Categories
мэдээ цаг-үе

М.Саранцэцэг: Ямар ч үйлчилгээний байгууллагаар орсон “Маскгүй хүнд үйлчлэхгүй” гэдэг хариуцлагыг эрчимжүүлэх хэрэгтэй

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга М.Саранцэцэгтэй ярилцлаа.


-Монголчууд дотооддоо коронавирусийн халдвар тараахгүйн тулд нэг хэсэгтээ л маск зүүж, гараа ариутгаж байсан. Гэтэл одоо олон нийтийн газар маск зүүх нь битгий хэл нэг нэгэндээ ийм шаардлага тавибал загнуулах шинжтэй боллоо?

-Томуугийн улирал нь өөрөө онцлогтой л доо. Энэ улиралд хүн болгон дулаан хувцасаа өмсөх, хоол хүнсээ тохируулж, дархлаагаа дэмжих гэх мэтчилэн олон арга хэмжээ авдаг. Энэ хугацаанд монгол хүнээс ковидын халдвар авсан нь тогтоогдоогүй болохоор хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлсөн болов уу. Өөрөөр хэлбэл, жил гаруй үргэлжилж буй вирусээс айх айдас нь багасаж маскаа зүүх, гараа ариутгаж сэргийлэх алхам нь багасч байна. Гэхдээ эрт тайвширч эрсдэл нэмэгдүүлж болохгүй.

-Одоогийн байдлаар манай оронд ковидын хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Уржигдар гэхэд Японы тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс дөрөв нь халдвар авсан гэж мэдэгдсэн байгаа. Баянзүрх дүүргийн хувьд гэрийн ажиглалтад шилжсэн нэг хүн байна. Хэдийгээр дэлхий дахинд дэгдсэн цар тахал томуугийн улиралтай давхацсан цаг үеийг угтуулаад яг юу хийх вэ гэсэн зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагууд гаргаж байна. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын тушаал, ХӨСҮТ болон ЭМЯ-наас өгсөн зөвлөмж гардаг. Эмнэлгийн байгууллагуудын хувьд хамгийн гол нь эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах сургалтуудыг тасралтгүй явуулах нь чухал. Томуугаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, хэрвээ томуу туссан хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ, халдвараас хэрхэн сэргийлэх зэрэг нөлөөллийн ажил хийх хэрэгтэй байгаа юм. Нөгөөтэйгүүр цар тахлын үед маск зүүхгүй, гараа ариутгахгүй хайнга хандах нь сүүлийн үед ажиглагдаад байгаа. Тийм учраас ард иргэд хоол хүнсээ тохируулж, дархлаагаа дэмжих, ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь өөрийн болон бусдын эрүүл мэндэд анхаарч буй чухал алхам юм.

-Томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан амбулаторийн үзлэг ямар байна вэ. Цар тахлын энэ үед томуугийн улирал эхэлж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна шүү дээ?

-Ерөөс томуугийн амбулаторийн нийт үзлэг дөрвөн хувиас дээш байвал энэ төрлийн дэгдэлт үүсэх статистик мэдээлэл байдаг. Одоогийн байдлаар амбулаторийн үзлэг улсын хэмжээнд томуу 3.6 хувьтай байгаа бол нийслэлд 2.6 хувьтай байна. Иргэдийн дунд жил гаруйн хугацаанд коронавирус тусчихвал яана гэдэг түгшүүр байсан учраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй болсон байх. Гэхдээ хөл хөдөлгөөн ихтэй үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхдээ маскаа зүүхгүй байгаа нь эргээд эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тийм учраас хэзээ ч тайвширч болохгүй, хувийн сахилга бат хариуцлага үүнд нэн чухал. Коронавирус болон томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгдөг утас 24 цагаар ажиллаж байна.

-Манай хоёр хөршийн хувьд цар тахлын халдвар өдөрт 7000-8000-аар нэмэгдээд байна гэсэн мэдээлэл ч бий. Гэтэл бид энд сэрэмж алдаад суувал эрсдэлт нөхцөл үүсэх болов уу?

-Тийм ээ. Ойролцоох хөршид ингэж гараад байна гэдэг бол тухайн улс орны, хүн амын идэж хэрэглэж байгаа хоол хүнс гэх мэтчилэн олон зүйлээс шалтгаална. Европ болон хөрш зэргэлдээх орнуудын хүн амын дунд коронавирустэй холбоотойгоор өвчлөл эндэгдэл өсөөд ирж байна. Тэгэхээр бид дотооддоо анхаарал сэрэмж алдаж болохгүй. Манай орны хувьд энэ нөхцөл байдал нь томуугийн улиралтай давхцаж байгаа учраас дархлаагаа дэмжиж, эрсдэлээс сэргийлж маскаа тогтмол зүүх хэрэгтэй байна. Хөл хөдөлгөөнтэй газруудад маскаа зүүхгүй байгаад тухайн үйлчилгээний байгууллагууд ч анхаарч иргэдэд шаардлага тавих нь зүйтэй. Ер нь дархлаанд идэж буй хоол хүнсний калорилог чанар, агаартай дасан зохицох байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Хэдийгээр бид дархлаажуулалт хоол, хүнс бүх зүйлээ зохицуулаад явж байгаа ч маск, гар халдваргүйжүүлэгч хэрэглэхгүйгээр энэхүү вирусээс бүрэн сэргийлж чадахгүй. Тиймээс хувь хүн, байгууллага болгон үүдэндээ “Маскгүй хүнд үйлчлэхгүй” гэж бичсэнээ хэрэгжүүлж идэвхжүүлэх, нийгэм даяар эрчимтэй болгох шаардлагатай байна.

-Одоогийн байдлаар“маскаа зүү” гэж шаардлага тавибал загнуулахаар байна шүү дээ?

-Мэдээж иргэдийн ухамсрын асуудал байна л даа. Үүнд, албан байгууллагууд анхаарах хэрэгтэй. Зөвхөн эмнэлгийн ажилчид амны хаалт зүүгээд байхгүй, хаана л хүн хөдөлгөөн их байна тэнд маск зүүж, гар угаах зөвлөмжийг дадал хэвшил болгомоор байна. Ингэвэл томуугийн өвчлөл, цаашлаад ковидоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайжирна. Тэгэхээр хамгийн гол нь иргэд, аж ахуйн нэгж байгууллага идэвхтэй оролцох хэрэгтэй. Хамгийн гол хүчин зүйл бол та бидний ухамсраас хамаарна.

-Тэгэхээр эрт тайвширвал эрсдэлтэй алхам болох байх?

-Тайвшрахад эрт байна. Ерөөс нийгмээрээ анхаарсны үндсэнд л цар тахлын аюулаас урьдчилан сэргийлж чадна. Яг одоо ковидоос сэргийлэх наад захын арга хэмжээ бол иргэн бүрийн үүрэг оролцоо юм шүү дээ. Маскаа хэрхэн хэрэглэх, өдөрт хэдэн удаа солих, гараа яаж халдваргүйжүүлэх вэ гэдэгт анхаараад явбал цаашдаа коронавирусээс бүрэн сэрэмжлэх болов уу. Ер нь коронавирусийн үүсгэгч гэдэг бол томуугийн вирустэй л адил. Хамгийн гол нь вирус өөрөө айхавтар мэдрэг учраас уушги, зүрх, тархийг шууд гэмтээдэг аюултай.

-Энэ жил томуугийн вакциныг нэлээд эрчимтэй хийх шиг боллоо?

-Томуугаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийгдэж байна. Сургууль, цэцэрлэгүүдийг томуугийн вакцинд идэвхтэй хамруулсан явдал бол иргэдийн сэтгэл санаанд ч нэлээд нөлөөлсөн болов уу. Өмнө нь сургууль, цэцэрлэг даяар томуугийн вакцин хийж байгаагүй, мөн хүссэн хүмүүс нь ирээд сайн дураар дархлаажуулалтад хамрагдах боломжтой болсон.Тэгвэл өмнө нь зөвхөн 0-5 нас болон жирэмсэн, 25-аас дээш насны ангилалд багтсан хүмүүст томуугийн вакцин хийдэг байсан. Би хүүхдээ томуугийн эсрэг вакцинд хамруулсан, бид вакцин хийлгэж, дархлаагаа дэмжсэн гэж бодоход айдас түгшүүр нь багассан болов уу. Гэвч цар тахлын аюултай энэ өдрүүдэд эрт санаа амарч болохгүй, сэрэмж хэзээд илүүдэхгүй.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *