Эрүүл мэндийн мэдээллийн үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл томуу, томуу төст өвчин буурсан талаар мэдээлэл өглөө.
Томуугийн харуулдан тандалт эд явагддаг энэ үеэр амьсгалын замын халдварт өвчний тархалт буурч байгаа нь ажиглагдсан байна. Мөн уг тандалтыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар коронавирусийн халдвар илрүүлэх тандалт болгон өргөжүүлж байгаа аж.
Тархвар судлалын 50 дахь долоо хоногийн мэдээллээр томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 1.6%-ийг эзэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.5%, сүүлийн 3 жилийн дунджаас 4.9% бага байна. Үүнийг Эрүүл мэндийн яам коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжийг иргэд хэрэгжүүлсэнтэй холбоотой гэж дүгнэжээ. Тиймээс амны хаалт зүүх, гараа тогтмол угааж, хүн хоорондын зай барих зөвлөмжийг амьдралын хэвшил болговол амьсгалын замаар дамждаг салхин цэцэг, гар хөл амны өвчин, тууралтат халдварууд зэрэг бусад халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалах боломжтой хэмээн үзэж байна.
Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан арваннэгдүгээр сарын мэдээллээр халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо өмнөх оны арваннэгдүгээр сартай харьцуулахад 21% буураад буй. Үүнд:
- салхин цэцгээр өвчлөгчид 6,248 (69.0%)-аар
- цусан суулгаар өвчлөгчид 2,626(50.3)-аар
- вируст хепатитаар өвчлөгчид 130 (28.2%)-аар
- сүрьеэгээр өвчлөгчид 233 (6.9%) –аар буурсан нь голлон нөлөөлжээ.