Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Долгор: Сайхан цаг ирэхээр хүүхдүүдтэйгээ уулзана даа

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 28 жил багийн эмчээр ажилласан 74 настай Ц.Долгортой ярилцлаа.


Та сайхан өвөлжиж байна уу?

-Сайхан.

-Ойрын өдрүүдэд хүйтрээд хэцүүхэн л байлаа. Өвөлжилтийн байдал хэр байна вэ?

– Цаг агаар цочир хүйтэрч байгаа ч өвөлжилт тавтай байна.

Цар тахал гарсантай холбоотойгоор Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гарлаа?

-Цагаан сарын баяр тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гарсныг зөв гэж бодож байна. Төр засгийнхаа шийдвэрийг дагаж энэ жил тэмдэглэхгүй дараа жил болох байх аа.

Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүд танд хэр санагдаж байна. Цаашид яах бол?

-Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шийдвэрүүдийг зөв гэж бодож байна. Цар тахлын үед зохих ёсныхоо арга хэмжээг аваад нэг их тархаахгүй тогтоож байх шиг байна.

Тэтгэврийн мөнгө хэр хүрэлцээтэй байна. Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ Өмнөговьд өссөн үү?

-Тэтгэврийн тогтолцоог сайн ойлгохгүй байна. Хүнийг ажилласан жилээр нь хийж байсан ажлаар нь олговол зүгээр юм уу гэж боддог. Миний хувьд 28 жил багийн эмч хийсэн. Халуунд нь халж хүйтэнд нь хөрч өчнөөн л явлаа. Одоо сард 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Насаараа төрд ажилласан, гэртээ зүгээр суусан хоёр хүний тэтгэврийн мөнгө яг ижил. Тиймээс ажилласан тэр их он жилүүдийг үнэгүйдүүлж байна. Жаахан ч гэсэн ялгаатай тэтгэвэр тогтоодог болчихвол шударга байх. Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэлээн өссөн харагдаж байна. Уг нь хаа хаанаа ухамсартай, бараа бүтээгдэхүүнээ урьдын үнээр л зарчихвал өвчин зовлонг ингэж ашиглаж болмооргүй л юм.

-Халдварын эсрэг вакцин олон улсад гарсан. Вакцины талаар хэр мэдээлэлтэй байна?

-Вакцины хувьд сонин хэвлэл, телевизээр ярьж байгааг сонсохоор туршилтад орж хийлгэсэн хүмүүст янз бүрийн харшил өгөх, дээрээс нь зарим улс орны 21 хүн нас барлаа гэж сонссон. Ийм мэдээ гарч байгааг бодвол яг найдвартай юм болов уу, хамгийн гол нь монгол хүний бие организмд таарах талаар ямар байгааг сайн мэдэхгүй юм.

-Хөл хорионы үед хүүхдүүдтэйгээ уулзахгүй байх ямар байна?

-Манай хүүхдүүд ихэнх нь нутагтаа байдаг. Нэг хүү маань Говьсүмбэрт байгаа. Өдөр болгон утсаар ярьж байгаа болохоор ирэхгүй, санаж байна гэж гомдохгүй байгаа. Сайхан цаг ирэхээр хүүхдүүдтэйгээ уулзана.

-Өдий наслахдаа энэ тахал шиг зовлон бэрхшээл туулж байв уу?

-Олныг хамарсан ийм халдварт өвчин урд өмнө харж байсангүй. Аав, ээжийгээ л алдах хамгийн хэцүү зүйл байсан. Би айлын ганц хүүхэд ханыгаа л түшиж өдий хүрлээ.

-Ер хүн зовлонг яаж туулах ёстой юм бэ?

-Тэвчээртэй л байх хэрэгтэй. Аливаа зүйлийг сайтар ойлгож хүлээцтэй байхад өөрөөс шалтгаалах зовлон бэрхшээл бол нэг их байдаггүй байх. Өвчин зовлон бол хэнд ч тохиолдож болдог зүйл, хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Тийм учраас арга замыг хайгаад даваад л гарах ёстой. Энэ цар тахлын үед мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сайн дагах хэрэгтэй.

-Хүнд хамгийн чухал хэрэгтэй зүйл ер нь юу юм бол?

-Хамгийн чухал зүйл эрүүл мэнд шүү дээ. Эрүүл байж бүх зүйлийг хийж чадна. Энэ халдвар олон хүнд маш том сургамж өгч байгаа байх. Өнгө мөнгө хаанаас ч олдоно, харин хэн ч амь насыг мөнгөөр худалдаж авч чадахгүй шүү дээ. Тийм болохоор өөрийнхөө болон гэр бүлийнхээ хүмүүсийн эрүүл мэндийг л нэгдүгээрт тавих шаардлагатай. Харин хамгийн хэрэгтэй зүйл бол хүнд итгэх итгэл. Мөн чиний ажил мэргэжил амьдралын чинь ихэнх хугацааг эзлэх тул сэтгэл хангалуун байх зөв зам нь дуртай ажлаа хийх. Ямар ч хүн дуртай зүйлээ хийж байж л сэтгэл хангалуун байдаг.

-Эхнэр, нөхөр хоорондоо яавал эвтэй найртай байдаг бэ?

-Эхнэр нөхөр хоёр эвтэй байхад гэрийн жаргал дүүрч байдаг. Нэгэнт хуримаа хийж эхнэр, нөхрийн ариун холбоонд зангилагдсан бол тэд бие биенийхээ өмнө харилцан үүрэг, хариуцлага хүлээх ёстой. Үнэнч, хүлээцтэй байх хэрэгтэй. Цувж уурлаж цугтаа инээе гэж ярьдаг шүү дээ. Энэ чинь л гол чухал зүйл гэж боддог. Одооны гэр бүлүүд жаахан зүйл дээр л маргалдаж, салж сарних дээрээ тулах юм. Бид нарын үед ээж, ааваасаа айгаад маргалдаж муудалдсанаа хүртэл нуудаг байсан. Одоо ч өөр болжээ. Эсрэгээрээ аль болох л гэрийнхнээ дуудна, ямар ч тэвчээр хариуцлага гэж алга. Нөгөө талаас нь болж бүтэхгүй бол аав, ээждээ хэлэх нь зүйтэй ч бас шалгуур байх ёстой. Найз нөхөдтэйгээ ууж идлээ гээд салах шалтгаан биш шүү дээ. Бүхэл бүтэн гэр бүл болчихоод нэгнээ ойлгохгүй бол яаж цаашид амьдрах вэ дээ.

-Орчин үеийн залуус ямар сэтгэгдэл төрүүлдэг бэ. Эр хүн шиг зан чанартай байж чадаж байгаа болов уу?

-Цаг үеэ дагаад мэдлэг боловсролтой болж байна. Боловсролтой хүн гэдэг чинь хаана ч өөрийгөө аваад явчих чадвартай, ухамсар сайтай л харагддаг. Сурах нөхцөл боломж нь ч нээлттэй юм. Бидний үед ийм байсан бол адилхан л хөгжих байсан. Даанч гурван хүний хоёр нь хүчээр мал дээр гардаг байлаа. Аав, ээжийнхээ суу гэсэн хүнтэй сууна. Одоо бодоход их л хатуу орчин нөхцөлд өссөн хүмүүс шүү дээ, бид. Зарим хөгшчүүл одооны залуусыг их шүүмжилдэг аргагүй шүү дээ. Ийм орчинд байгаагүй хүмүүс өөрсдтэйгээ адилхан бодно.

Би үүний эсрэг үзэл бодолтой байдаг.

Д.БАТТОГТОХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *