Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Баасанжав: Ээлжийн амралтыг удаан жилийн нэмэгдэлгүй 20 хоног байхаар заасан нь хүнийг ялгаварлахгүй эрх тэгш байх зарчмыг хангаж байгаа

Монголын Хуульчдын холбооны Хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооны тэргүүн, өмгөөлөгч Н.Баасанжавтай ярилцлаа.


Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Байнгын хорооны хурлаар хэлэлцэгдэж байна. Энэ хуулийн өөрчлөлтүүдийг олон нийт янз бүрийн байр сууринаас тайлбарлаж байна?

-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга нэлээд удаан хугацаанд бараг арваад жил яригдаж байгаад одоо батлагдах гэж байна. Өнгөрсөн 2018 оны парламентаар өргөн баригдсан төсөл одоо Байнгын хорооны хурлаар зүйл заалт бүртээ хэлэлцүүлэгдээд УИХ-ын чуулганы нэгдсэн хурлаар орох гэж байна. Хуулийн шинэчилсэн найруулга гэдэг нь хуулийн 50 хувиас дээш хувьд өөрчлөлт орохыг хэлдэг. Тэгэхээр хөдөлмөрийн тухай хуульд том өөрчлөлт орно гэсэн үг. Хөдөлмөрийн хууль бол амьдралын суурь харилцааг зохицуулдаг учраас дагаж мөрдөх журмын тухай хуулиуд дор хаяж жилийн дараагаас хэрэгжиж эхлэх байх. Энгийн хууль бол батлагдаад 10 хоногийн дотор мөрдлөг болдог бол энэ хууль хэрэгжиж эхлэхэд бэлтгэл хэрэгтэй. Хуулиа танилцуулна, байгууллагууд хөдөлмөрийн гэрээ, дотоод журамдаа өөрчлөлт оруулна, дагаж мөрдөх олон журмууд гарна гэх мэтээр хамгийн багадаа ирэх долдугаар сараас хэрэгжиж эхлэх байх. Хөдөлмөрийн тухай хууль анх 1999 онд батлагдаж байсан. Түүнээс хойш бараг 20 жилийн дараа ийнхүү том өөрчлөлт орох гэж байна.

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ямар томоохон гол өөрчлөлтүүд орж байна вэ?

-Гол өөрчлөлтүүд гэвэл, хөдөлмөрийн харилцааны нэлээд олон хэлбэрүүдийг тусгаж өгч байна. Хувь хүн хоорондын хөдөлмөрийн гэрээг зөвшөөрсөн, бүтэн бус цагаар ажиллах төрлийг нэмсэн, алсын зайнаас ажиллах буюу ажил олгогч нь ажилтны оршин суугаа газраасаа ажил үүргээ гүйцэтгэх хүлээн зөвшөөрсөн төрлийг нэмсэн, жасаагаар ажиллах буюу ажилтныг алсмагдмал газар байрлуулж ажил үүргээ гүйцэтгэх болон амраах хуваарийн дагуу ажиллуулах. Энэ нь жишээлбэл, орон нутагт уурхайд очиж ажилладаг хүмүүст хамаатай. Гэх мэт хэлбэрүүдэд хуулийн зохицуулалтуудад орж байна. Өмнө нь амьдрал дээр гэрээгээр ажиллах, гэрээсээ болон зайнаас ажиллах зэрэг хэлбэрүүд байсан ч хуулиар зохицуулагдаагүй явж ирсэн. Одоо эдгээрийг хуулиар зохицуулж байна.

-Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийн зарим зүйл заалтуудад иргэд янз бүрийн байр суурьтай байна лээ. Тухайлбал, алслагдмал газар байрлаж ажиллаж байгаа ажилтны ажлын хоног хэд байх вэ гэдэг дээр маргаан гарч байсан?

-Миний хэлэх санал бол, уурхайд жасаагаар ажиллах цагийг хуулийн хэлбэрт нэгэнт оруулж байгаа юм бол ажлын цагийг нарийн заах хэрэггүй байх гэж бодож байна. Ажиллах цаг ямар байх вэ гэдэг дээр Байнгын хорооны хурлаар нэлээд ярьж байна лээ. Жасаагаар ажиллах ажилтны ажиллах хугацаа өдөрт 12 цагаас илүүгүй, нэг сард ажиллах илүү цаг 72 цагаас илүүгүй байх бөгөөд нэг сард ажиллах хугацаа нь 20 хоногоос илүүгүй, амрах хугацаа нь 10-аас доошгүй хоногоор байх зохицуулалт орсон. Ажиллах хоног 20, амрах хоног 10 гэж байна гэж явж байгаад Байнгын хорооны хурал дээр ажиллах хоног 14, амрах хоног 14 болгох талаар яриад байна лээ. Ер нь 14, 14 хоног гэж нарийн хуульчилчихвал амьдрал дээр нэгэнт хол газар очсон хүмүүс өөрийн хүсэлтээр илүү цагаар ажиллах сонирхолтой байгаад байдаг, илүү ажиллахаар бас хууль зөрчсөн болчих юм. Тиймээс 14 ажиллана, 14 амарна гэдэг бол ерөнхий зарчим, хэрвээ талууд хамтраад тохироод ахиу хоногоор ажиллаж болно гэдэг нь зөв юм. Үүнийг УИХ-ын хуралдаанаар зарчмын санал болгож орж ирвэл дэмжигдээд яваг гэж ярьж байна. Амьдрал дээр хүмүүс 14, 14 ажиллах зарчим дэмжих хүмүүс байгаа байх. Гэхдээ бас нөгөө талаасаа нэгэнт хол газар зорьж очсоных ахиу цагаар ажиллах сонирхолтой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч байгууллагуудын хувьд ажилчдыг хоёр талд зөөхөд тээврийн зардал хэмнэх болдог. Үүнээс гадна, очсон дээрээ ахиу цагаар ажиллахад илүү цагийн цалин авна, байгууллагын тээврийн зардлаас хэмнэсэн зардал эргээд цалин хөлсөд нэмэгдэж очих зэрэг давуу талтай. Тэгэхээр ажилтан өөрөө зөвшөөрч байвал өөрсдөө цагаа сонгох боломжуудыг нээчихвэл яадаг юм. Иргэн хороондын сайн дураараа үүсч байгаа хөдөлмөрийн харилцаа учраас энэ боломжийг нээж өгвөл зүгээр. Нөгөө талаасаа хуулиар ажиллах хоног, амрах хоногийг 14 байна гэж нарийн заавал цалин буурах магадлалтай харагдаад байгаа.

-Гэрийн үйлчлэгч болон малчны хөдөлмөрийг хуульчилсан гэсэн?

-Айл өрхөд гэр ахуйн ажил хийж гэрийн үйлчлэгч болон хөлсөөр мал маллаж буй ажилтантай заавал хөдөлмөрийн гэрээ байгуулахыг үүрэг болгосон. Мөн хувь хүн хоорондын гэрээг зөвшөөрсөн. Одоогийн хөдөлмөрийн хуулинд ажил олгогч гэдгийг ажиллуулж байгаа этгээд гэж ерөнхий тодорхойлсон байдаг бол энэхүү шинэчилсэн найруулгад “….ажиллуулж байгаа ААН, байгууллага, иргэн, харьяалалгүй хүн” гэж иргэн хувь хүнийг ажил олгогч болохоор тусгасан. Иргэн хооронд ажиллах гэрээг хийхэд харьяа Дүүрэг дээрээ бүртгүүлж болно гэсэн заалт орж ирсэн байна лээ. Дүүрэг нь цалин хөлс нь орохгүй байх зэрэгт хяналт тавих юм шиг байна. Үүнийг би ач холбогдолтой гэж харахгүй байна. Яагаад гэвэл ажил олгогч, ажилтан хоёр харилцан бие биенээ хянана. Ажил олгогч цалин өгөх гэж байгаа юм чинь ажил хийсэн үү, үгүй юү гэдгийг хянана шүү дээ. Хэрвээ цалин өгөөгүй бол маргааныг шийдэх олон боломж нээлттэй учраас гэрийн үйлчлэгч гэх зэрэг иргэн хооронд ажиллаж байгаа ажлыг дүүрэг дээр бүртгэл хийх нь нэг их ач холбогдолгүй гэж хараад байна. Цалин хөлсний асуудал хувь хүний нууц. Бүртгэл хийж байгаа газраас нь иргэний мэдээллийн нууцыг хадгалах баталгаатай хууль байхгүй тохиолдолд энэ ер нь ямар ач холбогдолтой юм бэ гэж харсан .

-Ээлжийн амралтын хугацаанд өөрчлөлт орж байгаа. Нэг өөрчлөлтийг буруу, зөв гэж янз бүрээр хүмүүс хүлээж авч байна. Таны хувьд юу гэж бодож байна вэ?

-Ээлжийн амралтын хугацааг олон жил ажилласан, цөөхөн жил ажилласнаас үл хамааран бүх ажилтан, албан хаагчид 20 хоног амрахаар орж ирлээ. Тэгш эрхийн зарчим, хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх гэдэг зарчмыг хангаж байгаа учраас миний хувьд дэмжиж байна. Иргэн өөр өөр байгууллагад, олон байгууллагад ажиллаж ирсэн бөгөөд нийтдээ улсад 30 жил ажилласан байлаа гэж үзэхэд хамгийн сүүлд ажилд авсан байгууллага, ажил олгогч амралтын хугацааг нэмэгдэлтэй хоногоор бодоход дургүй байх зэрэг маргаан гардаг байсан. Энэ олон ялгаатай асуудлуудыг шийдэж байна. Харин энэ хуулийн өөрчлөлтөөр хөгшин, залуу, удаан ажилласан, дөнгөж ажилд орсон хамаагүй бүх хүн 20 хоног амрахаар тусгаж оруулж ирлээ. Хамгийн дэвшил нь хэрвээ хүсвэл, тухайн байгууллага, ажил олгогч тал ажилтныхаа ээлжийн амралтад нэмэлт хоног олгох эрх нь хуулиараа нээлттэй. Энэ зохицуулалтыг дэмжиж байна. Хүмүүсийг хөгшин залуу гэж ялгахгүй байх тэгш эрхийн зарчмыг хангасан байна гэж үзэж байна.

-Эсэргүүцэж байгаа хүмүүсийн тавьж байгаа асуудлыг та хуулиар хэрхэн зохицуулж болно гэж харж байна вэ?

-Олон жил ажилласан туршлагатай сайн ажилтнуудынхаа ээлжийн амралтыг нэмэх эрх нь тухайн байгууллагад байгаа. Ажилтны зургаа дахь жилээс эхлэн гурав, гурав хоног нэмэгддэг амралтын хоног байхгүй болсон. Настай хүмүүс бие организмын хувьд амралт хэрэгтэй гэж яриад байгаа. Миний хувьд, олон улсад байдаг жишиг, мөн үндсэн хуулийн тэгш эрхийн зарчим хангагдаж байгаа учраас дэмжиж байна. Нөгөө талаас 30 жил ажилласан хүмүүс цомхотголд ороод дараагийн байгууллагад орох гэхээр бараг 2 сар шахам ээлжийн амралт авдаг учраас байгууллагууд харин ч ажилд авахад дургүй байдаг талаар Ц.Мөнх-Оргил гишүүн ярьж байна лээ. Энэ бол тооцоо судалгаа хийсэн учраас ийм заалт орж ирж байна гэж ойлгож байна. Хэрвээ үнэхээр бие организмын хувьд олон жил ажилласан хүмүүст амралт чухал гэж үзэж байгаа бол ажлын цаг багасгах тухай тусдаа заалт орж ирвэл болох байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *