас эхлээд хамт авахуулсан зураг их бий юү?
-Хамт авахуулсан зураг олон байгаа. Нэг сартайгаас нь эхлээд сар бүр зураг даруулдаг байсан юм.
-Ер нь тэжээвэр амьтад их эрх байдаг шүү дээ. Амттай зүйл өгөхөд шууд л идчихдэг. Борхүү амттанд хэр дуртай вэ?
–Амттанд их дуртай. Ялангуяа бурамтай чихрэнд “нугасгүй” шүү дээ. Чихэр, боорцог гээд юу ч хамаагүй иднэ. Өглөө сүүтэй цай чанаад л бөөндөө ууна. Яг л гэр бүлийн гишүүд шиг. Өглөө, өдөр, орой гээд сүүтэй цай өгчихдөг юм.
-Том болоод ирэхээрээ өрөө сүрэг рүүгээ явчихдаг гэдэг?
-Том болохоороо явчихдаг л гэдэг юм. Буга урамдахаар явчих байх гэж хааяа боддог юм. Ижил сүргээ сайн мэдэхгүй учраас яах эсэхийг мэдэхгүй л байна.
-Багаас нь тэжээгээд танай гэр бүлийн нэг гишүүн болчихжээ. Хэрвээ явчихвал та хэд үгүйлэх байх даа?
–Бид түүнд дасчихсан болохоор их л эвгүй байх.