АНУ-ын Флорида мужид болж байгаа “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн өндөрлөхөд 34 цаг үлдээд байна. Тус тэмцээнд өрсөлдөж байгаа хэт холын зайн гүйлтийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал тэмцээний эхнээс л тэргүүлж эхэлсэн бөгөөд тав дахь өдрийн байдлаар Б.Буджаргал 614 км гүйж хошуучилсан хэвээр байна.
Сүүлийн өдрийн гүйлтээр түүний хөлийн хуруу, ул нь ихээр цэврүүтсэн байсан боловч эмчилгээ хийж, биеийн байдал дээрджээ.
Арынх тамирчин 100 км-ээр хоцорч байна. Тиймээс тав дахь удаагаа дэлхийн аварга болоход нэлээд ойртжээ. Б.Буджаргалын хувьд энэ тэмцээнд алтан медаль авахаас гадна өөр нэгэн том зорилго байгаа гэнэ. Энэ бол дэлхийн рекорд амжилтыг шинээр тогтоох юм. Одоогоор зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн дэлхийн рекордыг 1035 км гэсэн амжилтаар “Гүйлтийн Бурхан” хочит Австралийн грек гаралтай тамирчин Янис Курос эзэмшиж байгаа аж. Харин Б.Буджаргалын хувийн амжилт 834 км байна. Энэхүү шийдвэрлэх үеийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Буджаргалтай утсаар холбогдож, амжилт хүсэн ерөөлөө.
Ерөнхийлөгч Х.Баттулга “За сайн байна уу? Хоёулаа Монголд 10 км-ын кросст хамт гүйж байсан. Адилхан спортын хүний хувьд биеийн байдал хэр байгааг тань асуух гэж холбогдож байна. Биеэ сайн бодоорой. Амрах үедээ сайн амарч байгаарай. Та туршлагатай хүн өөрөө сайн мэдэж байгаа. Дараа дараагийн тэмцээнд тань хамтран ажиллах болно. Би бүх талаар дэмжлэг үзүүлэх болно. Монголчууд танаар их бахархаж байна. Би сайн мэдээ хүлээгээд сууж байна. Амжилт хүсье” гэж сэтгэлийн дэм өгсөн юм.
Харин Б.Буджаргал “Биеийн байдал сайн байгаа. Таныг утсаар ярьсанд маш их баярлалаа. Энд монгол хүн ялж байна, монголчууд маань эх нутагтаа ковидийг ялан дийлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.
Дашрамд дурьдахад Ерөнхийлөгч маань Б.Буджаргалыг цаашдын тэмцээн уралдаанд ороход нь бүх талаар дэмжихээ илэрхийлжээ. Мөн Чикагогоос Н.Аюур, Б.Цацрал, Д.Энхмаа, М.Марта, Лос Анжелосоос Б.Чанцалням нар хүрэлцэн ирж тамирчныхаа арын албыг хариуцан ажиллаж байна. Дэлхийд алдартай мэдээллийн агентлагууд Монголын тамирчин
Б.Буджаргалын амжилтын талаар олон удаа мэдээлж байсныг бид тэр бүр
мэддэггүй, анзаардаггүй байсан. Энэ удаад ч гэсэн манай тамирчны амжилт олон улсад
дахин цуурайтна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.