Коронавирусний цар тахлын байдалтай холбоотойгоор Бельгид хорио цээрийн хатуу дэглэмийг дахин тогтоожээ. Тус улсын Ерөнхий сайд Александр Де Кроогийн мэдэгдсэнээр Бельгид нөхцөл байдал ноцтой болж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон байна.
Тус улсад коронавирусний эсрэг тэмцэхэд анагаахын боловсролтой бүх хүнийг дайчилж эхэлжээ. Мөн өвчтөнүүдийг хөрш орнуудын эмнэлгүүдэд эмчлүүлэхээр илгээж байгаа аж.
Бельгийн Эрүүл мэндийн яамнаас “Манай улсын эрүүл мэндийн салбар хүнд байдалд ороод байна. Сүүлийн хоёр долоо хоногт 100 мянган хүн халдварлалаа. Арваннэгдүгээр сарын дунд үе гэхэд коронавирусний халдвартай 10 мянган хүн эмнэлэгт хэвтэхээр байна. Тэдний 2800 нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлэхээр байгаа. Одоогоор нааштай төлөв ажиглагдахгүй байгаа учир эмнэлгүүдийн ачааллыг багасгахын тулд хүн хоорондын бүх харилцаа холбоог багасгах ёстой” гэж мэдэгджээ.