Categories
мэдээ нийгэм

​М.Майцэцэг: Сүүлийн үед бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөл нэмэгдсэн

Детская стоматология в Лобне. Хорошие стоматологи - «Семья»

“Mayflower” шүдний эмнэлгийн захирал, Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч М.Майцэцэгтэй ярилцлаа.


-Сүүлийн үед амны хөндийн өвчлөл зонхилох болсон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Бидний өдөр тутам идэж буй хоол хүнсний найрлага дахь нүүрс ус агуулсан бүтээгдэхүүн нь бүхэллэг, чанар багатай наалдамхай байгаа нь шүдэнд өнгөр үүсгэж, амны хөндийн эрүүл ахуйг муу сахих, шүдний эмчид тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамрагддаггүйгээс өвчлөл нэмэгдэж байгаа юм. Энэ нь зайлшгүй үзлэгт орох шаардлагатай цаг үеийн цэрэг татлага, гадаад дотоодын сургуульд явах, сурах үед хийгдэх үзлэгээр илүү их илэрдэг. Шүдний цоорлын эмчилгээг илэрсэн даруйд шууд эмчлэгддэг бол зарим эмчилгээ тодорхой цаг хугацаа, урьдчилсан эмчилгээ хийгдэх шаардлагатай болдог. Иймээс жилд тогтмол хоёр удаа шүдний эмчдээ хянуулж эмчилгээ үйлчилгээг хийлгэж байх хэрэгтэй. Амны хөндийн боловсролыг гэр бүлийн гишүүн бүрт эзэмшүүлж, бага насны хүүхдийнхээ шүдийг тогтмол угаах, шүдний эмчид үзүүлж зөвлөгөө, авч байх нь залуу аав, ээжийн гол үүрэг болоод байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 255 дугаар тогтоолоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ оны байдлаар 34,946 хүүхэд хөтөлбөрт хамрагдаад байна. Ингэснээр 2-12 насны хүүхдийн амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж эмчилснээр хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30%-иар, цоорлын эрчимийг дөрвөн нэгжээр бууруулах юм.

– Ер нь улсын хэмжээнд шүдний өвчлөл хэр байгаа вэ?

-Сүүлийн үеийн үндэсний судалгаагаар бага насны хүүхдийн 86% шүд цоорох өвчтэй байсан бол,14% нь эрүүл гэж гарсан. Энэ нь шүд цоорох өвчний тархалт сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 86.2%, сургуулийн насныханы дунд 86.1% хувьтай байгаа аж. Харин сүүлийн жилүүдэд шүд цоорох өвчнөөр бага насны хүүхэд өвчилж тэдний дунд энэ өвчний тархалт нэмэгдэж хандлага ажиглагдсан. Нүүр амны эмгэгт шүд цоорох өвчин болон түүний хүндрэлүүд, шүд эрүүний гажигууд зонхилж байгаа нь өвчлөлийг эрт илрүүлэх, оношлогоог нарийвчлан хийж, эрчимтэй төлөвлөгөөг зөв боловсруулж урьдчилан сэргийлэх асуудалүүссэн.

-Бага насны хүүхдүүдийн сүүн шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, арчилгааг хэрхэн хийх вэ?

– 4-6 насны хүүхдийн амны хөндийн онцлог нь сүүн шүдний зуултаас холимог зуултын үе буюу байнгын шүд ургах үе рүү шилждэг. Өөрөөр хэлбэл, сүүн 20 шүднээс байнгын 32 шүд ээлж дарааллан ургах үе юм. Хамгийн түрүүнд байнгын нэгдүгээр их араа ба үүдэн бүлэг шүд ургах бөгөөд нэгдүгээр их араа шүдний ховил хонхор нь гүнзгий, эрдэсжилт бага байдаг учраас цооролд өртөх нь хялбар байдаг. Нэгдүгээрт шүд угаах дараалал чухал. Хүүхдийн онцлогт тохирсон оо, сойзыг сонгох нь чухал. Сойзыг сонгохдоо үс нь хүүхдийн тань үүдэн 2 шүдийг нийлүүлсэнтэй адил хэмжээтэй байх. Хэтэрхий том, хатуу, арзайж хуучирсан үстэй сойз нь шүдэнд наалдсан өнгөрийг бүрэн арилгаж чаддаггүй. Шүдний ооны хувьд фторын найрлагыг анхаарах нь чухал. 6 нас хүртэлх хүүхдэд хэрэглэх ооны фторын агууламж нь 1000 ppm байх хэрэгтэй. Хоёрдугаар зөв хооллолт орно. Байнгын шүд нь дөнгөж цухуйж байх үедээ өөрөө цэвэрших үйл ажиллагаа нь алдагддаг тул аль болох шүдэнд наалдамхай хүнснээс татгалзах. Харин хооллосныхоо дараа заавал шүдээ угаахыг дадал зуршил болгох нь чухал. Мөн хоол хүнсэнд аль болох зажлууртай ааруул, ээзгий, алим гэх мэт хүнсийг хэргэлэх нь шүлс ялгаралтыг ихэсгэж амны хөндийн өөрөө цэвэрших үйл ажиллагааг дэмждэг сайн талтай. Гуравдугаарт, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь чухал. Цоорлоос хамгаалах ломбо, түрхлэг түрхдэг. Дараа нь гурван сар тутамд эмчийн үзлэгт хамрагдсанаар хүүхдийг амны хөндийн өвчлөлүүдээс урьдчилан сэргийлж, хэрэв шүд цоорсон байвал илрүүлж эмчилгээ хийн цаашид гарах хүндрэлээс урьдчилан сэргийлж чадна.

-Ихэнх хүмүүс шүдээ өвдөхөөр эмнэлэг зорьдог. Энэ нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Шүдний эмнэлэгт шүдээ өвдөхөөр хандаж байгаа нь харамсалтай. Шүдний өвдөлтөө тэвчин өвчин намдаах эм хэрэглэж уламархагшуулж, хүндрүүлээд байдаг. Урьдчилан сэргийлэх үзлэгээ тогтмол хийлгэвэл шүдний өвдөлт, хүндрэл гарахгүй шүү дээ. Шүд цоорлын өвчин хүндрэхэд шүдний зөөлцийн үрэвсэл, холбоосын үрэвслийн эмчилгээ олон давталттай эмчилгээ, хавсарсан эмийн болон физик эмчилгээнүүд хавсарч хийгддэг. Эмчилгээгээ цаг адалгүй хийлгэж эмчийн зөвлөгөөг сайн баримталсан тохиолдолд илүү үр дүнтэй байдаг.

-Амны хөндийн хүчиллэг орчинг бүрдүүлэх ёстой гэдэг. Үүнийг хэрхэн мэдэж вэ?

-Зарим үед хүний биеийн онцлогоос хамаарч шүлс бага хэмжээгээр ялгарах мөн ам хуурайших нь шүдний цоорол үүсгэх гол хүчин зүйл болдог. Шүлсний найрлага дахь кальци, фосфатын ионоор шүлс болон шүдний хатуу эдийн хооронд эрдсийн ионы солилцоо тогтмол явагдсанаар шүдний хатуу эдийн алдагдлыг нөхөж байдаг.

-Шүдээ өвчилсний дараа л эмнэлэгт ханддаг. Ер нь өвдөхөөс нь өмнө хэрэглэдэг зориулалтын арчилгааны зүйл байдаг уу?

-Шүд цоорлын өвчлөлөөс сэргийлэх хамгийн энгийн арга нь ердөө шүдээ тогтмол зөв угаах, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж хэвших юм. Үүнд эцэг эх төдийгүй цэцэрлэг сургуулийн эмч, багш сурган хүмүүжүүлэгч нарын оролцоо маш чухал.

-Жирэмсэн хүмүүсийн шүд кальци дутагдсанаас үүдэн амархан өвчилдөг гэсэн?

-Манайд 15-49 нас насны эмэгтэйчүүдэд шүд цоорох өвчлөл өндөртэй байгаа. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх, шүдээ эрүүлжүүлэх хэрэгтэй. Ялангуяа анхлан төрөх эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээр шийдсэн бол амны хөндийн эрүүл мэндийн талаар зөвөлгөө авч, шүдээ бүрэн эмчлүүлэх, амны хөндийн эрүүл ахуйн дадал хэвшлийг зөв болгох нь жирэмсэний эхэн болон хожуу үед гарч болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Жирэмсний үед гарах бие махбодийн өөрчлөлтөөс буйлны шингэнд стериод дааврын хэмжээ нэмэгдсэнээр буйл үрэвсэн хавагнаж, цус гарах шинж тэмдэгүүд илэрдэг. Энэ нь цаашлаад бага жинтэй хүүхэд төрөх, зүрх судасны эмгэг зэрэгт хүргэх эрсдэлтэй. Ургийн хөгжлийн 3-4 долоо хоногтойгоос эхлэн амны хөндийн эрхтэн ялгаран, шүдний эх үүсгэвэр 6-7 долоо хоногтойд үүсдэг. Энэ үеүдэд архи, тамхи, ундны усны фторын агууламж өндөр байх, эмийн гаж нөлөөлөл нь хүүхдэд төрсний дараа шүдний хатуу эдийн дутмагшил, шүдний өнгөний өөрчлөлт, уруул тагнайн сэтэрхий, үр зулбалт, дутуу төрөх зэрэг ургийн хөгжлийн гажиг үүсгэх сөрөг нөлөөтэй.

-Тэгэхээр жирэмсэн эхчүүд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Жирэмсэн үеийн хооллолтоо анхаарах хэрэгтэй. Ингэхдээ зөв хүнсийг, зохистой хэмжээгээр хэрэглэснээр хүүхдийн өсөлт хөгжилтөд ач тустай. Ургийн ясжилт, шүдлэлтэд кальци нь жирэмсэн эхчүүдэд хоногт 1,2г, хөхүүл эхчүүдэд 1,5г шаардлагатай байдаг. Тиймээс жирэмслэхээс өмнө амны хөндийн эрүүл ахуйг бүрэн эрүүлжүүлж шүдний эмчийн хяналтанд орох шаардлагатай. Мөн шүдний хатуу эдийг эрдэсжүүлэх фтортой, кальци, фосфор эрдэс бодисоор баялаг, буйлны үрэвслээс сэргийлсэн цинк, аргинин агуулсан бактерийн эсрэг шүдний оогоор тогтмол өдөрт 2-3 удаа угааж хэвших хэрэгтэй.

-Ер нь шүдний эмчилгээнд сайн гээд оо, ам зайлах бэлдмэлийг хэрэглэдэг. Энэ нь ямар үр дүнтэй байдаг вэ. Сайн чанарын гэсэн болгон сайн байж чаддаг уу. Энэ талаар зөвлөгөө өгөөч?

-Амны хөндийн орчноо эрүүл болгох, эмчлүүлж байж ямар шүдний Оо тохирох, шүдний утсыг хэрхэн хэрэглэх, ямар төрлийн ам зайлагч танд тохирох эсэхийг шүднийхээ эмчээс зайлшгүй зөвлөгөө авах шаардлагатай. Шүдний Оо, ам арчилгааны бүтээгдэхүүнүүд эмчилгээний болон эрүүл ахуйн зориулттай байдаг бөгөөд амны хөндийд гарч буй зарим зовиурыг арилгадаг. Ер нь дур мэдэн сайн гэсэн болгоныг хэрэглэснээр шүд өвчлөх магадлал өндөр учраас эмчийн зөвлөгөө их чухал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *