Эрүүл мэндийн улсын алба – тохиолдлын удирдлагын тогтолцооны ээлжит 26-р хурал боллоо. Хурлаар ЭМУА-ТУТ-ны 2021 оны нэгдсэн төлөвлөгөөний төсөл, ковидтой холбоотой хэрэглэж буй цахим мэдээллийн системийн танилцуулга, өвчлөлийн хэтийн төлөвийн тооцоолол, ковидын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлын талаар танилцуулга хийж хэлэлцлээ.
Эрүүл мэндийн дэд сайд, Тохиолдлын удирдлагын тогтолцооны дэд дарга Ш. Анхмаа хурлыг удирдаж, коронавируст халдвар (КОВИД-19) тархалтын үе шат, хариу арга хэмжээний төлөвлөгөөг илүү нарийвлан боловсруулах, халдвар авсан эмч, эмнэлгийн ажилтан, иргэд болон тусгаарлалтанд байгаа иргэдэд зориулсан сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх, Burtgel.mohs.mn; covid19.gerege.mn цахим программыг нэгтгэн ковидын нэгдсэн удирдлагын систем болгон боловсронгуй болгох, КОВИД-19 халдварын эсрэг вакцинжуулалтад шаардлагатай хамгаалах хувцас хэрэгслийг бэлтгэх, вакцины зааврыг эмнэлзүйн зөвлөх баг, харшил судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс санал авч боловсруулах, вакцинатор сувилагчдыг холбогдох сургалтад хамруулах зэрэг вакцинжуулалтын бэлэн байдлыг ханган ажиллахтай холбоотой болон цаг үетэй холбоотой шуурхай хэрэгжүүлэх бусад үүрэг даалгавруудыг өглөө.