Categories
мэдээ нийгэм

Нийт өрхийн 80 хувь нь коронавирусийн вакцин үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байна

Үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банк хамтран “Коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-г үе шаттай хийж байгаа билээ. Тэгвэл 2020 оны арванхоёрдугаар сарын 3-15-ны хооронд зохион байгуулж, утсаар мэдээлэл цуглуулсан гурав дахь шатны судалгааны үр дүн гарчээ. Гурав дахь шатны судалгааны үр дүнг суурьшил (Улаанбаатар, аймгийн төв, сумын төв, хөдөө) болон хот, хөдөөг төлөөлөх чадвартай 1,147 өрхийн мэдээлэлд үндэслэн тооцсон аж.

Судалгаанд оролцогчдын 80% нь вакцин үнэ төлбөргүй хийлгэх, 61% нь төлбөртэй байсан ч хийлгэх хүсэлтэй. Мөн “КОВИД-19”-ийн баталгаатай вакциныг хийлгэх хүсэл хотын хүмүүстэй харьцуулахад хөдөө орон нутгийн хүмүүст их байгаа нь харагджээ.

Ядуу хүмүүсийн 86 хувь нь вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байна. Гэхдээ вакцин үнэ төлбөртэй байсан ч хийлгэх тэдний хүсэл нь ядуу бус хүмүүсийнхтэй ижил байна. Хүмүүс ойролцоогоор 25,000 орчим төгрөгийг КОВИД-19 вакцин хийлгэхэд зарцуулж чадна гэж хариулжээ. Улаанбаатар хотод амьдардаг болон ядуу бус хүмүүс вакцин тариулахад арай илүү мөнгө зарцуулах боломжтой гэж (27-30 мянган төгрөг) харин хөдөө орон нутгийн болон ядуу иргэд их мөнгө зарцуулах боломжгүй (19-20 мянган төгрөг) гэх хариулт өгчээ. Түүнчлэн КОВИД-19 вакцины баталгаатай эсэх, даган гарах гаж нөлөөний талаарх санаа зовнил нь хүмүүсийн вакцинд хамрагдах хүсэл эрмэлзлэлийг бууруулж буй нь мөн судалгаанаас харагдсан байна. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын хувьд коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдлэг харьцангуй өндөр байгаа ба судалгаанд хамрагдсан таван хүн тутмын дөрөв нь КОВИД-19-ийн эсрэг баталгаатай вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байсныг судалгааны үр дүн харуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *