Categories
булангууд гадаад мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Цар тахлын эргэн тойронд

КОВИДЫН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ОНЫ ШИЛДГЭЭР НЭРЛЭЖЭЭ

“Science” сэтгүүл 2020 оны шинжлэх ухааны гол ололтоор коронавирусийн эсрэг вакциныг нэрлэжээ. Уг сэтгүүлд дурдсанаар “Бид нэгдмэл байж, маш богино хугацаанд шинэ вакциныг гаргаж авлаа. Олон өрсөлдөгч нээлттэй, хамтран ажилласан тохиолдол урьд нь байгаагүй. Сайн дурынхан ч ийм олноороо нэг туршилтад хамрагдсан түүх үгүй. Мөн нэг вакцин гаргаж авахаар олон олон оронд нэг зэрэг хийж байсан тохиолдол огт байсангүй. Засгийн газрууд, аж үйлдвэр, эрдэм шинжилгээний болон ашгийн бус байгууллагууд нэг төрлийн халдварт өвчинд маш богино хугацаанд ийм их мөнгө, хүчин чармайлт, оюуны нөөцийг ашиглаж байгаагүй” хэмээн тодотгосон байна.

ИХ БРИТАНИ, ИТАЛИ УЛСАД ЗУЛ САРЫН БАЯРААР ХӨЛ ХОРИОГ ЧАНГАТГАВ

Халдварт өвчний нөхцөл байдлаас үүдэн Лондон хот болон Английн зүүн өмнөд нутагт тавиад байсан хорио цээрийн дэглэмийн гуравдугаар түвшинг дөрөвдүгээр түвшин болгож буйгаа Их Британийн ерөнхий сайд Б.Жонсон албан ёсоор мэдэгдлээ. Учир нь тус бүс нутагт коронавирусийн шинэ хувилбар илэрч, халдвар нэмэгдсэн тул ийм арга хэмжээ авсан байна. Өөрөөр хэлбэл, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн борлуулдаггүй дэлгүүрүүд, үсчин, спорт заалуудын үйл ажиллагаа явуулахыг хориглох аж. Түүнчлэн дотооддоо болон хилийн чанадад зорчихгүй байх, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд зөвлөж байна. Халдварт өвчний дэгдэлтийн дөрөвдүгээр түвшин хэрэгжиж буй бүс нутгуудаас орох, гарах хөдөлгөөнд хязгаарлалт ч бас тогтоожээ. Эдгээр бүс нутагт 20 сая орчим хүн оршин суудаг байна.

Коронавирусийн шинэ омог илэрсэнтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Их Британийн эрх баригчидтай харилцаа холбоотой ажиллаж, вирусийн шинж чанар, үр дагаврын талаар олон нийтэд мэдээлэл өгөхөө амлажээ. Энэ талаар Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокийн онцолж буйгаар шинэ вирусийн хувилбар нь урьд нь илэрсэн омгуудаас илүү хурдан тархаж байна гэв.

Италид коронавирусийн цар тахлын улмаас зул сар, шинэ жилийн баярын үеэр хатуу хорио тогтоох гэнэ. Тухайлбал, орон даяар арванхоёрдугаар сарын 24-нөөс нэгдүгээр сарын 6-ныг хүртэл “улаан бүс” байхаар зарлажээ. Энэ тухай Итали улсын ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгдсэн байна. Тэрбээр “Нэг бүсээс өөр бүс рүү шилжилт хөдөлгөөн хийхийг хориглоно. Гэхдээ хорио цээрийн үеэр хүнсний дэлгүүр, үсчин, эмийн сангууд ажиллах бол зоогийн газрууд хүргэлт хийх боломжтой” гэж тодотгосон байна. Итали улсад коронавирусийн халдварын 1.9 сая тохиолдол бүртгэгдсэний 67 мянган хүн нас баржээ.

АМНЫ ХААЛТГҮЙ ЗУРАГ АВАХУУЛЖ 3500 АМ.ДОЛЛАРААР ТОРГУУЛЬЖЭЭ

Чили улсад цар тахалтай холбогдуулан зөрчил гаргасан этгээдэд мөнгөн торгууль ногдуулж, шоронд хорих хуультай. Тухайлбал, олон нийтийн газар явсан хүнийг 3500 ам.доллараар торгох юм байна. Чили улс нь Латин Америктаа өвчлөлийн тоогоор дээгүүрт ороод буй. Тус улсын ерөнхийлөгч Себастьян Пинера саяхан далайн эрэгт байхдаа маск зүүгээгүй зураг авахуулснаа интернэтэд тавьсан нь олны шүүмжлэлд өртсөн байна. Тэрбээр болчимгүй үйлдэл хийснийхээ төлөө ард иргэдээсээ хүлцэл өчиж, торгуулиа төлөхөө амлажээ. Чилид хамгийн сүүлийн мэдээгээр ковидын халдварын 581 мянга 135 тохиолдол бүртгэгдэж, 16 мянга гаруй хүн амиа алдаад байна.

Бэлтгэсэн

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *