ОХУ-ын төрийн тогтолцоо, авлигыг хүчтэй шүүмжлэгч, Путиныг эсэргүүцэгч, блогер, хуульч мэргэжилтэй тэрээр 1976 онд Москвад цэргийн албан хаагчийн гэр бүлд төржээ.
А.Навальный ОХУ-ын Улс Түмний Эв Найрамдлын сургуулийн хуулийн факультетийг хуульч мэргэжлээр төгсчээ. “Аэрофлот” банк болон “ST Group”-т хуульчаар ажиллаж байх хугацаандаа ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн академид давхар суралцсан юм байна. 2008 онд тэрбээр “Транснефть”, “Сургутнефть”, “Газпромнефть”, “Роснефть”, “ВТБ”, “Сбербанк” зэрэг компанийн хувьцааг худалдан авчээ. Тэрбээр бүрэн эрхт хувьцаа эзэмшигч болсны дараагаар дээрх байгууллагын менежментийн үйл ажиллагааны тухай мэдээлэл авахыг шаардаж байсан байдаг.
Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг эрс шүүмжилж, авлигын эсрэг хөдөлгөөн өрнүүлдгээрээ алдартай. 2011-2012 оны сонгуулийн жилүүдэд олон мянган хүнийг гудамжинд уриалан гаргаж чадсан, сөрөг хүчний албан ёсны бус удирдагч болсноороо нэр нөлөө нь эрс нэмэгдсэн байдаг. Алексей Навальныйгийн зохион байгуулсан тэдгээр жагсаал цуглаанууд Путины төр барьсан жилүүдийн хувьд хамгийн томоохонд тооцогддог.
2013 онд ОХУ-ын эрх баригчид түүнийг төрийн өмчит компаниас хагас сая ам.доллар залилсан хэмээн авлигын хэргээр таван жилийн ял оноосон ч 2016 онд ОХУ-ын Дээд шүүх тус шийдвэрийг хүчингүй болгосон юм. Мөн Алексейг 2017 онд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийж амгалан тайван байдал алдагдуулсан хэргээр баривчилж байсан удаатай. 2018 оны ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн нэрээ албан ёсоор дэвшүүлж байсан юм. ОХУ-д хүчээ авч буй эсэргүүцлийн жагсаалын гол шалтгаан нь Алексей Навальныйг хордуулж, баривчилсантай холбоотой. Энэхүү жагсаалд оролцсон түүний эхнэр Юлия Навальнаяг ч баривчлаад байгаа юм.