Categories
мэдээ цаг-үе

Ц.Магалжав: Допингийн эсрэг мөрдөж байгаа дэлхийн жишгийн дагуу 2.4 жилээр бөхчүүдийн эрхийг хасах ёстой

МҮБХ-ны тэргүүний үүргийг орлон гүйцэтгэгч Ц.Магалжавтай ярилцлаа.


-Саяхан бөхийн салбар хорооны гаргасан шийдвэр сүүлийн өдрүүдэд нэлээн асуудал болж байна. Өөрөөр хэлбэл, Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан нарын шийтгэлийн талаар тайлбар өгөхгүй юү?

-Энэ асуудлыг Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, мөн өмнө жилийн улсын аварга Э.Оюунболд гэдэг хувь хүний талаас нь авч үзэж болохгүй юм. Салбар комиссын долоон гишүүн олонхын саналаар дээрх хоёр бөхөд 11 сарын хугацаа буюу 2021 оны долдугаар сарын 1 хүртэлх хугацаагаар барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргасан. Үүнийгээ одоо мөрдөж байгаа хуулийн дагуу мөн Ардын хувьсгалын 100 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан авсан арга хэмжээ гэж тайлбарлаж санал хураалгасан. Энэ нь тийм биш юм. Хурлын өмнө Допингийн эсрэг байгууллагын мэргэжилтэн ирж бөхчүүдийн хэрэглэсэн хориотой эм, тариа түүний найрлага мөн хариуцлагын талаар маш тодорхойгоор тайлбарлахдаа “Дээрх хориотой бодисууд орсон эм тариаг хэрэглэвэл Олон улсын допингийн эсрэг байгууллага, тамирчныг хоёр ба дөрвөн жил, давтан бол бүх насаар нь уралдаан тэмцээнд орохыг хориглосон журам 2018 оноос мөрдөгдөж эхэлсэн. Үүнийг Допингийн эсрэг конвенцид нэгдсэн гишүүн орон бүр дагаж мөрдөнө” гэж хэлсэн. Хорооны гишүүд одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэлээ гэх тайлбарыг гаргасан. Тэд хууль мэдэх хүмүүс л бол үүн шиг мэдэн будилж андуурсан зүйл хиймээргүй юм. Өөрөөр хэлбэл, баяр наадмын хуулийн 14 дүгээр зүйлд Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага гэсэн заалтын 14.1.3-т баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах хэмээн цагаан дээр хараар бичсэн байгаа. Энэ нь энгийн үгээр хэлбэл наадам жилд нэг удаа болно, тэгэхээр нэг эсвэл хоёр жил гэсэн хариуцлагын тогтолцоог хэлж байгааг хэн ч ойлгоно. Үүнийг санаатайгаар гуйвуулж, хуульд заасны дагуу л шийтгэл оноолоо гээд байгаа юм.

-Тэгэхээр 11 сар шийтгэсэн нь шийтгэл мөн үү. Энэ хугацаанд наадам болох уу?

-Би эдгээр бөхчүүдийн мууг үзэх гээд байгаа зүйл огтоос биш юм. Монгол бөхөд допингид хариуцлага тооцдоггүй, толгойг нь илсэн жишиг өмнө нь байсан, дахиад үүнийг сэргээж байгаад харамсаж байна. Сүүлийн хоёр жилд өмнө нь байсан бөхийн салбар хороо допингийн асуудлыг овоо цэгцлэх маягтай байсан бол энэ удаагийн салбар хорооны нөхдүүд зүгээр л “алж” байгаа юм. Ардын хувьсгалын 100 жилийн наадмын дараа ийм сул байхаар олон бөх допингийн асуудалд орно.

-Үүнд ямар хариуцлага ногдуулах вэ. Зургаан сар, эсвэл нэг сар болгох уу?

