Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Ганбаатар: Ажил олгогч хэдий чинээ ажилтан авна, төдий чинээ дарамт нь нэмэгдэхээр болж байна

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэж эхлээд байна. Хуультай холбоотойгоор янз бүрийн санал, шүүмж нийгэмд өрнөж байна. Таны хувьд уг хуулийн төслийг ажил олгогчдод хэтэрхий дарамт учруулсан хууль боллоо гэсэн байр суурь илэрхийлсэн. Яагаад ийм байр суурь илэрхийлэх болов?

-Хөдөлмөрийн тухай хууль өөрчлөгдөнө гэсээр багагүй хугацаа болж байгаа. Өмнөх парламентаар хэлэлцэх үед гишүүд ажил олгогчийг хэтэрхий үүрэгжүүлсэн байна гэснээр хууль буцсан юм. Одоогоор Хөдөлмөрийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслөөр өмнөх хуульд байгаагүй 380 орчим хэсгийг шинээр нэмжээ. Эдгээрээс 100 гаруй нь ажил олгогчид үүрэг болгосон, хориглолт тогтоосон заалт байгаа бол ажилчинд үүрэг болгосон нь арваадхан байгаа юм. Энэ харьцаанаас л ажил олгогч, ажилчин хоёрын хүлээх үүргийн зөрүү нь харагдах байх. Ажил олгогчдтой холбоотой зохицуулалтуудыг хийхдээ хар бараан талыг нь илүү харж хийсэн юм уу даа гэж бодогдож байна. Хэтэрхий шулаач, мөлжигч мэтээр харж асуудалд хандаж. Угтаа тэнцвэртэй байдлыг л харах ёстой юм.

-Та хуульд орж буй гол зохицуулалтуудаас дурьдахгүй юу?

-Байнгын хороогоор дэмжигдсэн саналын 2.5-д Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээг тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ гэж байгаа. Хууль санаачлагчид хуулийнхаа эхэнд л ийм заалт хэрэглэж байна гэдэг тусгаж буй зохицуулалтуудаа хооронд нь тулгаж харьцуулаагүй л гэсэн үг. Ер нь зарим хуулиудад үүсэх асуудлаас бултсан гэж хэлж болохуйц ийм зүйл заалт хэрэглэдэг л дээ. Мэдээж ажилтанд эрх олголгүй яахав. Гэхдээ ажил олгогч болоод ажилтанд олгож буй эрх үүрэг ижил тэнцүү байж ажил урагш явна, хийж бүтээнэ. Тэд хамтдаа ямар нэгэн зүйл хийж, бүтээж, бусдад үйлчлэх гэж байгаа л хүмүүс шүү дээ.

Харин дээрх зохицуулалт хуульд туссанаараа хоорондын маргаан ихэснэ, бүтээлч байдал багасна. Мөн ажилчны төлөөллөгчийн саналыг харгалзан аж ахуйн нэгж байгууллагын дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журмыг тогтооно гэсэн зохицуулалт тусчээ. Байгууллагын дотоод соёл, зохион байгуулалтыг тухайн байгууллага өөрөө тогтоодог. Энэ хуулиар ажилтнаас асууж байж дотоод журмаа тогтоох нь байна. Би ажилчин байлаа гэж бодоход бага цаг ажиллаж, их амрахыг л хүснэ. Ажилтан бүр ийм л бодолтой байх нь мэдээж, тэгэхээр байгууллагын ажил хэрхэн явна гэсэн үг вэ.

Төслийн 62.3-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүй цуцлагдсан ажилтныг ажлын байранд эргүүлэн тогтоосон бол шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл хугацаанд урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговрыг олгоно гэж. Энэ нь нэг талаар зөв. Төрийн алба бол хөдөлмөрийн зах зээлийн маш том ажил олгогч. Төрийн байгууллагад сонгууль зэргээс шалтгаалж ажилтныг үндэслэлгүйгээр халах, чөлөөлөх асуудал их гардаг. Тэр тохиолдолд үндэслэлгүйгээр халж солиод байгаа нөхдүүдэд хариуцлага тооцоод халагдсан хүмүүст ажилгүй болсон хугацааных нь цалинг өгөх нь байж болох асуудал. Нөгөө талаар энэ асуудлыг Хөдөлмөрийн хуулийг хэрэглэх том субьект болох хувийн хэвшлийнхэнд ялгамжтай авч үзмээр байна. Хувийн хэвшил ажлын гүйцэтгэл сайтай, ур чадвартай ажилтныг ялих шалихгүй үндэслэлээр халах сонирхол байхгүй. Үнэхээр компанийн ашиг чанарт туслахгүй, ажлын үр дүн гаргахгүй байгаа хүнийг ажлаас чөлөөлж таарна. Харин чөлөөлөх үедээ жижиг аж ахуйн нэгжүүд хуулийн процесс талаасаа бага сага алдаа гаргасны төлөө шүүхэд дуудагдаж таарах нь. Шүүх дээр шийдэгдэж байгаа маргааны 60 гаруй хувь нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнтэй холбоотой байдаг гэх судалгаа бий.Түүнийх нь 80 орчим хувь нь ажилтны талд гардаг. Тиймдээ ч дээрх зохицуулалт хувийн хэвшилд түвэгтэй байдлыг үүсгэхээр байгаа юм. Үнэхээр халах ёстой хүнээ халчихсан, халах үедээ бага зэрэг алдаа гаргачихад л шүүхэд дуудагдаж таарч байгаа юм. Шүүхийн процесс тав, зургаан сар үргэлжилнэ. Маргаан үргэлжлэх хугацаанд аж ахуйн нэгж халагдсан нөхөрт дундаж цалинг нь олгосоор л байна гэдэг амаргүй. Дээрээс нь энэ зохицуулалт хуульд тусгагдсанаар хүмүүс ажил хийе гэж бодохоосоо илүү шүүх цагдаад байдаг танил талаа ашиглаад ч болтугай ажил олгогчтой маргалдаад байж байхыг илүүд үзнэ. Энэ өөрөө нийгмийг бүтээлч биш болгоно. Тиймээс энэ асуудлыг төрийн байгууллагаас ялгамжтай авч үзэх, эсвэл огт хуульд тусгахгүй байх нь хэрэгтэй.

-Үүнтэй ижил ажил олгогчид дарамт учруулахаар ямар заалтууд байна вэ?

-Хуулийн төслийн 37.1-т Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгүүлэхийг хязгаарлана гэж тусгажээ. Хүний нөөцийн ажилтан байлаа гэхэд зөвхөн тэр ажлаа л хийнэ. Өөр ямар ч ажил хийж болохгүй. Барууны бүхий л дэлгүүрүүдэд тэр өдөр жижүүрлэж байгаа хүн нь бүх цэвэрлэгээгээ хийгээд л явдаг тогтчихсон соёлтой. Энэ хуулиар бол манайд тийм байх боломжгүй болж байгаа. Үндсэн ажлаас нь өөр ажил хийлгүүлбэл ажил олгогчийг шүүхэд өгнө. Товчхондоо хүмүүсийн хийж бүтээе, томоръё гэсэн хүслийг л мохоож байна. Монголдоо очоод сурсан мэдсэн зүйлээ ажил хэрэг болгоод 20, 30 хүнийг ажилтай, орлоготой болгоё гэсэн залууст хүндхэн л тусахаар байгаа юм.

Мөн дагалдангаар бол үндсэн ажилтны 70 хувиар, туршилтаар ажиллаж байгаа үндсэн ажилтантай ижил цалин өгөх зохицуулалт тусч байгаа юм билээ. Нэгэнт ингэж байгаа юм чинь дагалдан, туршилтын гэрээтэй ажилтан гэж хооронд нь ялгах хэрэггүй баймаар. Угтаа төр өөрөө ажилчнаа дадлагажуулдаг. Ер нь ямар ч ажилтан шууд орж ирээд үндсэн ажилтны хэмжээнд ажиллаж чадахгүй. Өндөр хөгжилтэй орнуудад ажилтнаа ур чадвараас нь шалтгаалж цалинжуулдаг. Үйлдвэрчний эвлэл нь маш хүчтэй байдаг ч ажил олгогч тухайн ажилчныг хэзээ ажиллуулах, ажиллуулахгүйгээ өөрөө мэддэг. Тэр эрх нь ажил олгогчдод хадгалагддаг. Үүнийг хууль санаачлагчид сайн мэдэж байгаа байх.

Дээрээс нь 47.44-т ажилчин туршилтаар болон дагалдангаар ажиллах, дагалдангаар суралцах гэрээтэй бол Хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлахдаа хуульд заасан 30 хоногийн үүргийг хүлээхгүй гэжээ. Дагалдан, туршилтаар ажиллаж байгаа хүн хүссэн үедээ л ажлаа хаяад явчих эрхтэй гэсэн үг. Энэ мөн л учир дутагдалтай харагдаж байгаа.

-Ажилтан ямар нэгэн байдлаар ажлаасаа гарсан тохиолдолд ажил олгогч заавал тэтгэмж олгодог болж байгаа юм уу?

-Таны зөв ч бай, буруу ч бай ямар нэгэн байдлаар ажлаас гарсан тохиолдолд ажил олгогч заавал тэтгэмж өгнө. Нэг байгууллагад зургаан сараас дээш хугацаанд ажилласан л бол заавал тэтгэмж авна. Ингэснээр хүнд нэг газар удаан ажиллах сонирхол төрөхгүй байх боломжтой. Нэг газар зургаан сар ажиллаж тэтгэмж авчихаад, нөгөөд мөн адил хугацаанд ажиллаж тэтгэмж аваад л яваад байна. Эсвэл нэг байгууллагад ажиллаад тэтгэмж авч гарчихаад эргээд ажилдаа оръё гэж болох нь. Үнэхээр сайн ажилтан бол байгууллага эргэж ажилд авахгүй байх хэцүү. Ажил олгогчийн тухайд заавал тэтгэмж өгөх ёстой. Хэрэв заргалдвал дээр хэлсэнчлэн маргаан шийдэгдтэл ажилчны цалинг тухайн байгууллага олгосоор л байна.

Ажлаасаа гарсан хүн байгууллагаасаа тэтгэмж авахаас гадна төрөөс ажилгүйдлийн тэтгэмж давхар авна. Ажилгүйдлийн, ажлаас гарсны тэтгэмж авахаас гадна шүүхэд маргаан үүсгэсэн тохиолдолд байгууллагаасаа цалингаа авах нь байна. Ийм тохиолдолд тухайн хүн ямар нэгэн байдлаар ажил олгогчтой маргалдаад халагдъя, шүүхдье ингэвэл надад ашигтай л гэж бодно. Нэгэнт маргаан үүссэн бол тэр хүнд ажил хийгээд байх шаардлага байхгүй ээ гэсэн үг. Энэ бол арай дэндсэн зохицуулалт.

-Нэг бус нэлээн хэдэн нөхдүүд ийм байдлаар ажлаасаа гарчихвал өнөөх байгууллага дампуурах юм биш үү.

-Яг тийм. Үнэхээр тийм байдал үүснэ. Томоохон аж ахуйн нэгжүүд тухайн ажилчныг ингэж явуулаад байхгүй л дээ. Тэд хүний нөөцийн албатайгаас гадна хуулийн фермүүдтэй хамтран ажилладаг. Хэнийг ямар хууль дүрмийн дагуу ажилд авч, халж, сахилгын шийтгэл ногдуулах юм гэдгийг нь тэд хариуцдаг. Ганцхан Хөдөлмөрийн хууль гэлтгүй холбогдох хуулиудыг бариад тэр хүнийг зогсоох боломжийг олчихно. Гэтэл тав, арван хүнтэй жижиг компаниуд хүний нөөцийн алба байгуулж, хуулийн фермтэй хамтарна гэдэг хэцүү шүү дээ.

Үүнээс гадна хуулийн төсөлд ажлаас халагдаж байгаа хүн ямар нэгэн байдлаар ажлаа хүлээлгэж өгөхгүй яваад л байвал тэр хугацааны цалинг байгууллага төлөхөөр тусгажээ. Мөн ажил олгогч байгууллага цалингаа цагт нь тогтмол олгоогүй бол хоног тутамд алданги төлнө, Зөрчлийн тухай хуулиар торгуулна. Дээрээс нь ажилтан ажил олгогчийг цалингаа хугацаанд нь тавиагүй гэдэг үндэслэлээр ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзана. Татгалзсан хугацааных нь цалинг ажил олгогч өгнө. Энэ мэтээр ажил олгогч цалингаа хугацаанд нь тавьж чадаагүйгээсээ болж гурван төрлийн санхүүгийн дарамтад орно. Хүн үнэхээр мөнгөтэй бол ажилчдынхаа цалинг өгчихнө шүү дээ. Ялангуй жижиг аж ахуйн нэгждүүдэд асуудал байгаа учраас л цалингаа цагт нь олгож чадахгүй байгаа. Тийм байхад нь нэмээд давхацсан санхүүгийн дарамт үүсгэж болохгүй. Энэ бүгд хуульд туссан зохицуулалтуудын хэдхэн л жишээ нь. Энэ олон дарамт шахалтаас болж ажлын байр нэмэгдүүлэх сонирхолтой ажил олгогч багасна. Төрийн үүрэг бол ажлын байрыг нэмэгдүүлэх, түүнийг хөхиүлэн дэмжих. Гэтэл энэ Хөдөлмөрийн хуулиар ажил олгогч хэдий чинээ ажилтан авна, төдий чинээ дарамт нь нэмэгдэхээр болж байна. Энэ бүгдээр асуудлыг нэг талаас нь харах бус тэнцвэртэй байдлаар нь хандаач ээ л гэж хэлж байгаа юм.

-Ажил олгогч ийм үүргүүд хүлээх л ёстой гэж харснаас гарах үр дагаврыг төдийлөн анзаараагүй байх нь ээ дээ?

-Бага л анхаарч. Үйлдвэрчний эвлэлийн ч юм уу тэр чиглэлийн хүмүүсийн үгийг илүүтэй сонсчээ л гэж харж байгаа. Манайх хөгжиж байгаа орон. Бидэнд хөгжингүй улс шиг хангалттай зам гүүр, байшин барилга байхгүй. Бусад хөгжингүй улс оронд ихэнх асуудлууд нь шийдэгдчихсэн байдаг. Адаглаад дэд бүтэц нь шийдэгдчихсэн байдаг. Үүнтэй харьцуулахад бидэнд хийж бүтээх зүйл маш их бий. Бүх салбарт бид хөдлөх, хөдөлмөрлөх ёстой.

Энэ ярьж байгаа зүйлсийг хүмүүс өөр дээрээ ойлготол нэгээс хоёр жил шаардлагатай болно л доо. Хууль хэрэгжингүүт шууд маргааш нь харьцаа үүсэхгүй. Хүмүүс хооронд харьцаа үүснэ, хэсэг хугацааны дараа нь маргаан үүсч шийдэгдэхэд ажил олгогч хариуцлага хүлээнэ. Энэ цагт л ажил олгогч энэхүү хуулийн уршгийг ойлгоно. Энэ хүртэл багагүй хугацаа шаардагдана. Зөрчлийн тухай хууль нийтийг хавтгайруулан торгож байна гэдгийг өнөөдөр шат шатандаа ойлгосон. Зөрчлийн тухай хууль хэлэлцэж байх үед би “Та бүхэн улсын төсвийг торгуулиар бүрдүүлдэг болох нь, эхлээд сануулах арга хэмжээ аваач ээ” гэж зөндөө гуйсан. “Чи хувийн хэвшлийг хэт их хамгаалж байна. Өөрийгөө хамгаалах нь” гэж танхим даяараа над руу дайрч байлаа. Өнөөдөр цаг хугацаа, амьдрал өөрөө энэ хуулийг засах ёстой гэдгийг харуулж байна. Үүнтэй адил Хөдөлмөрийн тухай хуулийг санаачлагчид ч оройтоогүй дээрээ хараасай гэж бодож байна. Угтаа ажил олгогч хийж бүтээснийхээ хэрээр олон хүнийг ажлын байраар хангана, цалин хөлс нэмэгдэнэ. Хэрвээ хоорондоо маргаад байвал цалин хөлс хэзээ ч нэмэгдэхгүй. Ажил олгогч боломжтой байх тусмаа л цалин хөлсөө уралдаж нэмнэ, олон ажилтантай болохыг хүснэ, мөрөөднө. Энэ зөв цэг биш үү. Би бол зөв цэг гэж харж байгаа. Өнөөдөр эцсийн үр дүнд анхаарах бус нийгэмд гоёор харагдах нь чухал болж. Энэ тун эмгэнэлтэй. Би энэ талаар их л ярьдаг. Хэлэх нь ч миний үүрэг. Би бизнес эрхэлж байгаад УИХ-ын гишүүн болсон. Намайг одоог хүртэл УИХ-ын гишүүн гэхээсээ илүү Оргилын Ганбаатар гэж дуудах нь олонтаа байдаг. Нэгэнт л бизнес эрхэлж байгаад УИХ-д сонгогдсон хүний хувьд би бизнес эрхлэгчдийн эрх ашгийн төлөө дуугарах учиртай. Хууль эрх зүйн хүрээнд би тэднийг хамгаалах ёстой. Хэн намайг юу ч гэсэн байлаа би энэ зарчмаа барина.

-Банкны тухай хууль хэлэлцэгдэж эхлээд байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон гол зорилго нь юу вэ?

-Банкны тухай хуулийн гол зорилго нь төвлөрлийг бууруулах. Төвлөрөл буурснаар удирдлага ил тод байна. Банкийг нэг хүнээс хараат байлгах нь буруу, ил тод нээлттэй байлгах нь зөв гэсэн зарчмыг дэлхий нийтээрээ барьдаг. Тиймээс энэ хуулиар нэг хүн болоод түүний хамаарал бүхий хүмүүс нийлээд 20 хувиас дээшгүй хувьцаа эзэмшиж байх ёстой гэсэн зарчмыг барьж байгаа. Гол шинэчлэл нь энэ. Энэ өөрчлөлтийг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хийсэн байх ёстой гэж тусгасан. Түүнээс маргааш гэхэд ийм бол гэж тулгаагүй. Хэрэв биелүүлэхгүй бол Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилогдоно. Хуулийг биелүүлэхийн тулд Монголбанкнаас шахаж ажиллана, энэ үүргийг хуульд тусгасан. Дээрх зохицуулалтыг хийснээр банкууд IPO гаргаж, нээлттэй компани болж, хувьцааг иргэд худалдан авах боломж бүрдэнэ.

-Зарим гишүүд иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах хуулийн төсөл барилаа. Энэ хуулийн төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжийн дулаан, цахилгааны төлбөрийг хөнгөлж, НДШ-ийн хүү торгуулиас чөлөөлж, ипотекийн зээлийн төлөх хугацааг мөн хойшлуулж байна. Энэ алхмууд иргэдийн нуруун дээрх дарамтыг багасгаж байгаа. Үүнээс гадна ажил хийх, хөдлөх боломжийг нь олгох хэрэгтэй. Эдийн засгийн байнгын хорооны зүгээс хууль санаачлагчдад зээлийн хүүг бууруулах иргэн аж, ахуйн нэгжийг тодорхой шалгуурын хүрээнд сонгох ёстой талаар зөвлөсөн. Тэрний дагуу жилийн 12-оос дээш хүүтэй, гурван тэрбумаас дооших зээлийн хүүгийн 50-иас доошгүй хувийг хөнгөлхөөр болсон. Мөн цар тахлын үед үйл ажиллагаа нь хэвийн явж байсан компаниуд үүнд хамаарахгүй юм. Зээлийн хүүг бууруулахаас өөр олон санаачилга УИХ, Засгийн газраас гарч байгаа. УИХ-ын дарга хоёр их наяд төгрөгийн эх үүсвэрийг бизнесийн орчныг сайжруулахад зориулах боломж байна гэдгийг ярьсан шүү дээ. Энэ мэт эдийн засгийг дэмжих бүх санал санаачилгыг УИХ, Засгийн газар нэгтгээд тодорхой шийдвэрүүдийг ойрын хугацаанд гаргана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *