Туркийн Измир мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 98-нд хүрлээ гэж Туркийн онцгой байдлын газар мэдээлжээ. Байгалийн гамшгийн улмаас бэртсэн 994 хүний 847 нь эмнэлгээс гарсан байна. Одоогийн байдлаар, эмч нарын 40 баг, аврагчдын 35 анги, эмнэлгийн хоёр нисдэг тэрэг болон сайн дурынхан 17 газар эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна.
Эгийн тэнгисийн усан хилийн бүсэд аравдугаар сарын 30-нд болсон 6.7 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараа нийт 67 чичирхийлэл бүртгэгджээ. Грекийн Афин, Туркийн Истамбулд чичирхийлэл мэдрэгдсэн байна. Измирээс 50 км зайд орших Сеферихисарт газар хөдлөлтийн улмаас үүссэн тэнгисийн давлагаа хотын дүүргүүдийг усанд автуулжээ. Цүнами үүсэн аюулын дохиог ажиллуулаад байгаа бөгөөд эрсдэлийн бүсийн оршин суугчдад эрэг орчим болон өндөр барилга байгууламжаас хол аюулгүй зайд байхыг зөвлөжээ.
Гамшгийн улмаас Измирт 20 орчим байшин нурсан бөгөөд барилгын ажлын чанарт хариуцлагатай есөн хүнийг саатуулаад байна.
Европын холбоо, НАТО тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа бол Израилийн Батлан хамгаалахын сайд Бени Ганц Туркт шуурхай тусламж үзүүлэхэд бэлдэх үүргийг армидаа өгөөд байна.