Categories
мэдээ нийгэм

Алхаж, мөрөөдөж, хайртай хүнийхээ гарыг атгаж, ээж, аавдаа тусалж, сурч, ажиллаж байгаадаа, бүгдэд талархаарай

2005 оны хавар. Энэ улирал, энэ жилийг би хэзээ ч мартдаггүй. Хар дарсан зүүд байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Угаалтуурынхаа урд нүүрээ угаагаад зогсож байсан би гэнэтхэн шилждэг хүн шиг эмнэлгийн оронд дээр хэвтэж байх нь тэр. Эргэн тойрноо хартал аав, ээж, ах гурав минь хэдэн хоног уйлсныг нь бүү мэд бүлцийсэн нүд, арзайсан үс, их л ядрангуй бас туйлдсан царайтай намайг харж зогсоно. Хэсэг тээнэгэлзэн учраа ч ололгүй өндийх гэтэл бие минь надад захирагдахгүйгээс гадна хөлийн хуруу, гарынхаа сарвууг ч мэдрэхгүй байлаа. Харин нулимс минь бороо зутгаж байгаа юм шиг л халуу оргуулан ар дагз руу урсаад л. Юу болсон юм бэ би яагаад ингээд хэвтэж байгаа юм гэж асуух тэнхэл ч надад байхгүй байлаа. Бие нэлээд тэнхэрч хагас сарын дараа эмнэлгээс тэргэнцрийн тусламжтайгаар гэртээ ирлээ. Би шөнө бүр, өдөр бүр, цаг тутам би юуг тэгтлээ буруу хийчихсэн юм бэ? Миний мөрөөдөл, миний зорилго яах юм бэ? Би дөнгөж арван дөрөвхөн настай шүү дээ. Бурхан гэж байдаг юм уу?

Үнэхээр итгэхэд бэрх байсан. Дөнгөж долоохон сарын өмнө би ангийнхаа онц сурлагтнуудын тоонд ордог. Дээрээс нь спорт болон урлагын бүх секц, дугуйланд хамрагддаг, ангийнхаа хамгийн хөөрхөн охинтой үерхдэг байлаа. Миний мөрөөдөл миний урд бүүр хэдхэн алхмын цаана байгаа юм шиг түүнийхээ араас ч зогсолтгүй гүйдэг байсан. Гэтэл одоо гүйх нь битгий хэл гуурсаар шингэнээ гадагшлуулж, өтгөнөө хүнээр цэвэрлүүлж байна. Би үргэлж буруутанг хайдаг. “Миний амьдралыг хэн ийм болгочихов” гээд л буруутан олддоггүй байсан болохоор улам бүр хэцүү.

Сайн найзууд, гайхалтай багшийн буянд би сургуулиа амжилттай төгсөж чадсан юм. Манай ангийнхан намайг хэзээ ч энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд шүү гэж харж байгаагүй. Одоо бол байнга л хардаг дасал болсон өрөвдсөн нүдийг би тэднээсээ хэзээ ч харж байгаагүй ээ. Харин ч хамт байхад хөгжилтэй хажуунаасаа холдуулмааргүй байдаг байлаа. Сургуулиа төгсөөд харин уйтгар гунигийн далайд гүн умбасан. Гэр бүлийнхэнтэйгээ яваагүй газар очоогүй эмч байхгүй. Сүм, бариач, гандан хийд гээд л… Очих болгондоо босчих юм шиг сэтгэл гэгэлзээд, итгэл найдвар тээсээр, тээсээр…гэхдээ тэндээс гарахдаа урам хугаралт, зүрх зүсэлтээр дуусгавар болдог байлаа. Одоо ч итгэх юм бараг л үлдсэнгүй дээ. Гэртээ хийх юмгүй уйддаг надад Facebook дөнгөж орж ирэхэд дэндүү бүүр дэндүү сонирхолтой зугаатай байдаг болсон юм. Чатаар хүмүүстэй харьцдаг болоод арай л сэтгэлд өег болж эхэллээ. Их засаг их сургуулийн хууль зүйн ангийн хоёрдугаар курсийн нэгэн охинтой харьцдаг болоод дараа нь уулздаг боллоо. Миний харанхуй амьдралд өнгө гэрэл болж орж ирсэн эмэгтэй.

Гэр нь Говь-Алтайд байдаг болохоор тэр минь надтай хамт манайд амьдардаг болсон юм. Би түүндээ хийж өгөх зүйлс тун ховор яриаг нь чимээгүйхэн сонсож, ойлгохыг хичээдэг байлаа. Түүнийхээ дэргэд ганцхан үсийг нь үнэрлээд хэвтэхэд л надад хангалттай байсан. Харин тэр минь надад бүх зүйлээ зориулсан. Намайг хэзээ ч ганцаардуулж байгаагүй. Би хааяа түүнийгээ хардаж зовооно, архи уучихна. Хүүхэдтэй ч болж чадахгүй, гараас нь атгаад алхаж ч чадахгүй, ямар нэг зүйл дээр тэрний төлөө хариуцлага хүлээж чадахгүйдээ бухимдаад тэгж аашилдаг байсан гэж өөрийгөө зөвтгөе. Группийн мөнгө болоод гэр бүлийнхнээсээ багагүй мөнгө татан түүндээ өгдөг байсан. Ядаж л би иймхэн зүйл ч болов хийх ёстой гэж сэтгэдэг байлаа. Тэр минь сургуулиа төгсөөд надаас нисэн одсон юм.

Тухайн үед нэг л эзгүйрээд бүх зүйл хоосорчих шиг санагдаад хэцүү байдаг байсан ч түүнийгээ явуулсан нь үнэхээр зөв байсан. Одоо тэр минь хоёр хүүхдийн ээж нэгэн азтай залуугийн халамжит хань болсон гэж дуулсан. Түүний өмнөөс би хязгааргүй баярладаг. Учир нь би түүндээ ийм аз жаргалыг хэзээ ч бүүр бодолдоо ч амсуулж чадахгүй минь үнэн. Тэр л надад хүн хүлээх мэдрэмж, амьдрал хичээн гайхалтай зүйл надад өгөх гээд хүлээж байсан юм бэ гэх бодол мөн хайр, хайр гэх зүйлийг надад мэдрүүлсэн. Би өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй хувиа хичээсэн амьтан байлаа. Хүн бүрт бурууг тохоод л. Нүүрэндээ үргэлж инээмсэглэл тодруулдаг тэр охин намайг өөрчилсөн. Амьдралыг харах өнцөг, амьдарч байгаадаа баярлах мэдрэмжийг өгсөн. Түүнийхээ үлдээсэн сайхан дурсамж бүрээр би голоо зогоон амьдарч байна.

Сүүлд сонсох нь ээ намайг ийм болгосон гэмтэнг би мэдсэн. Намайг зовлонд унагасан буруутнаа би олсон. Тархины наалдангитай намайг нугасны менингит гэж буруу оношоор оношилж нугаснаас минь есөн удаа нугасны ус авснаар төв мэдрэлийн судсыг минь яс дарж дөрвөн мөч мэдээгүй болсон. Эцэж цуцалтгүйгээр буруутнаа хайж байсан ч мэдсэнийхээ дараа би нэг ч удаа гомдол нэхээгүй юм. Нэгэнт л өнгөрсөн зүйл юм чинь гээд орхисон. Хэн нэгэнд гомдол тээн амьдрахад хэтэрхий хайран юм шиг энэ цаг хугацаа. Хэрэвзээ бурханы шүүлт байдаг бол тэр хүнийг бурхан л шүүг. Тухайн үед тэр эмч намайг аврах гэж нойроо хугасалж, сэтгэлээ зовоосон гэдэгт би хэзээ ч эргэлздэггүй. Намайг ийм болгосондоо тэр хүн өөрийгөө буруутгадаг байх гэж боддог. Тэр л түүний өөртөө өгсөн ял байх. Би уучилсан, амьдрахад илүү амар байх боломж нь энэ юм. Би арван таван жил хэвтэрт байна. Бие минь үхжиж нуруу, ташаа маань цоорч эхэлсэн. Ээжийнхээ хаалганы цаана мөн орондоо уйлахыг нь би сонсдог. Тэглээ ч намайг амьд, түүний дэргэд байж байхыг харах нь л түүний жаргал нь болдог болохоор үхэл ирэхээс өмнө би үхэхийг хүсдэггүй. Тэр миний төлөө шаналж уйлдаг. Тиймээс би өөрийнхөө төлөө үхэж болохгүй. Эх хүний хайр ийм л аугаа. Одоо би зүгээр л бүх зүйлийг мэдэрч амьдрах болсон. Гэр бүлийнхнийхээ инээмсэглэл, цас болон бороо бүр шороо шуурахыг хүртэл мэдэрч байж би амьд байгаагаа мэдэрдэг. Өглөөний нарыг харах хичнээн гайхалтай гээч цээж дүүрэн амьсгалж чадаж байгаадаа би хязгааргүй их баярладаг. Мөн дүүгийнхээ ярьдаг CU, KFC, музей, Соёл амралтын хүрээлэнгээр түүнтэй хамт явмаар байна. Гэвч би болон надтай адилхан залуус явахад хүндрэлтэй байдаг ч тэр тийм их асуудал биш. Миний гадуур гардаггүй хамгийн том шалтгаан бол хүмүүсийн нүдний хүлээс. Хайран залуу гээд шогшроод зөрөх эмээ. Тийм ээ, би хэзээ ч бүтэн тэнийж хэмжүүлж байгаагүй. Хэмжүүлбэл бараг метр 90 хүрэх байх шүү. Эмч болоод хамаатан садан минь хэвтэртээ өслөө л гэдэг юм. Зөрөн өнгөрөх хүмүүс тэгж хэлэх нь аргагүй биз. Бас “Хөөрхий дөө” гэж харах хүмүүсийн нүд. Тэр болгон намайг улам бүр арчаагүй хөгжлийн бэрхшээлтэй хүн болгож хувиргадаг. Би зүгээр л тусгай хэрэгцээт хүн тэгээд л бол оо.

Залуустаа хандаж хэлэхэд бүх зүйлд талархаарай. Алхаж байгаадаа, мөрөөдөж чадаж байгаадаа, хайртай хүнийхээ гарыг атгаж байгаадаа, ээжтэйгээ дэлгүүр гараад л хүнсийг нь өргөж өгч байгаадаа, аавтайгаа хамт машин засч байгаадаа, нойр хоолгүй сурч байгаадаа бас ажиллаж байгаадаа. Бүгдэд нь таларх. Яг л над шиг. Энэ зөвхөн чиний цаг хугацаа. Маргаашаа бодож өнөөдрөө битгий үгүй хийгээрэй. Цаг хугацаа бүрт амьдраарай. Би бодох болсон. Би амьдарч байна уу? эсвэл зүгээр л оршиж байна уу? та ч бас өөрөөсөө нэг асуугаарай.

У.УРАНБИЛЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *