Өмнөговь аймагт урьд шөнө хоёр ачааны машин мөргөлдөж, 49 настай нэг хүн амиа алджээ.
Тодруулбал, Баян-Овоо сумын Жаргалант багийн “Чойгийн тохой” гэдэг газар 2 ачааны автомашин мөргөлдөж 1 хүн нас барсан тухай дуудлагыг урьд шөнө буюу арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн 01:35 цагт тус аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.
Онцгой байдлын газрын алба хаагчид, Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид 55 км зам туулан 03:00 цагт очиход Монгол Улсын хилийн “Гашуун сухайт” боомтоос “Таван толгой” уурхайн чиглэлд зорчиж явсан “Энержи ресурс” ХХК-ийн “Норд бенз” загварын ачааны автомашинтай, “Норд бенз” загварын ачааны автомашин мөргөлдөж жолооч Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан амиа алджээ.