-Дэлхий нийт допингийн эсрэг тэмцэж, шударга өрсөлдөөнийг эрхэмлэж байна. Энгийн бодгаль бие махбодиор цэвэр өрсөлдөх гэсэн уриаг гаргаж байгаа. Үүний нөгөө талд шинжлэх ухаан хөгжиж зохиомлоор хүч оруулах, ажиллах чадварыг нэмэгдүүлэх тариа бэлдмэлүүд гарч байна. Тэдгээр бодисыг хэрэглэсний дараа мэдээж нуун далдлах үйл ажиллагааг өндөр түвшинд явуулж байгаа нь ойлгомжтой. Эдгээр бөхчүүд, дүү нар ийм зүйлд орооцолдсонд маш харамсалтай байна. Би бүгдийг нь 12-17 настай хүүхэд байх үеэс нь мэднэ. Бусад бөхчүүдэд сургамж болох, монгол бөхийг допингтой хутгаж улам даамжруулах, үүнээс улбаалж наадмаас бөхийг хасах, үндэсний бөх мөхөх зэрэг зүйлийн эхлэл болгохгүйн тулд хатуу хариуцлага тооц гээд байгаа юм. Хэт нутгархаг үзлээр хэсэг хүмүүс нийлж олон нийтийн сүлжээгээр намайг адалж л байна лээ. Тэгэх тусам МҮБХ-г тэргүүлж байгаагийн хувьд монгол бөхөө цэвэр ариун байлгахын төлөө тууштай тэмцэх болно. Сайн бөхчүүд, үзэгч олон тэднийг хүндэлдэг хайрладаг, нутаг усныхан нь өмөөрнө. Гэхдээ энэ нь хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Ардын хувьсгалын түүхт ой болох гэж байгаа тул 11 сараар эрхийг нь хасъя гэж бөхийн салбар хорооны зарим гишүүд хэлж, санал хураасан нь цаашид монгол бөхөд учруулах их хор хөнөөлийг бий болгосон үйлдэл боллоо. Допингийн эсрэг мөрдөж байгаа дэлхий нийтийн журам 2,4 жил гэдгээ дагаад хариуцлага тооцох хэрэгтэй байсан юм. Харин Ардын хувьсгалын 100 жилд нэг тохиох ой юм гээд наадмын өмнө ёс зүйтэй байвал эдгээр бөхчүүдэд өршөөл үзүүлээд барилдуулахад болох юмгүй л байсан. Үүний дараа 101, 102 жил болоход дүрэм журмын дагуу хатуу мөрдөнө. Дараагийн өршөөл тун ч холдсон гэдгийг бөхчүүд ойлгоно. Ийм учраас монгол үндэсний бөхийг мөхөөх цаашдын будлианы эхлэлийг тавьж байгаа Хууль зүйн яам дээр байгуулагдсан энэ бөхийн салбар хороог даруй Наадмын төв комиссоос татан буулгаж, жалга довны үзэлгүй, допингийн хор хөнөөл, муу үр дагаврыг ойлгох хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй. “Ер нь би ч бөх мэдэхгүй л дээ” гэж ярьж суудаг нөхдүүд бөхийн салбар комисст байна гэдэг өөрөө тун утгагүй зүйл. Тийм мөртлөө бөхийн эсрэг хортой шийдвэр гаргадаг нь бүр гутамшиг.

-Э.Оюунболдын асуудал юу болж байгаа вэ?

-Өмнөх бөхийн салбар хороо Э.Оюунболдыг наадамд барилдах эрхийг хоёр жил хасах, цолыг хураах шийдвэрийг гаргасан тухай наадмын комисс хүлээн зөвшөөрч дээрх шийдвэрийг гаргасан. Үүнийг би зөв шийдвэр гэж үздэг. Буруутай зүйл хийсэн хэн ч бай аль нутаг, хэний шавь, хэний хүүхэд байсан ч хариуцлагаа хүлээж байж эрүүл тогтолцоо бий болно. Бас л Э.Оюунболд гэдэг хүндээ биш ээ, хариуцлага байх ёстой гэж хэлээд байгаа. Э.Оюунболд бөхийн хувьд тун сайн бөх, хүн чанар сайтай хүүхэд. Гэхдээ тэр буруу зүйлд холбогдсон. Тэр шүүхэд хандсан. Одоогоор шүүхийн шатанд асуудал нь яваа юм билээ. Шүүх алдаатай шийдвэр гаргавал тун маргаантай асуудал энэ гурван бөхийн асуудалтай зэрэгцээд үүсэх нь ойлгомжтой. Допингийн асуудлаараа тамирчин зөвхөн “Спортын арбитрийн шүүхэд” л хандах эрхтэй бусад ямар ч шүүх үүнийг хүлээж авахгүй байхыг конвенцид нэгдсэн бүх улс дагаж мөрдөж байгаа. Харин манай шүүх энэ асуудлыг нь хүлээн авч, шийдвэр гаргадаг. Гэтэл үүнийг хэлэлцэх Спортын арбитрийн шүүх манай улсад байгуулагдаад гурван жил болсон.

-АТГ сүүлийн 10 жилийн наадамд допингтой холбогдсон 38 бөхийн асуудлыг шалгаж байгаа гэдгийг бөхчүүд хурдан шалгаж дуусгаач гээд уриалга гаргаж байгаа гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Энэ асуудлаар МҮБХ АТГ-т 2020 он гарсаар нэг, гурав, аравдугаар сард хандсан. АТГ-аас “Хэргийг шалгаж байгаа” гэсэн хариуг мөн л аравдугаар сарын 19-нд дахин өгсөн болохоор хэрэг хаагдаагүй юм байна гэж бодож байгаа. Нэр бүхий бөхчүүд, зарим сэтгүүлч энэ хэргийн мэдээллийг олсон, удахгүй задарна гэж нийтээрээ ярьж байгааг үнэний ортой гэж бодож байна.

-Сая Цэцдийн зөвлөл буюу танай бага хурал хуралдсан гэсэн, үүнийг тодруулахгүй юу?

-МҮБХ-ны маргаан 2002 оноос эхлэлтэйг хүн бүр мэдэж байгаа, хоёр талдаа олон удаа хурал хийсэн. Маргалдагч талууд нөгөө талынхаа гаргасан шийдвэрт нь гомдол шүүхэд гаргадаг. Үүнийг нь шүүхээс хүчингүйд тооцсоор 17 жил үргэлжилсэн хууль шүүхийн асуудал байсан. 2019 оны есдүгээр сард маргалдагч хоёр талын төлөөлөл дархан аварга Б.Бат-Эрдэнэ, хөдөлмөрийн баатар Л.Чинбат нар олон жилийн маргааныг үүгээр дуусгая гээд хууль, шүүхийн байгууллагад хандсан байсан бүх гомдлуудаа татаж маргааныг эцэслэсэн. Л.Чинбат захирал өөрт байсан гэрчилгээ тамгыг Б.Бат-Эрдэнэ аваргад өгч нэгдсэн нэг холбоо бий болох эхлэлийг тавьж өгсөн юм. Тэд 2002 оноос албан ёсоор бүх бөхчүүд нь нэгдэн хуралдаж чадаагүй “Их Эе” хурлыг хийх санал санаачилга гарган ажиллах үүргийг бидэнд үлдээсэн. Иймд дархан аварга Г.Өсөхбаяр, соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар гэсэн дарга нартай хоёр талын бага хурал буюу Цэцийн хурал хамтарч 2020 оны есдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, Их хурлыг есдүгээр сарын 19-нд хийхээр тогтож ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Х.Баянмөнх аварга болох санал гаргахад нь бид дэмжин ажилласан. Нэр бүхий бөхчүүдээс есдүгээр сарын 19-ний өдөр болох “Их Эе” хуралд намрын ажил, орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан бөхчүүдийн ирц бага, зарим зүтгэлтэнгүүд оролцох боломжгүй байна, товыг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт ирснийг хүлээн авсан. Цэцдийн зөвлөлийн хурал нь “Их Эе” хурлын товыг тогтоох үүрэгтэйг бид бүгд хүлээн зөвшөөрч хийхийг эрмэлзсэн.

Нөгөө тал буюу Ү.Хүрэлбаатар даргатай Цэцдийн зөвлөл дангаар хуралдаж “Их Эе” хурлын товыг тогтоох, хуралд бэлтгэх ажлын хэсгийг ч тэд өөрсдөө байгуулъя гэсэн. Энэ саналын зарим бөхчүүд, одоо ажил хариуцаж байгаа бид ч мөн бүрэн дэмжсэн. Ингээд 2020 оны аравдугаар сарын 24-ний өдөр Ү.Хүрэлбаатар даргатай Цэцийн хурал болохыг есдүгээр сарын 25-ны өдөр зарласан. Цэцийн хурал 67 гишүүнтэй, түүний олонх буюу 35 гишүүн нь оролцож хурал хүчинтэй болно. Аравдугаар сарын 24-ний өдрийн хуралд миний бие ажил хариуцаж байгаагийн хувьд оролцсон. Энэ өдөр 29 гишүүн ирж, ирц хүрээгүй. Тэд маргааш нь буюу 25-ны өдөр нэмж зургаан гишүүнээ олж ирж хурлаа хийхээр тарсан. Харин маргааш нь 14 гишүүн ирсэн. Ингээд тус хурал болоогүй. Миний хувьд 17 жилийн турш хоёр тал болж хуваагдаад байгааг нийлүүлээд хурал хийх зорилготой бөгөөд үүний тулд нөгөө талын бүх л саналыг хүлээн авч ажилласан. Одоо “Их Эе” хурал хийх тун чухал шаардлагатай байгаа. 2002 оны дүрэм журам гээд бүх зүйл нь хоцрогдоод, хүнд байдалд ороод байгаа. Их хурлыг хийх нь хамгийн чухал зүйл. Тиймээс нөгөө талдаа бууж болох бүх нөхцөлөөр бууж өглөө. Одоо боллоо эрхэм ах нар аа гэж хэлэх л байна. Ү.Хүрэлбаатар даргатай Цэцийн хурлын ирц нь товлосон өдрөө 29 хүн, маргааш нь 14 хүн болж байна. Энэ нь өөрөө өөрсдийгөө ч хүлээн зөвшөөрөхгүй байгааг шууд илэрхийлж байна. Ер нь бидний хуралдсан 2018 оны наймдугаар “Их Эе” хурлыг аль ч шүүх хүчингүй гэсэн захирамж, тогтоол гаргаагүй. Энгийн үгээр тайлбарлавал, 2017 онд хурал болсон гэж үзэхэд түүнээс сонгогдсон Л.Чинбат захирал 2018 оныхоо 200 төлөөлөгчтэй хуралдсан “Их Эе” хурлыг хүлээн зөвшөөрч, түүнээс сонгогдсон Б.Бат-Эрдэнэ аваргад сонгуульт ажлаа шилжүүлсэн гэсэн дүгнэлт гарах нь маш ойлгомжтой зүйл. Б.Бат-Эрдэнэ аварга УИХ-ын гишүүн тул шинэ хуулиар ТББ-ыг удирдах боломжгүйгээс ажлаа өгсөн. Бид бөхчүүдээс сонгогдсон учир энэ ажлыг орхиж болохгүй, хийхээс аргагүй байна.

-Тэгэхээр “Их Эе” хурал хэзээ болох вэ?

-Бүх улсын цолтой бөхчүүд нь аймаг сумын цолтны төлөөлөл нь оролцохоор энэ ондоо багтаж хийнэ. Харин монгол бөхөд хамааралтай хэн ч бай энэ хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй гэсэн атгаг санаагаар, урьд жилүүдийнх шиг шүүхэд хандаж гацаан, үндэсний бөхөө ийм зогсонги ухралтад оруулах үйлдэл битгий хийгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Энэ хурлаар олон асуудлыг шийднэ. Дараагийн залуу үедээ зөв холбоог хүлээлгэж өгөх нь бидний үүрэг болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *