Categories
мэдээ нийгэм

​Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах” гэмт хэргийн хэм хэмжээний онол, практик хэрэглээний асуудал


Оршил

Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төрийн албан тушаалд ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүст Монгол Улсын Эрүүгийн шүүхээс ял оногдуулсантай холбоотойгоор улс төрийн хэрэг, улс төрийн хоригдол гэх ойлголт, нэр томьёо гарч байгаа нь эрүүгийн хуулийн үзэл номлолыг буруу зүгт чиглүүлэх, иргэдийн дунд хариуцлага хүлээлгэхдээ хүнд ялгавартай ханддаг гэх ойлголтыг үүсгэх магадлалтай байна. Аливаа этгээд төрийн албан тушаалд ажиллаж байсан эсвэл үгүй эсэхээс үл хамааран Эрүүгийн хууль нийт хүмүүс тэгш үйлчлэх зарчимтайг бид бүгд анхаарах учиртай.

Системчлэлийн тухайд

Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтыг нарийвчлан судлахын өмнө түүний системчлэлийн талаар товчхон авч үзье. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлээс 22.12 дугаар зүйлийн заалтууд нь өөрөө маш их зөрчилдөөнтэй хуульчлагдсан. Учир нь уг заалтуудад төрийн албан тушаалтны гэмт хэргийг[1] төрийн бус байгууллагын (Засгийн газрын бус байгууллагын) болон хувийн аж ахуй нэгжийн албан тушаалтны гэмт хэрэгтэй[2] хольж хутган хуульчилсан байна. Төрийн албан хаагч иргэдтэй төрийн бүрэн эрхийн хүрээнд харилцдаг бол Аж ахуй нэгж, хуулийн этгээд, төрийн бус байгууллагуудыг төлөөлж буй этгээд нь дээрхтэй ижил гадагшаа хандсан онцгой давуу эрх мэдэлгүй бөгөөд төрийн албан тушаалтан шиг иргэдийн болон олон нийтийн өмнө үүрэг хүлээдэггүй.[3] Иймд дээрх хэргүүдийг ялгавартай болгох заалтууд дутагдаж байгаа бөгөөд энэ нь зайлшгүй шаардлага.[4] Уг ялгаа заагийг бүрэн тодорхой гаргаж чадаагүйгээс аж ахуйн нэгжийн этгээдүүд төрийн албан хаагчийн хэргийн систем, агуулгын дагуу шийдэгдэх байдал газар авах ба энэ нь аж ахуйн нэгж, түүний этгээдийн эрх зүйн байдлыг илт дордуулах боломжтой.

“Эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах” зохицуулалтын шинжлэх ухааны үндэс

Монгол Улсын эрүүгийн эрх зүй болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нэгэнт хэвшсэн арга зүй, үзэл баримтлалын дагуу “Эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах” хэрэг нь Объектив тал, Субъектив тал, Субъект, Объект гэсэн дөрвөн элементээс бүрдэнэ.

Объектив талд албан тушаалтан хуулиар олгогдсон эрх, бүрэн эрхээ илт хэтрүүлсэн үйлдэл байх ёстой.[5] Тухайлбал, хамтран шийдвэрлэх ёстой асуудлыг дангаар шийдсэн байж болно.[6]

2015 оны Эрүүгийн хуулиас өмнө тус хэрэг нь объектив талдаа заавал хохирол шаарддаг байсан ба энэ нь субъектийн үйлдлийг зарим нэг үйлдлээс ялгах ач холбогдолтой байсан юм. Харин 2015 оны Эрүүгийн хуулиар тус хэргийг хэлбэрийн буюу хохирол үл шаардах байдлаар хуульчилсан нь хууль хэрэглээний хувьд хэт өргөн байдлыг бий болгожээ. Тухайлбал, Нийтийн албан хаагч өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд олон нийтэд тустай үйлдэл хийсэн нь түүний эрхийн асуудал биш учир мөн л хуульд заасан “бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал үүсгэсэн” гэх нөхцөлийг үүсгэх юм. Магадгүй ийнхүү уг гэмт хэргийн объектив талыг хэт өргөн хуульчилснаас сүүлийн үед нийтийн албан тушаалд ажиллаж байсан хүмүүс олноороо эрүүгийн хариуцлага хүлээж байх магадлалтай байна.

Субъектив талын хувьд Эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах үйлдэл нь заавал санаатай байх учиртай. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны ашиг сонирхлын эсрэг, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт харш үр дагавар бий болгож байна гэдгээ мэдсэн байх учиртай байдаг.

Уг гэмт хэргийн тухайд Субъект нэн чухал элемент ба бусад гэмт хэргээс уг хэргийг ялгах ач холбогдолтой байдаг. Эрүүгийн хуулийн 22.1-т заасан гэмт хэргийг заавал Нийтийн албан тушаалтан үйлдэх учиртай бөгөөд үүнийг эрүүгийн эрх зүйд тусгай субъекттэй хэрэг гэнэ. Хэрэв Нийтийн албан тушаалтан бус этгээдЭрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах үйлдэл хийсэн тохиолдолд тус хэргээр бус эрүүгийн хуулийн бусад тохирох зүйл ангиар зүйлчлэгдэх учиртай.

Нийтийн албан тушаалтан гэдэгт Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйл хамаарах төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан; төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч; төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан; олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал; улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан; Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч; бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч; эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан; Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүнд хамаарна.

Объектын хувьд объектив талд заасан үйлдлийн улмаас хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдлийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдсон нийгмийн харилцаа зөрчигдсөн байх учиртай.

Ийнхүү субъектийн үйлдэл нь дээр заасан дөрвөн элементийг агуулж байж сая гэмт хэрэг гэх ухагдахуунд шилжих ба үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар баталгаажуулан шүүх тогтоодог.

“Эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах” зохицуулалтын практик хэрэглээний асуудал

Монгол Улсын шүүхийн практикт уг зүйл заалттай холбоотой хууль хэрэглээний асуудал хэрхэн өрнөж байгааг тодорхойлохын тулд нэгэнт шүүхээс олон нийтэд ил болгож “Зууны мэдээ” сонины 2020 оны 08 дугаар сарын №158 дугаар дугаарт гарсан “Ж.Э нарын авлига,албан тушаалын гэмт хэрэг 15 хавтас нотлох баримтаар тогтоосон” гэх баримтад хууль хэрэглээний талаас задлан шинжилгээ хийе.

  • Сонины тус дугаарт нийтэлсэн шүүхийн эхний баримтаар “Ж.Э нь цагдан хоригдох үедээ УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай байсан гэх ч тэр нь эрх зүйн ойлголт болохын хувьд УИХ-ын гишүүний эрхийг хамгаалдаггүй, харин УИХ-ыг үйл ажиллагааны чадамжийг хамгаалдаг. Тиймээс УИХ-ын халдашгүй байдлыг хувь гишүүнийхээ эрх гэж ойлгох нь өрөөсгөл гэдгийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн ойлголт юм”[7] гэжээ. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэх ухагдахуун нь эрх зүйн ойлголт болохын хувьд манай үндэсний эрх зүйн тогтолцоонд “парламентын гишүүний хувийн халдашгүй байдал” хэмээн томьёологдон “парламентын гишүүний үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад парламентын гишүүнийг хамгаалах явдлыг хуулиар тогтоосон нөхцөл”[8] гэх утгыг илэрхийлдэг байна. Эх газрын эрх зүйд ашиглагдаж буй хууль зүйн ухагдахууныг нэг мөр ойлгон хэрэглэхэд ашигладаг томоохон хэмжээний толь болох “Creifelds Rechts Wörterbuch” номд парламентын гишүүний хувийн халдашгүй байдлыг “Парламентын халдашгүй байдал гэдэг нь парламентын гишүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хязгаарлах явдал юм”[9] хэмээн тодорхойлсон бол Англи – Америкийн эрх зүйн бүлд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн “Black’s law dictionary”-д халдашгүй байдал гэдгийг “үүрэг, хариуцлага үйл явдалд хариуцлага хүлээхгүй байх, тухайлбал, төрийн албан тушаалтныг хариуцлагад үл татах баталгаа”[10] хэмээн тус тус тодорхойлсон байна. Дээрхээс үзэхэд үндэсний болон дэлхийн хэмжээний томоохон тайлбар тольд парламентын гишүүний хувийн халдашгүй байдлын ухагдахууныг УИХ-ын үйл ажиллагааны чадамжтай холбоотойгоор тайлбарласан байдал огт илэрхийлэгдээгүй бөгөөд харин эсрэгээр хувь гишүүнтэй нь холбоотойгоор тайлбарласан байна. Үүнээс үзэхэд Монгол Улсын шүүх дээрх ухагдахууныг ташаа ойлгож буруу хэрэглэсэн гэж үзэж бүрэн үндэстэй байна. Магадгүй энэ үүднээс Олон улсын парламентын холбоо Ж.Э-ын хэрэгтэй холбоотойгоор Монгол Улсад хэрэг үүсгэсэн байх.
  • “Ж.Э … 26 хоног болоход хэргийн материалтай танилцаагүй. Энэ нь өөрт олгогдсон эрхийг эдлээгүй гэх үндэслэл болохгүй. Харин эрх бол сонголт бөгөөд шүүгдэгч сонголтоо хийсэн гэж үзэх үндэслэлтэй”[11] гэжээ. Эрх гэх ухагдахууныг Эрх зүйн онолын салбар эрх зүй тодорхойлж байдаг. Эрх зүйн онолын дагуу “тодорхой этгээд, төрийн байгууллага, улс түмэн, төр буюу бусад субъектийн боломжтой зан үйлийн төрөл зүйл ба хэмжээ” гэжээ.[12] Өөрөөр хэлбэл, эрх гэх ойлголт нь боломж бөгөөд төрөөс уг боломжоор хангагдах баталгааг нь хангаж байдаг. Гэтэл Монгол Улсын шүүх эрх гэх ойлголтыг сонголт хэмээн үзсэнээр мөн л эрх зүйн ойлголтыг буруу ташаа ойлгож хэрэглэсэн байна.
  • Сонинд байх бас нэгэн баримтаар шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжоор олгогдсон эрхээ шүүн таслах ажиллагаанд бүрэн эдлэх учиртай боловч энэ нь хэтэрч..” хэмээжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд уг хуулиар олгогдсон эрхийг хэтэрч эдлэх гэх ойлголт огт байхгүй байна. Мөн эрх зүйн онолын хувьд ч эрхийг хэтэрч эдлэх гэх ойлголт байхгүй бөгөөд хэрэв субъектийн үйлдлийг хуульд хязгаарлан хориглосон бол зөрчил хэмээн үздэг. Ж.Э хуульд заасан тодорхой эрхийг эдэлж, санал хүсэлт гаргахыг хуулиар хориглох бус харин ч зөвшөөрсөн байхад үүнийг эрхээ хэтрүүлсэн хэмээн үзсэн нь шүүх хуулийг гарцаагүй буруу хэрэглэснийг харуулж байна.
  • Тус сонинд байх “Уг хэрэгт Д.Т, Д.Г нар нь эхний санааг сэдэж санаачлаагүй боловч Ж.Э, Б.О нарын зохион байгуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн нийгмийн аюул, үйлдлийнх нь хууль бус болохыг мэдсээр байж өөрсдийн үйл ажиллагаагаараа дэмжлэг үзүүлж гэмт хэргийг төгс үйлдэгдэхэд хамжигчаар оролцсон. Энэ нь эдгээр оролцогчдын хэргийг нэг гэмт хэргээр зүйлчлэх хууль зүйн үндэслэл болно” гэжээ. Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-т “гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэн хүнийг хамжигч гэнэ гэжээ. Үүний дагуу дэмжлэг үзүүлэх гэснийг Монгол Улсын Эрүүгийн шүүхийн практикт “бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах, мэдээлэл өгөх”[13] үйлдлийг ойлгон хэрэглэдэг. Үүнээс үзэхэд Д.Т, Д.Г нарыг уг хэрэгт зүйлчлэх хууль зүйн үндэслэл нь Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 бөгөөд уг зүйл ангид заасан үйлдэл байх учиртай байжээ. Гэтэл Д.Т, Д.Г нарын үйлдлийг уг баримтад дурдаагүй байгаа нь хууль хэрэглээний хувьд үнэн зөв байсан эсэх асуудалд эргэлзээтэй байдал үүсгэж байна.
  • Зууны мэдээ сонинд гарсан дараагийн баримтаас яллагдагч Б.О-ын мэдүүлэг анхаарал ихээр татаж байна. Учир нь Сонинд гарсан баримтад түүнийг уг хэргийг зохион байгуулсан гэсэн байна.

Дашрамд дурдахад эрүүгийн хууль, эрүүгийн эрх зүйд “хэргийг төгс” үйлдэх гэсэн ойлголт байхгүй бөгөөд харин төгссөн гэмт хэрэг гэх ойлголт байна.[14]Бүхэл бүтэн нэг тусгаар улсын Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хууль болон эрх зүйд нь огт байхгүй нэр томьёо, ухагдахуун хэрэглэх нь байж болох зүйл мэт санагдахгүй байна.

Эрүүгийн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч” гэдэг.

Тэрээр “… Гэвч манай лицензийн талбайг УИХ-ын тогтоолоор цуцалсан бөгөөд нөхөх олговор олгох талаар тогтоолд дурдаагүй гэсэн шалтаг хэлээд нөхөн олговор өгөхгүй байсан”

“Би Канад улсад Олон улсын уул уурхайн хуралд оролцохоор явж байхдаа Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Ц.Д уулзсан” гэх мэдүүлэгийг өгсөн байна.

ЭХХШТХ-ын 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэжээ. Эрүүгийн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй уг заалтыг холбон авч үзвэл уг хэрэгт байх нотлох баримт нь Б.О-ын хувьдтүүний “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан” үйлдлийг нотлох учиртай. Гэтэл дээрх нотлох баримтаар авсан хоёр мэдүүлэг нь “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан” үйлдэлтэй утга агуулгын хувьд ямар ч холбоогүй бөгөөд “нөхөн олговор авч чадаагүй”, “гадаадад зорчин явахдаа хүнтэй таарсан” агуулгатай л байна.

Мөн тус сониноор нийтэд ил болсон ганц гэрч болох Г.Э-ын “Одоо нэрийг нь санахгүй байна. “А” ХХК-ийн захирал Б-ын ажилтан болох нэг ахын хөөцөлдөж бичиг баримтыг бүрдүүлсэн компанид хувь эзэмшигчээр бүртгүүлсэн юм. УИХ-ын гишүүнасан Д ах хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн” гэх мэдүүлэг байх ба үүнээс аль хэсэг нь хэргийн ямар оролцогчийн үйлдлийг нотолж байгааг харахад бэрх байна. Хэрэгт байх бусад нотлох баримтын агуулга ямар байгаа нь тодорхой бус байгаа хэдий ч дээрх баримт дээр үндэслэн шүүх хэргийг хэрэгт ямар ч хамааралгүй баримт дээр үндэслэн шийдсэн гэж үзэх үндэстэй байна.

Дүгнэлтийн оронд

ХБНГУ-ын Мюнхений их сургуулийн Эрүүгийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Шюнеманн Монгол Улсад айлчлан илтгэл тавихдаа манай улсын эрүүгийн хуульд хуульчлагдсан “Эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах” гэмт хэргийн хэм хэмжээг онцгойлон авч үзсэн байна. Тэрээр албан тушаалын хэргийг өөрт олгогдсон албан тушаалыг урвуулан ашигласнаар иргэдэд хохирол учруулж буй явдал хэмээн тодорхойлоод манай эрүүгийн хуулийн 22.1-т байх “..албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэх нөхцөлийг 1960/1972 оны Оросын эрүүгийн хуулийн орчуулга бололтой хэмээн дүгнээд ийм зохицуулалтыг хэтэрхий тодорхой бус гэсэн үндэслэлээр Германы эрүүгийн хуульд оруулаагүйг дурдсан байна.[15] Дээрх Герман улсын эрдэмтдийн тавьсан үндэслэл нь хэр зөв эсэхийг мэдэхгүй байна. Гэвч Б.Шюнеманн профессорын “албан тушаалын хэргийг өөрт олгогдсон албан тушаалыг урвуулан ашигласнаар иргэдэд хохирол учруулж буй явдал” хэмээн бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй. Учир нь уг хэрэгт хохирлын шинж байхгүй байх нь захиргааны хэрэг болон гэмт хэрэг хоёрын зааг ялгааг алдагдуулахаас гадна шүүхийн практикт тус зүйл ангитай холбоотойгоор ямар нэгэн хохирол, хохирогч байхгүй хэрэгт хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх байж боломгүй тохиолдол гарч байна.

Хуульч Т.ЭНХБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *