– МАН ИРЭХ ЖИЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЗОРИУЛЖ ТӨСВИЙГ ХУВААРИЛСАН –
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Төсвийн талаар олон шүүмжлэл гарч байна. Төсвийн байнгын хорооны дэд даргын хувьд та төсөв дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Төсвийн байнгын хороон дээр би хэд хэдэн асуудал дэвшүүлж, “Ковид-19” эдийн засагт нөлөөлөх нь ээ. Тийм учраас төсвөө хэлэлцэхдээ тодорхой арга хэмжээнүүдийг авахгүй бол болохгүй байна гэдэг саналуудаа хэлсэн. Эрүүл мэнд, боловсрол, хилийн цэрэг, цагдаа, онцгой зэрэг байгууллагуудаас бусад төрийн байгууллагуудын урсгал зардлыг 20 хувь танах, эндээс гарах хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалах санд төвлөрүүлэх, мөн дэд сайд, яам агентлагийн газрын дарга зэрэг өндөр зардалтай албан тушаалуудыг цомхотгох замаар төсвийн хэмнэлт бий болгох, Онцын шаардлагагүй музей, захиргааны барилга, офиссын барилга зэрэг нийтдээ 149 төсөл хөтөлбөрийг царцаагаад, үүнээс гарах 403 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэлийг зээлд шилжүүлэх ийм саналуудыг гаргасан боловч, харамсалтай нь МАН тухайн үедээ тоож, авч хэлэлцээгүй. Төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийлөгчийн тавьсан хориг дээр тухайн үед миний хэлж байсан энэ гурван санал бүгдээрээ нийлээд ороод ирж байна лээ.
-Эрх баригчид ковидын төсөв гэж тайлбарлаад байгаа шүү дээ?
-Төсвийн байнгын хорооны дарга нь ч тэр, Сангийн сайд, Засгийн газрын тэргүүн нь ч тэр 2021 оны төсөв бол ковидын төсөв боллоо гэж ярьж байна. Ядаж вакцинаа авах хөрөнгө тусгаагүй байж ковидын төсөв гэж ярьж болохгүй. Ковидыг ганц өвчин гэж хараад байх шиг байна. Дэлхий нийтийн бүх улс оронд ковид бол эдийн засгийн хямралд хүргэх өвчин байна гэж хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас хамгийн чухал зүйл бол аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлд тодорхой хэмжээнд төсвийн болон бусад эх үүсвэрээ ашиглах ёстой. Гэтэл харамсалтай нь эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуульд зориулагдсан ийм төсөв боллоо. Өөрөөр хэлбэл, тодорхой хөрөнгө оруулалтууд, музей, номын сан зэрэг том том 50, 60 тэрбум төгрөг дээр, замын концесс дээр хөрөнгө тавьж, ирэх жилийн намынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд зорилуж төсвийг хуваариллаа шүү дээ. Дээрээс нь аймаг, нийслэлийн түвшинд тендерүүдээ шалгаруулах замаар замбараагүй хөрөнгө оруулалтуудыг хийсэн ийм төсөв боллоо. Энэ бол ковидын төсөв биш эрх баригчдын хулгайн төсөв гэж би үзэж байна.
-Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Харин МАН-ын бүлэг хүлээж авсангүй. Тэгэхээр цаашид яах ёстой вэ?
-Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч ковидтой холбоотойгоор ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээнд том эрсдэлүүд ирнэ. Үүнд зориулж нөөц бэлдэж, дэмжлэг үзүүлэх зорилгоор хориг тавьж байна. Гэтэл хоригийг цэвэр улс төрийн нүдээр харж, МАН хоригийг хүлээж авахгүй гэдэг шийдвэр гаргалаа.
Ингэж үзэж байгаа нь өөрөө том асуудал юм. Хоригийг хүлээж авахгүй болсон ч маш яаралтайгаар он гарангуут төсвийн орлого дутагдсантай холбоотойгоор төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрнэ. Ер нь Төсөв хэлэлцэх явцад нүүрсний машин өдөрт 1200 гаруй гардаг. Дээрээс нь зэсийн үнэ өндөр байсан учраас эдийн засгийг даваад гарчихна гэсэн бодолтойгоор асуудалд хандаж байсан бол өнөөдөр нүүрсний машин 200 болчихлоо. Нэлээд барьц алдсан нөхцөл рүү улс орон маань орж байна. Тийм учраас зайлшгүй төсвийн тодотгол хийх шаардлагатай.
-Төсөвт орлого олох тал дээр нэг ч төгрөг тавигдсангүй, дээр нь зарим аймаг, орон нутагт их хэмжээний төсөв тавилаа гэх шүүмжлэл гарч байгаа?
-Төсөв бол улстөрчийн дахин сонгогдох хэрэгсэл болж байна. Төсөв бол улстөрчдийн пиараа өсгөх хэрэгсэл болж байна. Засгийн газрын тэргүүн нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүнтэйгээ нийлж байгаад төсвийн маш их хөрөнгийг Хэнтий аймагт тавилаа. Маш их хөрөнгийг Их хурлын дарга нь Баянхонгор аймагт тавьж байна. Намынх нь генсек Говь-Алтай аймагт маш их хөрөнгийг тавилаа. Дээрээс нь төсвийн орлогыг төлөвлөхдөө жил болгон 42 сая тонн нүүрс гаргана гэж төлөвлөдөг. Харамсалтай нь энэ тоондоо хүрсэн тохиолдол байхгүй. Дээд тал нь 20-38 сая тонн нүүрс гаргадаг. Төсвийн орлогыг нэг талдаа өндөр тавьчихаад тэр хэмжээгээр орлого олно гэж урьдчилж үзээд зардлуудаа өндөр тавьдаг. Харамсалтай нь орлого нь төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байгаагаас үүдээд алдагдалтай төсөв баталж байгаа. Төсвийн алдагдал бол ирээдүйд бидний үр хүүхдэд өр болж очно. Тиймээс иймэрхүү байдлаар улс орны хөгжлийн бодлогод хортой зүйлүүдийг төсвөөр дамжуулж байнга хийгээд байвал манай улс хөгжихгүй ээ, харин ч хойшлох болно.
-Ерөнхийлөгчийн гаргасан өрх бүрт нэг сая төгрөг өгөх саналыг МАН-ын бүлэг хүлээж аваагүй?
-Нэг сая төгрөгийн 200 мянган төгрөгийг бэлэн мөнгөөр, үлдсэн 800 мянган төгрөгийг аж ахуйн нэгжүүдээ дэмжих ваучер бүтээгдэхүүн худалдаж авах санаачилгыг Ерөнхийлөгч гаргасан. Дэлхийн улс орнууд ийм арга хэмжээнүүдийг авч байна. Жишээ нь, АНУ, Япон улс хатуу хөл хорионы үед иргэддээ тодорхой хэмжээний бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлж байна. Дэлхий нийтийн энэ жишгийн дагуу иргэддээ хатуу хөл хорионы үед дэмжлэг үзүүлэхийг Ерөнхийлөгч гаргасан. Харамсалтай нь үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төр гэж үзээд МАН бойкотоллоо. Ерөнхийлөгчийн санаачилга бол иргэдээ дэмжих бодлого байсан болохоос биш улс орноо хорлочихъё гэдэг юм байхгүй.
-Засгийн газар, УОК-оос “Ковид-19” цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд олон алдаатай шийдвэр, бодлогууд яваад байна. Ер нь дотооддоо вирус алдсаны дээр хариуцлагын асуудал яригдах ёстой юу?
-Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бүх талаас нь би дэмжээд явж байгаа. Цар тахлын үед УОК-ын хийж байгаа ажлыг харахад шүүмжлэх олон асуудал гарч байна. Гэхдээ энэ болгон дээр ажил хийж байгаа хүмүүсийн хажуугаар ороод шүүмжлээд явах нь илүү биз. Цар тахлын үед иргэд өөрсдөө ухамсартай байж, хариуцлагаа өндөржүүлэх, маскаа зүүх, зайгаа барих, гараа угаах зэрэг үндсэн дэглэмүүдийг хийж хэвших нь чухал байна. Тэгж байж цар тахлыг хохирол багатай даван туулж чадна. Ер нь бол Европын холбоо, бусад улс орнууд “Ковид-19”-өөс сэргийлэх ажил бол хувь хүний өөрийнх нь асуудал юм байна. Тийм учраас иргэд хорио цээрийн дэглэмээ бариад, өөрсдөө хариуцлагатай байгаад, хориогоо сулруулж, хилээ нээж байна. Үүнтэй адил бид бүхэн хувь хүмүүсийн хариуцлагыг өндөржүүлээд илүү бодит байр сууринаас асуудалд хандаад явах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Бид дотооддоо ковид алдчихлаа гээд ард иргэдээ айлгаад улс төр хийж болохгүй. Учир нь хажуу хөрш орнуудаа айлгаж болохгүй. Хөрш орнууд чинь дотооддоо ковид алдчихлаа, янз бүрийн том эрсдэл үүсчихлээ гэвэл хилээ хаах ийм эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Үүнээс үүдээд өдөрт 1200 машин гарч байсан бол 200 гарч байна. Дотроо хэт сүржигнэх тусам уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд гадаад зах зээл рүү нүүрсээ гаргах энэ боломжууд хаагдах эрсдэлтэй. Одоо Засгийн газар тодорхой хэмжээгээр Улаанбаатар хотод алдсан тохиолдлуудыг хатуу хөл хорионы үед хумьж эхэлсэн. Тийм учраас цаашид дэглэмээ сулруулах, ковидын эсрэг арга хэмжээг авч чадсан гэдгээ бусад хөршүүддээ мэдээлэх шаардлага гарч байна. Дээр нь аж ахуйн нэгжүүдээ үйл ажиллагаанд оруулж, тэднийг орлоготой байлгах, экспортоо нэмэгдүүлэх боломж энэ хүрээнд гарч ирнэ.
-Өмнөх хөл хорионы үед үйл ажиллагаа нь зогсоод жигдэрч амжаагүй байсан, дампуурлын ирмэгт байгаа маш олон аж ахуйн нэгж байна?
-УИХ-ын гишүүд чуулган дээр үг хэлэхдээ иргэдийн орлого багасч байна гэж яриад байгаа. Иргэдийн орлого аль хэдийнэ зогссон. Харин гишүүдийн орлого багассан байж магадгүй. Тийм учраас тодорхой хэмжээнд аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн, тэдний үйл ажиллагааг идэвхтэй болгох, арга хэмжээнүүдийг маш яаралтай хийхгүй бол өнөөдөр нийт хүн амын 900 мянга орчим нь үйлчилгээний салбарт ажиллаж байгаа иргэд байна. Энэ хүмүүсийн үйл ажиллагаа зогсож, цалингүй, орлогогүй байдал удаан үргэлжилж болохгүй. Тиймээс Засгийн газар хувь хүн бүрийн дэглэм, хамгаалалтыг нь хийлгээд ойрын үедээ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээх нь чухал байна.
-Ардчилсан намын их хурал цар тахлын улмаас хойшилсон. Их хурлаа цахимаар хийхээр яригдаж байгаа гэсэн үү?
-АН дүрмээ өөрчлөх шийдэлд хүрсэн. Энэ хүрээнд их хурлаа цахимаар хуралдуулаад дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэж батлаад Улсын дээд шүүхэд өгнө. Улсын Дээд Шүүх дүрмийн өөрчлөлтийг баталсны дараа энэ дүрмээрээ намын даргаа сонгох их хурлыг хийнэ. Ихэнх гишүүд намын даргаа сонгохдоо цахимаар хийхгүй, намын их хурлын төлөөлөгчид бүгд сууж байгаад хурлаа хийгээд намын даргаа сонгох хүсэлтэй байгаа. Тийм учраас бид намын даргаа сонгохдоо хорио цээрийн дэглэм буурсны дараа хийнэ.
-АН-ын дараагийн шинэ дарга хэн болох вэ гэдэг дээр хүмүүс байр сууриа илэрхийлээд эхэлсэн байна.АН-ын дарга хүн ямар байх ёстой гэж та бодож байна вэ?
-Олон хүн АН-ын даргад өрсөлдөхөөр сунгаанд нэрээ өгсөн байсан. Би нэг зүйл дээр хатуу байр суурьтай байгаа. Ер нь дурын нэг нөхөр гарч ирээд АН-ын даргад нэрээ дэвшүүлдэг ийм үнэмлэмжгүй нам биш. Манай нам бол Монгол төрийн хоёр багана болсон Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдралыг шийдэж байгаа ийм том улс төрийн хүчин. Намын дарга болох хүн маш өндөр ёс суртахуунтай, олны итгэлийг хүлээсэн хүн байх ёстой гэж үздэг. Тийм учраас дурын нэг хүн дэвших ёсгүй гэж би бодож байна. Намын дүрмээр намын даргыг сонгохдоо Үндэсний бодлогын хороогоор намын даргад нэр дэвшиж байгаа бүх хүмүүсийг оруулаад тэндээсээ шалгаруулаад намын их хурлаар тэр хоёр хүн дээр санал хурааж шийдэх дүрмийн өөрчлөлт орно. Тийм учраас АН-ын даргад ард иргэдийнхээ хүндэтгэлийг хүлээсэн, улс төрийн өндөр мэдрэмжтэй чадвартай хүн сонгогдоно гэдэгт итгэж байна.
-Энэ хүнд цаг үед үүргээ гүйцэтгэж ард түмнээ төлөөлж, хариуцлага нэхэж дуугарахгүй байна гэдэг шүүмжлэл гарч байна. Яагаад цөөнх дуугарахгүй байна вэ?
-АН-ын цөөнх тодорхой байр сууриа УИХ дээр, Байнгын хороодын хурал болон бусад хэвлэл мэдээллээр ч илэрхийлж байгаа. Харамсалтай нь дөрөв дэх засаглал буюу хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүдийн амыг янз бүрийн аргаар барих ажлыг эрх баригч нар хийж байна. Тийм учраас МҮОНТP, бусад телевизээр манай намын бүлгийн гишүүдийн шүүмжлэлт байр сууринаас хандаж хэлсэн үгийг гаргахгүй байна. Олон нийт, ард иргэдэд АН-ын цөөнх ажиллахгүй байна гэдэг ойлголт төрж байгаа байх. Ардчилсан намын гишүүдийн хэлсэн үгийг харах юм бол бид хангалттай ард түмнээ төлөөлж үгээ хэлж байгаа. Харамсалтай нь үүнийг олон нийтэд хүргэх ажил тодорхой хэмжээнд саарч байгаа тохиолдол бий.