Улсын онцгой комиссын хурал өнөөдөр цахим хэлбэрээр боллоо. Хурлаар “Ковид-19”-ийн нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хийсэн ажил, аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах зэрэг асуудлыг хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан:
– Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах
– Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох
– Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх
– ОХУ-ын Хиагт боомтод ирээд байгаа олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны нэгдүгээр сарын 2-4-ний өдөр хийх нь зүйтэй гэж үзлээ. Улсын онцгой комиссын саналыг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. 2020 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс шинэ он гартал нийслэлд тэг зогсолт хийх тухай нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээлэл ямар ч үндэслэлгүй гэдгийг Улсын онцгой комисс мэдэгдлээ.