Categories
гадаад мэдээ

Иран БНСУ-ын далбаат химийн бодис тээвэрлэгч хөлгийг саатуулжээ

Өмнөд Солонгосын далбаатай химийн бодис тээвэрлэгч хөлөг онгоцыг Иранд саатуулсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Ираны албаны эх сурвалжийн мэдээлснээр химийн бодис тээвэрлэгч хөлгийг Персийн буланд химийн болон байгаль орчны бохирдол үүсгэсэнд буруутган саатуулсан байна. Өмнөд Солонгосын талаас далайн дээрэмтэй тэмцэх багаа Ормузийн хоолой руу илгээсэн ба барьцаалагдсан хөлөг дээр 20 хүн байгаагийн тав нь тус улсын иргэн аж.

Ираны генерал Касем Солейманыг АНУ-ын цэргийнхэн пуужингаар онож хөнөөсний нэг жилийн ойтой давхцаж байгаа тул энэ хэрэг анхаарал татжээ. АНУ нь Иран болон бусад орнуудтай хамтран 2015 онд байгуулсан Тегераны цөмийн хөтөлбөрийн гэрээснээс гарснаар хоёр орны зөрчил сэргэсэн төдийгүй элит цэргийн генерал Солейманыг Иракт хөнөөснөөс энэхүү зөрчил хурцадсан юм. Улмаар Иран нь цөмийн хөтөлбөрийн дагуу хүлээх үүргээ биелүүлэхээс татгалзаж, ураны баяжуулалтаа сэргээн 20 хувьд хүргэхээр ажиллаж эхэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден энэ сарын 20-нд албан ёсоор тангараг өргөснийхөө дараа Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнд буцаж орохоо мэдэгдсэн юм. Одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 онд тус гэрээнээс АНУ-ыг гаргаж, Ираны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *