Засгийн газар 2020.11.29-нд ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссын санал, шийдвэрийг хэлэлцээд, коронавирусний халдвар бүртгэгдсэн Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай, аймгуудын хөл хориог 2020.12.11-нийг хүртэл дахин 10 хоног сунгаж, бусад аймгуудын хөл хориог сулруулан, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цааш үргэлжлүүлэх, эсвэл бууруулах эсэх асуудлыг маргааш Ерөнхий сайдын хэмжээнд хэлэлцэх юм байна.
Эрүүл мэндийн яамны судалгааны баг “Ковид-19 тархалтын хариу арга хэмжээ ба хөл хорио” сэдэвт судалгаа хийж, энэ хүрээндээ “Нууц үеийн хугацаандаа байгаа илрээгүй тохиолдлууд байх боломжтой учир нийслэл болон зарим аймгийн хөл хориог дахин авч үзэх шаардлагатай гэсэн” дүгнэлт гаргаад байгаа.
Судалгааны дүгнэлтийг ЭНД ДАРЖ унших боломжтой.
Сануулахад, Засгийн газрын 2020.11.29-ний хуралдаанаас Улаанбаатар хотын хөл хориог хэвээр үлдээсэн ч боловсруулах салбарын үйлдвэрүүдийг чанд дэглэм баримтлан нээсэн. Энэ хүрээнд дараах 18 байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа билээ.
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагууд
- Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэр, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
- Хот суурины усан хангамж, ариутгал, татуурга ашиглалт
- Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, худалдаа
- Банк санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан илгээмж
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага
- Малын өвс тэжээлийн үйлдвэр, худалдаа, тээвэрлэлт
- Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэр
- Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэрлэл
- Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрлэл
- Бараа материалын цахим худалдаа, хүргэлт
- Хууль тогтоох дээд байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллага
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
- Шүүх, прокурор, өмгөөлөл наториат,
- Оршуулгын үйлчилгээ