Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Мөнхсайхан: Сэлэнгэ аймагт халдварын хоёр дахь давлагаа эхлэх магадлалтай байна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сэлэнгэ аймгийн шуурхай штабын удирдлагуудтай өчигдөр буюу энэ сарын 9-нд цахимаар хуралдаж, цаг үеийн асуудал хэлэлцлээ.

Уг хуралд Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч, тархвар судлаач, мөн ХӨСҮТ-ийн дэд захирал Д.Наранзул, Сайдын зөвлөх О.Чимэдсүрэн нар оролцлоо.

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил тус аймаг дахь халдварын тархалтын төлөв, хэрэгжүүлж буй ажил, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав. Тус аймагт энэ сарын 9-ний өдөр 3 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо 207 (Сүхбаатар сум-202, Мандал сум-3, Алтанбулаг сум-2) байгаагаас дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн 40-49 насанд өвчлөл хамгийн өндөр байна. Батлагдсан тохиолдолтой ойр байсан 1216 хүнийг илрүүлж, тусгаарласан байна. Түргэн оношлуураар Сүхбаатар суманд 17 мянга 927, бусад суманд 12 мянга 382 иргэн коронавирусний шинжилгээ өгсөн байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Бүртгэгдсэн тохиолдлын тоо 11 дүгээр сарын 25-наас бага зэрэг буурах хандлага байсан хэдий ч энэ сарын 3-наас хойш дахин нэмэгдэх төлөв харагдаж байна. Халдвар тархалтын динамик, шалтгаант загварын тооцооллоор энэ сарын сүүлээр нууц үедээ буюу халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх хандлагатай байна. Үүнээс улбаалан 2021 оны 2 дугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо оргил үедээ хүрч болзошгүй дүр зураг гарч байна. Өөрөөр хэлбэл, халдварын хоёр дахь давлагаа эхлэх магадлалтай байна. Иймд Сүхбаатар сумын төвийн 5200 өрх бүрээс нэг иргэнийг ПГУ-ын шинжилгээнд хамруулан тандалт хийх, нөгөө талаар хүн амын дунд халдвар тархан эдгэрсэн эсэхийг тодруулахын тулд серо-эпидемиологийн судалгаа хийнэ” гэлээ. Аймгийн онцгой комисс уг саналыг дэмжин ойрын өдрүүдэд бэлтгэл хангах болов. Улаанбаатараас сорьц цуглуулах шинжилгээний баг нэмэлтээр орон нутагт ажиллах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *