Categories
мэдээ цаг-үе

Улсын шигшээ багийн тамирчин Б.Анхбаяр: Волейбол гэдэг багаараа нэг цөм болж байж амжилт бүтээдэг

Монгол Улсын волейболын шигшээ багийн тоглогч, спортын мастер, “Алтайн барс” клубийн тамирчин Б.Анхбаяртай ярилцлаа.


-Волейболын спорт гэдэг багийн ажиллагаа их шаарддаг. Зарим үед тамирчид ганцаарчилсан байдлаар тоглоод байгаа тал ажиглагддаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Волейбол гэдэг спорт өөрөө багаараа хамтарч нэг цөм болж байж цаашдын амжилтыг бүтээдэг. Нөгөөтэйгүүр тэсвэр тэвчээр, бусадтай харилцах харьцаа, өөрийгөө ялан дийлэх сэтгэлийн хатыг суулгаж, бүх талыг мэдлэгийг олгодог. Манай зарим баг тамирчид нэгдэж чадахгүй, ам зөрөх тохиолдол гардаг. Хоорондоо ойлголцож, бие биенийхээ дутууг нөхөж, багийн уялдаа холбоог нэгтгэснээр илүү үр бүтээлтэй байх болно.

-Таны одоогийн амжилтын гол дэгээ юу байв?

– Анх 2009 онд орон нутгийн волейболын тэмцээнд ах нартайгаа хамт орж хүрэл медаль авч байсан тэр жижигхэн амжилтаас л эхэлж байсан даа. Түүнээс хойш маш олон амжилт гаргалаа. Тухайлбал, 2013-2014 онд Идэрчүүдийн улсын аваргын алт, 2016 онд Монголын волейболын Холбооны цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Залуучуудын улсын аваргаас алтан медаль, 2017 онд Холбооны замын аваргын мөнгөн медаль, мөн “Шилдэг хаагч”, “Шилдэг довтлогч”, “Шилдэг давуулагч”, 2019 онд “Үндэсний дээд лиг”-ээс мөнгө, “Шилдэг тоглогч” гээд олон төрлөөр шалгарч өөрийн амжилтаа ахиулсаар явж байна.

-Гар нийлж тоглож байсан хамгийн шилдэг тамирчин хэн байв?

-Үндэсний шигшээ багт тоглоход мэдээж сайн тамирчидтай хамтарч тоглодог. Миний хувьд ганцхан өөрийн үүрэг амжилтаар бус багийн зохион байгуулалтаараа сайн байж чаддаг “Алтайн барс” клубийн ахлагч,ОУХМ А.Мөнхбаяртай гар нийлж ажилладаг.

-Багийнхаа тамирчидтай бэлтгэлээ хэрхэн базаадаг тухайгаа сонирхуулж яриач?

-Би 2013 оноос “Алтайн барс” клубт тоглож эхэлсэн. Шигшээ багийн тамирчид йогоор хичээллэх, усанд сэлэх, мөн гүйх гэх мэтчилэн хөдөлгөөний уян хатан чанар, хурд их шаарддаг болохоор өдөр бүр 6 цагт босч бэлтгэл хийдэг. Өөрийгөө мэдэрч төвлөрөх, хайрцагнаас гарч сэтгэхэд йог маш сайн тусалдаг шүү. Тамирчин хүн өөрийгөө нэг зүйлээр бус олон талаар хөгжүүлэх ёстой гэж боддог.

-Тамирчин хүнд өөрийнх нь хичээл зүтгэлээс гадна дасгалжуулагчийн зөвлөгөө чухал байх?

– “Алтайн барс” клубээс анх надад урилга ирж, зун нь бид бэлтгэлд гарч байлаа. 2017 оноос эхлэн “Үндэсний шигшээ” баг, “Алтайн барс” клубийн дасгалжуулагч Б.Мөнхнаран багшийн удирдлагад одоог хүртэл бэлтгэл хийж байна. Мэдээж дасгалжуулагч гэдэг хүн багт маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Тэмцээн хэзээ болохоос хамааран тамирчдынхаа сэтгэл зүй болон багийн бэлтгэл ажлыг ямар горимоор авч явахаа маш сайн төлөвлөдөг. Энэхүү спортод хөл тавьж байхад И.Галбаатар багш маань волейболын үндсэн техникүүдээс маш сайн зааж өгсөн. Одоогоор Дундговь аймгийн шигшээ багийг дасгалжуулдаг. 2013 оноос 2018 онд дасгалжуулж байсан өсвөр үеийн тамирчид нь УАШТ-ээс алт, мөнгөн медаль дараалан хүртсэн бол насанд хүрэгчид эхний гурван байранд шалгарч байв. Багшийн маань дасгалжуулсан шавь нараас арван ОУХМ цолтон, I, II, III зэргийн 200 гаруй тамирчид төрөн гарсан байдаг.

-Таны өвөө Монгол Улсын гар бөмбөгийн ууган Гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэн гуай юм билээ. Энэ спорттой холбогдоход өвөөгийн тань нөлөө байсан болов уу?

-Манай өвөө Монгол Улсын ууган гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэн гээд Дундговь аймгийн харьяат хүн байсан. Ерөнхийдөө аавын талын хүмүүс бүгд л волейболоор хичээллэдэг. Тэднээс Монголын волейболын холбооны улсын шүүгч Д.Хүрэлноров, Үндэсний шигшээ багийн тоглогч Д.Болормаа гээд гурван дасгалжуулагч гарсан. Тиймдээ ч өссөн орчин маань волейболтой холбогддог болохоор ч тэр үү өвөөгөөрөө бахархаж, удам залгасан ач хүү нь хэмээн ярих дуртай. Анх аав маань намайг 10 настай байхад волейболын дасгалжуулагч И.Галбаатар багшид шавь оруулснаар тамирчин болох гараа маань эхэлж байсан.

– Анх хэдэн оноос “Алтайн барс” клубт элсэж байсан юм бэ?

-2013 оноос “Алтайн барс” волейболын клубт бэлтгэл хийж, 2017 оноос Үндэсний шигшээ багт багтан тоглосон юм. Волейболын спортоор хичээллээд 12 жил болж байна. 2018 онд Монгол Улсын Их Сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгсөж байсан.

– Та 10 наснаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн гэлээ. Шантрах үе их гарч байв уу?

-Мэдээж байлгүй яахав. Хүн болгон тэгээс эхэлдэг шүү дээ. Нэг шат ахих гэж л шантардаг. Тэр бүгдийг ялж байж амжилттай сайн тамирчид болж чаддаг байх хэмээн боддог. Хааяа хүнд хэцүү санагдсан үедээ өөртэйгөө ярилцаж дүн шинжилгээ хийснээр шантрахгүй байх сэтгэлийн хатыг олж авдаг байсан.

-Волейболын спортоор хичээллэж эхлэхдээ зорилго тавьсан байх. Одоогоор хэдэн хувьтай биелсэн бэ?

-Мэдээж тэр үед өөртөө тавьсан зорилго маань өнөөдөр 80 хувьтай амжилттай явж байгаа. Одоо дахиад нэгэн том зорилгынхоо төлөө л явж байна даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *