Categories
мэдээ нийгэм

Ажлын байрыг хамгаалах, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, иргэдээ дэмжихэд чиглэсэн хуулийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.25) нэгдсэн хуралдаан 12 цаг 56 минутад 43 гишүүн ирцэд бүртгүүлснээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүд чуулганы хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхим болон цахимаар нэгдсэн хуралдаанд оролцов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Төсвинй байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар танилцуулсан юм.

Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг төслийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулахаар гишүүнээс гаргасан горимын санал дэмжигдсэн. Коронавирусийн халдварын тохиолдол шинээр нэмэгдэж, халдвар хүн амын дунд тархах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд буйтай холбогдуулан олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас түрээслэгч, түрээслүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж, орлого тасалдах, улмаар дотоодын худалдаа, үйлчилгээ хумигдах, эдийн засгийн өсөлт саарах зэрэг эрсдэлүүд үүсэж болзошгүй байгаа тул уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслөөр Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээр тусгаад байгаа юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Амарсайхан, Н.Алтанхуяг, Ш.Адьшаа нар Сангийн сайдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаан оролцсон гишүүдийн 66.1 хувь нь хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналыг дэмжив. Иймээс хуулийн төслийг эцэслэн батлуулахад бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн юм. Дараа нь Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар танилцуулав. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргаж дэмжигдсэн юм.

Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж, олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүд хуулиар ногдуулсан албан татварыг хуульд заасан хугацаанд төлөхөд хүндрэл үүссэн, албан татварын өр, төлбөр хуримтлагдах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгаа тул 2020 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулаад байгаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.9 хувь нь Байнгын хорооны горимын саналыг дэмжсэн тул төслийг эцэслэн батлуулахад бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолыг баталсан. Энэ үндсэн дээр боловсруулсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэл, мөн зүйлийн тайлбарын хоёр дахь өгүүлбэрт заасан алдангиас тус тус чөлөөлөхөөр тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар төслийн 1 дүгээр зүйлийн “2021 оны 07 дугаар сарын 1-ний” гэснийг “2020 оны 12 дугаар сарын 31-ний” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй юм. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, С.Ганбаатар, М.Оюунчимэг нарын асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Байнгын хорооны дарга Б.Жавхлан нар хариулт өгсөн юм. Ингээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжив. Иймээс хуулийн төслийг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *