Categories
мэдээ нийгэм улс-төр цаг-үе

С.Батхүлэг: Уих-ын зарим гишүүдийн зүгээс ийм дайралт ирнэ гэж огт бодож байсангүй

Өмгөөлөгч С.Батхүлэгтэй ярилцлаа.


-Та Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшсэн. Яагаад нэр дэвшихээр болсон талаар тань ярилцлагаа эхэлье?

-Юуны өмнө танай сонины хамт олонд болон уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Шүүх бол төрийн засаглалын үндсэн гурван салаа мөчрийн нэг, нийгэмд гүйцэтгэх чиг үүрэг, хуулийн салбарт эзлэх байр суурийн хувьд хамгийн нэр хүндтэй, чухал салбарын нэг. Уг салбарт ажиллах хүсэл сонирхол ихэнх хуульчдад, ялангуяа залуу хуульчдад байдаг байх. Би тэдний л нэг. Миний одоо ажиллаж байгаа өмгөөллийн салбар мөн ялгаагүй л чухал салбар. Өмгөөлөгчийн ажил ч сайхан. Би өмгөөлөгчөөр цөөнгүй жил, чамлахааргүй амжилттай ажиллаж байна. Гэхдээ энэ хугацаанд өөрийгөө хувь хүний талаасаа төрийн албанд тохирох юм болов уу гэж дүгнээд ийм шийдвэр гаргасан. Хувийн салбарт ажиллахад мэргэшил мэдлэгээс гадна уян хатан байдал, маркетинг, хэлэлцээ хийх зэрэг бизнесийн талын чадварууд давхар шаарддаг бол төрийн алба илүү тогтвортой, хараат бус зэрэг арай өөр арга барилаар ажиллах шаардлагатай. Тиймээс ажлаа сольж үзье, төр нийгэмдээ өөрийн мэдлэг, туршлагаараа хувь нэмрээ оруулъя гэж бодсон. Тэгээд 2020 оны эхээр зарласан Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцсон юм. Энэ миний анхны оролдлого биш л дээ, би бүр 2015 оноос эхлээд Шүүхийн ерөнхий зөвлөлд материал бүрдүүлж өгч эхэлсэн.

-Таныг Голомт банкинд ажиллаж байсан, тийм учраас сонирхлын зөрчил үүснэ, “эзэн”-дээ үйлчилнэ гэж хууль тогтоогчид хардаж байна. Өмнө нь Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан хуульч Дээд шүүхийн шүүгчээр сонгогдож ажилласан. Энэ дахин давтагдах нь гэж зарим гишүүд хэлж харагдсан. Голомт банкинд яг хэдэн жил ажилласан бэ. Ямар албан тушаалууд хашиж байв?

-Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан М.Батсуурь шүүгчийн хувьд би ямар асуудалд холбогдсоныг тодорхой мэдэхгүй. Тэр тусдаа хувь хүний асуудлыг надад хамаатуулах ямар ч үндэслэл байхгүй. Банк санхүүгийн салбарт ажиллаж байсан гэдгээр нь хамаатуулж ойлговол арай хэтэрхий хавтгайруулсан хэрэг болно биз дээ. Тэр салбарт сайнтай муутай хэдэн арван мянган хүн ажиллаж байгаа шүү дээ. Би Голомт банкинд анх 2006 онд хуульчаар ажилд ороод 2009 онд хуулийн хэлтсийн захирал болж, 2011 он хүртэл ажиллаад өөрийн хүсэлтээр гарсан. Д.Баясгалан захирлыг танина. Гэхдээ түүнтэй ойр дотно, найз нөхөд, эсхүл дундын ашиг сонирхлоор холбогдоод байдаг зүйлгүй. Би түүний удирдлага дор 2006-2007 оны хооронд шинэ ажилтан байхдаа нэг жил ажилласан байдаг.

2007 онд Д.Баясгалан гүйцэтгэх захирлын ажлаа өгч банкны ажилд оролцохоо больсон. Тэр цагаас хойш бид цөөхөн тааралддаг, мэнд устай л явдаг хүмүүс. Мэдээж тэр хүнтэй сонирхол нэгтэй, ойр дотны хүмүүс байдаг л байх. Гэхдээ би бол биш. Тийм байсан бол олон жилийн өмнө Голомт банкнаас өөрийн хүсэлтээр гараад, хувиараа өмгөөлөл хийгээд явахгүй л байсан байх. Аль нэг хувийн байгууллагад ажилласан л бол эзнийх нь “гар хөл” гэж цоллох нь ялгаагүй л хэтэрхий хавтгайруулсан хэрэг биз дээ. Мөн би хожим 2013-2015 оны хооронд Голомт банкинд гэрээт зөвлөхөөр хоёр жил орчим ажилласан. Гэхдээ ямар нэг албан тушаал хашаагүй, тус банктай холбоотой гадаадын шүүх арбитр дээр үүссэн хоёр маргаан, дотоодод үүссэн нэг маргаанд намайг хөлсөлж ажиллуулж байсан юм. Би тухайн үед хувь өмгөөлөгч байсан болохоор хуулийн дагуу үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрөөс татвар, нийгмийн даатгал суутгагдаад төлөгдөж байсан. 2015 он гэхэд тэдгээр маргаанууд дуусч, миний гэрээ ч дуусгавар болсон. Түүнээс хойш би өөрийн үүсгэн байгуулсан өмгөөллийн нөхөрлөлөөрөө үйл ажиллагаа одоог хүртэл явуулж байна. УИХ-ын зарим гишүүд миний Голомт банкинд ажиллаж байсан хугацааг өмгөөлөгчөөр ажилласан жилд тооцох ёсгүй гэж эсэргүүцээд байгаа. Энэ асуудалд би өөрийн байр сууриа УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн.

-Голомт банкинд ажиллаж байсан хугацааг өмгөөлөгчөөр ажилласан жилд тооцохгүй гээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Би 2005 онд хуульчийн гэрчилгээ, 2006 онд өмгөөллийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэр цагаас хойш Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоонд татвараа төлж, сургалт арга хэмжээнд нь хамрагдаад явж ирсэн. Би 2002 оны Өмгөөллийн тухай хуулийн дагуу өмгөөллийн эрхээ авсан. Уг хууль 2012 оныг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд тус хуулиар өмгөөлөгч хүн аль нэг байгууллагад ажиллахыг зөвшөөрдөг. Тиймээс тухайн цаг үед аж ахуйн нэгж, байгууллагууд өмгөөлөгчдийг хуульчаар ажиллуулдаг практик түгээмэл байсан. Энэ эрх зүйн орчны хүрээнд 2006-2011 оны хооронд Голомт банкинд хуульч, хуулийн хэлтсийн захирлаар ажилласан. Тиймээс өмгөөлөгчөөр ажилласан жилийг 2006 оноос эхлэн тоолох боломжтой гэж үзсэн. Гэхдээ би өөрөө л ингэж ойлгоод байгаа юм биш. Шүүгчид нэр дэвшигч шаардлага хангаж байгаа эсэхийг хуулийн дагуу байгуулагдсан Шүүхийн мэргэшлийн хороо гэдэг байгууллага шалгадаг. Тэр байгууллага нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөсөө тусдаа бөгөөд есөн гишүүнтэй, Улсын Дээд шүүхийн зургаан шүүгч, давж заалдах шатны нэг шүүгч, их сургуулийн хоёр профессороос бүрдсэн хороо. Хуулийн дагуу Шүүхийн мэргэшлийн хороо материалыг шалгаж үзээд шүүгчид тавигдах хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэсэн. Түүнчлэн олон төрлийн шалгалт авч, намтрыг нарийн судалж, дүн гаргадаг юм билээ. Шүүгч биш байсан хүмүүсээс авдаг шалгалт нь бүр илүү олон байсан. Мөн Монголын хуульчдын холбооноос шалгалт хийж, намтар, ажил эрхлэлт, сүүлийн гурван жил оролцож байсан хэрэг маргааны талаар судалж дүгнэлтээ ирүүлсэн байдаг. Монголын өмгөөлөгчийн холбооноос ч мөн өмгөөллийн үйл ажиллагааны талаар дүгнэлт ирүүлсэн байдаг. Үүний дараа л шалгуур хангасан хүмүүсийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар оруулж сонгон шалгаруулалт хийдэг. Тэгэхээр энэ олон байгууллага, албан тушаалтнууд бүгдээрээ нэгэн зэрэг хууль зөрчинө гэж байхгүй.

-Банкны салбараас өөр салбарт ажиллаж байсан уу?

-Манай өмгөөллийн фирмийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь санхүүгийн эрх зүйн чиглэл боловч эрх зүйн бусад чиглэлээр ч өмгөөлөл, зөвлөхийн үйл ажиллагаа явуулж байгаа. Татвар, уул уурхай, хөдөлмөрийн эрх зүйн маргаанууд, төрөл бүрийн эрүүгийн хэргүүд дээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Бидний үйлчлүүлэгчид дотор банк санхүүгийн байгууллагууд, боловсролын байгууллагууд, компаниуд, жирийн иргэд зэрэг нийгмийн бүхий л сектор бий.

-Улсын дээд шүүхэд нэрээ дэвшүүлээд батлагдана гэж итгэж байсан уу?

-Мэдээж анхандаа юу гэж тийм итгэлтэй байх вэ дээ. Олон л хүн өрсөлдөж байсан. Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шалгуурыг давах эсэх, дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарах, эсэх нь одоо ч тодорхойгүй шүү дээ. Харин УИХ-д танилцуулах ажиллагаанд ингэж гацаа үүснэ гэж огт бодоогүй.

-Нэр дэвшиж байх үед сөрөг дайралтууд ирнэ гэж тооцоолоогүй юу?

-Өмгөөлөгч нараас анх удаа шууд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч болсон болохоор янз бүрийн эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой байсан. Анхны юм бүр амаргүй байдаг. Харин парламентын зарим гишүүдийн зүгээс ийм дайралт ирнэ гэж огт бодож байсангүй. Үндсэн хуулийн суурь зарчмууд болох шүүхийн хараат бус байдал, төрийн засаглал хуваарилах зарчим, шүүх улс төрөөс ангид байх зарчмуудын хүрээнд шүүгчийн томилгоонд парламент, эрх баригч нам оролцох, нөлөөлөх ёсгүй гэсэн итгэл үнэмшилтэй л явж ирсэн. Энэ зарчмыг манай төрийн уламжлал хадгалсаар ч ирсэн.

Харин сая намайг танилцуулах явцад ийм зүйл болсонд үнэхээр харамсаж байна. Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл ч юм уу, эсхүл Ерөнхийлөгч үндэслэлээ тайлбарлаад намайг томилохоос татгалзсан бол өөр хэрэг.

-Хэрвээ та Улсын дээд шүүхийн шүүгчээр батлагдлаа гэхэд Голомт банктай холбоотой маргаан ороод ирвэл ямар шийдвэр гаргах вэ. Голомт банкны эсрэг шийдвэр гаргаж чадах уу?

-Маш чухал асуулт байна. Ямар ч хүн сонирхлын зөрчилд орох боломжтой. Хүн бүр л гэр бүл, ах дүү, хамаатан садантай. Тэд нар нь ямар ч бизнес, албан тушаалтай байж болно. Сонирхлын зөрчил гэдэг нь өргөн утгаараа тухайн нөхцөл байдал нь бусдын нүдээр харахад сонирхлын зөрчилтэй гэж эргэлзээ төрүүлж буй бүх нөхцөлийг ойлгодог. Сонирхлын зөрчилд орох боломжгүй хүн гэж энэ дэлхий дээр байхгүй. Тиймээс энэ асуудлыг хуулиар, хуульчийн болон шүүгчийн ёс зүйн дүрмүүдээр маш нарийн зохицуулж, хэрхэн шийдвэрлэх аргыг зааж өгсөн байдаг. Шүүгч дээр сонирхлын зөрчилтэй асуудал хүрээд ирвэл өөрөө татгалзан гарах үүрэгтэй. Хэрэв өөрөө татгалзахгүй бол хэргийн оролцогчид шүүгчээс татгалзах эрхтэй. Татгалзал нь үндэслэлтэй эсэхийг өөр шүүгч шийдээд явдаг хуультай. Сонирхлын зөрчлөө шүүгч нь нуугаад, хэргийн оролцогч нь мэдэлгүй өнгөрөөсөн бол хожим шүүгчид хариуцлага тооцох механизм ажиллаж байдаг.

Би эрүүгийн хэргийн шүүгчийн орон тоонд нэрээ дэвшүүлсэн. Мэдээж банкууд байнга л шүүхийн маргаанд оролцож байдаг. Гэхдээ тэр хэргүүд нь ихэнхдээ өр зээлтэй холбоотой иргэний хэргийн шүүхийн маргаанууд л байдаг. Голомт банктай холбоотой эрүүгийн хэрэг Улсын дээд шүүхэд очиж байсан түүхийг би мэдэхгүй юм байна.

-ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр та хоёр найзууд уу. Хамт хойно сурч байсан юм билээ. Ер нь та хаана, хаана боловсрол эзэмшсэн бэ?

-Би 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэж ороод 1997 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр ОХУ-ын Кубанийн их сургуульд шилжин суралцаж, 2002 онд төгссөн. Төгсөх жилдээ сургуулиасаа докторантурт үргэлжлүүлэн тэтгэлгээр суралцах урилга авсан. Докторын зэргээ эрүүгийн эрх зүйн чиглэлээр 2005 онд хамгаалж, тухайн үедээ 26 настай, хуулийн салбарт хамгийн залуу доктор болж байлаа. Хожим 2013 онд Австрали улсад менежмэнтийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан. ШЕЗ-ийн дарга Э.Батбаяртай 2005 онд нэг сургуульд докторын зэрэг хамгаалсан нь үнэн, энэ талаар би мэдээллээ өгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны үеэр Э.Батбаяр дарга ч өөрөө энэ талаар мэдэгдэж байсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргатай нэг сургуульд докторын зэрэг хамгаалснаар ашиг сонирхол нэгтэй болчихгүй. Докторын сургалт нь оюутны сургалт шиг биш, нэг анги танхимд хамт суугаад байдаггүй, тус тусдаа эрдмийн удирдагчтай, эрдмийн ажлаа өөрсдөө хийж яваад улсын коммиссын өмнө очиж хамгаалдаг. Би тэр үед ирж очоод, ажлаа хийгээд, хажуугаар нь докторын диссертациа бичээд явдаг байсан. Э.Батбаяр даргыг тухайн үеэс нь хойш танина, мэнд устай явсаар ирсэн. Гэхдээ бидний хооронд садан төрлийн хэлхээ холбоо, хамт ажилласан, хамтын бизнес зэрэг нэгдмэл ашиг сонирхол гэхээр зүйл нэг ч байхгүй. Энэ асуудлыг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-иар зохицуулдаг. Хуулиар нэг сургуульд сурсныг ашиг сонирхлын зөрчил гэж үздэг бол Монголын ихэнх хуульчид хоорондоо сонирхлын зөрчилтэй болно биз дээ.

-Таныг Тост Тосон бумбад лицензтэй ч гэх мэдээлэл гарсан байна лээ. Энэ тухайд тайлбар өгөх үү?

-Гарчгаасаа эхлээд ташаа мэдээлэл. Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг жилийн өмнө Засгийн газрын шийдвэрээр улсын тусгай хамгаалалтад бүрэн авсан. Тэгэхээр тэнд одоо тусгай зөвшөөрөл нэг ч байхгүй гэсэн үг. Нэр нь гараад байгаа “Өсөх зоос” ХХК ч тэнд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагүй юм билээ. “Өсөх зоос” ХХК-ийн хувьцааны тухайд би удирдлагаас нь зохих зөвшөөрөл авсан болохоор товч тайлбар өгье. Би уг компанийн бодит хувьцаа эзэмшигч байгаагүй. Тэр компани өөрийн тодорхой тооны хувьцааг банкны зээлд барьцаалахдаа хөндлөнгийн гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлж баталгаажуулахаар гэрээ байгуулсан байдаг. Тухайн үеийн мөрдөж байсан хууль тогтоомжоор хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг барьцаалахад ямар нэг улсын бүртгэл, баталгаажуулалт байдаггүй. Одоо ч энэ байдал их дээрдээгүй байгаа. Тиймээс хувьцаагаа гэрээгээр түр шилжүүлэх замаар барьцааг баталгаажуулах арга түгээмэл хэрэглэгддэг. Гэрээний хоёр тал аль аль нь надад итгэл хүлээлгэж, хүсэлт гаргасан тул би дундын зуучлагчаар оролцсон. Миний оролцоо нь компани зээлээ төлбөл хувьцааг буцааж шилжүүлэх, зээлээ төлөхгүй бол хувьцааг худалдаж зээлийг нь төлүүлэх үүрэгтэй байсан. Энэ бол жирийн хууль зүйн үйлчилгээ. 2014 онд тус компанийн тодорхой бага хэмжээний хувьцаа миний нэр дээр бүртгэгдээд, хожим буцаад өмнөх хувьцаа эзэмшигчдээ шилжсэн явдал. Компани зээлээ төлж, хувьцаа нь буцаад шилжсэн. Тэр үеийн бүх гэрээ хэлцлүүд нотариат, улсын бүртгэлийн архивт хадгалагдаж байгаа.

-Ер нь хүнийг ажиллаж байсан албан газраар нь ялгаварлаж үзэх хэр зөв юм бэ. Хувийн байгууллагад ажиллаж байсан хүн төрд ажиллаж болохгүй юу гэж үзэх хэсэг ч байна. УИХ-ын гишүүд таны танилцуулгатай танилцахгүй бол яах вэ. Энэ тухайд ямар бодолтой байна?

-Үндсэн хуульд хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй, мөн хүнийг эрхэлж байсан ажил албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан. Тиймээс хувийн байгууллагад ажилласан хүнийг төрийн албанд ажиллуулахгүй гэсэн хууль тогтоомж байдаггүй. Төрийн албаны тухай хуульд Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах гэсэн үндсэн зарчмыг тодорхойлсон байдаг. Хуулиар заасан болзол шалгуураа хангаж байгаа бол бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхах нь Үндсэн хуулийг зөрчсөн хэрэг болно. УИХ танилцахгүй байгаад байвал цаашид яахыг би үнэндээ хэлж мэдэхгүй. Миний хувьд одоогоор өөрөө нэрээ татаж авах бодолгүй байна. Би хууль зөрчөөгүй гэдэгтээ итгэлтэй байгаа. Энэ Батхүлэг гэдэг ганц хүний албан тушаал хаших, эсэх тухай асуудал биш. Шүүхийн томилгоонд парламент, эрх баригч нам оролцох, нөлөөлөх нь зөв үү, буруу юу гэдэг зарчмын асуудал.

Цаашлаад таны асуугаад байгаа хувийн салбарт ажиллаж буй мянга мянган залуусын ирээдүйд нөлөөлж мэдэх, мөн өмгөөллийн салбарын зуу зуун өмгөөлөгчдийн хүсэл мөрөөдөлд хамааралтай асуудал гэж би хувьдаа харж байгаа. Бас миний дээр дурдсан олон байгууллага, Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны лавлагаа, дүгнэлт, шийдвэрийг үгүйсгэсэн хэрэг болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *