Ковид -19 цар тахал хүн төрөлхтний эрүүл мэнд, аж амьдралд сөргөөр нөлөөлж байгаагийн дотор охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд илүү эрсдэлд орж байна. Монгол Улсад хот хөдөөгийн эмэгтэйчүүдийн өрхийн болон бичил үйлдвэрлэл зогсож, ажлаа алдан орлого тасалдах, гэр орны хөлсгүй хөдөлмөр, асран хамгаалах ажлын ачаалал ихсэх байдал ажиглагдаж, охид, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байна.
Тиймээс Жендэрийн Үндэсний Хороо, Азийн сангаас Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төсөлтэй хамтран ТББ-уудад зориулсан тэтгэлэгт төсөл улс даяар нээлттэй зарласан билээ. Энэхүү “Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөг даван туулахад эмэгтэйчүүд, охидод туслах төрийн бус байгууллагуудын шинэ санаа, санаачлагыг дэмжих” тэтгэлэгт хамрагдахаар нийслэлийн 8 дүүргийн 56, 17 аймгийн 39, нийт 95 төрийн бус байгууллага төсөл ирүүллээ.
КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөөнд өртөөд буй охид, эмэгтэйчүүдэд туслах хамгийн оновчтой арга хэмжээг санал болгон шалгарсан арван ТББ нийслэлд долоо, Баян-Өлгий, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудад тус бүр нэг төсөл хэрэгжүүлж эхэллээ. Тус бүр 8 сая төгрөгийн тэтгэлгээр 4 сарын хугацаанд хэрэгжих эдгээр төсөл нь сайн туршлага болж, цаашид Ковид-19 цар тахлын үед эмэгтэйчүүд, охидод тулгамдсан бэрхшээлийг шийдэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно